"Монголын банкууд шаардлага биелүүлэхээс өөр гарцгүй"

Хуучирсан мэдээ: 2018.08.27-нд нийтлэгдсэн

"Монголын банкууд шаардлага биелүүлэхээс өөр гарцгүй"

"Монголын банкууд шаардлага биелүүлэхээс өөр гарцгүй"

Монгол Улсын ам.долларын гүйлгээний 80 хувийг дамжуулан хийж байсан Английн Standard Chartered Bank Plc, тус банкны Нью-Йорк дахь салбар, мөн China Construction Bank Corporation банкууд Монголын арилжааны зарим банкны дансыг хааснаар банкууд ам.долларын гүйлгээг богино хугацаанд шуурхай хийх боломжгүй болсны дээр шимтгэл нэмэгдэх эрсдэл үүсээд байгаа юм. Энэ талаар “Алтан бумба санхүүгийн нэгдэл”-ийн шинжээч Ч.Эрдэнэдалайгаас тодрууллаа.


-Нью-Йоркийн хоёр корреспондент банк Монголын арилжааны банкуудын ам.долларын гүйлгээний арилжааг хаасан талаарх мэдээлэл харагдах болсон. Хэдийгээр Монголын банкуудын холбооны Гүйцэтгэх захирал хэвлэл мэдээллийн хэрэсглээр байр сууриа илэрхийлсэн боловч арилжааны банкуудаас авч байгаа мэдээллээр бол байдал арай өөр байгаа мэт. Таны хувьд энэ талаар хамгийн өргөн мэдээлэлтэйгээр сошиалд мэдээ нийтэлж байгаа нь анзаарагдлаа. Ямар эх сурвалжаас мэдээгээ авч байна, хамгийн сүүлийн үеийн мэдээллээсээ танилцуулна уу?

-Би энэ чиглэлээр байнга ажиглаж байгаа, судалгаа хийдэг  шинжээч.  Төв банк болон Монголын банкуудын холбоо энэ талаар албан ёсоор ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Гэхдээ би банкируудтай уулздаг, мөн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ, Засгийн газрын зохих шатны хүмүүстэй мэдээлэл солилцож байсан. Өмнө нь Европын холбооны “саарал” жагсаалтад орж, төдөлгүй шаардлагыг хангаж жагсаалтаас гарсан шүү дээ. Асуудлын гол нь Монгол Улс тухайн байгууллагуудын өмнө хүлээсэн үүргийн дагуу холбогдох хуулиа баталсан. Боломжийн хууль баталсан гэж үзэж болох ч хууль батлахaaс илүү банк, санхүүгийн системийн хэмжээнд хэрэгжүүлэх нь илүү чухал болоод байна. Энэ бол нүсэр том ажил гэж би ойлгодог. Монголбанкнаас өгч буй мэдээллээр бол FATF-аас өгсөн зөвлөмжийг биелүүлж байгаа, албан ёсоор “саарал” жагсаалтад орох эсэхийг ирэх oны долдугаар сард шийдэх товтой байгаа юм билээ.

-Энэ хугацаанд 40 зөвлөмжийг нь биелүүлж амжих болов уу?

-Ирэх оны долдугаар сар хүртэл бидэнд боломж байна гэж үзэж болно. Олон улсын томоохон банкуудын хувьд Монголын банкууд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон холбогдох бусад хуульдаа нийцүүлэх буюу “комплианс” болох хүртэл нэлээд зардал гаргана, гэтэл дэлхийн санхүүгийн зах зээлийн хэмжээнд Монголын ам.долларын гүйлгээний хэмжээ нь бага гэж үзэж байгаа байх. БНХАУ-ын Нью-Йорк дахь салбар China Construction, Standard Chartered Bank гэхэд л Монголын  “жижиг” бизнесийн төлөө өндөр зардалтай шалгалт, комплианс хийхийг хүсэхгүй байгаа бололтой.

-Үүнээс үүдэх эрсдлийн тухайд. Мөн хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

-Одоогоор гүйлгээ хийгдэж байгаа ч бусад банкаар дамжиж хийгдэж байгаа байх. Шууд Нью-Йоркийн банкуудын ам.долларын гүйлгээний арилжаанд оролцож чадахгүй байгаа гэж ойлгосон. Энэ нь хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй. Монгол Улсын зах зээл нь мөнгө угаах эрсдэл өндөртэйд тооцогддог. 2014 онд АНУ-ын Citibank болон Хонгконгийн HSBC, 2017 онд Германы Deutche Bank манай арилжааны банкуудын дансыг хааж, Монголын зах зээлд төлбөр тооцооны үйл ажиллагаа явуулахаа зогсоосон байдаг. Үүнтэй холбоотойгоор хоёр том банкнаас бусад банк ам.долларын гүйлгээ хийхээ болиод байсан билээ Монгол Улсын ам.долларын гүйлгээний 80 хувийг дамжуулан хийж байсан Английн Standard Chartered Bank Plc, тус банкны Нью-Йорк дахь салбар, мөн China Construction Bank Corporation ийнхүү Монголын арилжааны банкуудын дансыг хааснаар манай улс ам.долларын гүйлгээг богино хугацаанд шуурхай хийх боломжгүй болсны дээр шимтгэл нэмэгдэх эрсдэл үүсээд байгаа юм. Гэхдээ хариуцлага хүлээхийн тухайд УИХ, Засгийн газар, Төв банк гэлтгүй иргэд, харилцагчид бүгдээрээ дор бүрнээ хариуцлагатай байх, батлагдсан хуулийг ягштал биелүүлэх, хатуу чанд харилцаанд үйл ажиллагаагаа явуулах ёстой. Хэн нэгэн хариуцлага хүлээх бус хариуцлагагүй цалгардаж явсны үр дүнг өнөөдөр бид харж байна. Яаралтай залруулах ёстой гэж бодож байна.

У.ОЙДОВ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж