УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын 42 дугаар тойрогт аравдугаар сарын 7-ны өдөр нөхөн сонгууль явуулахаар УИХ-аас товлосон юм. Энэ сонгуульд улс төрийн 13 нам өрсөлдөнө гэдгээ мэдэгдэж, Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ ч бэлтгэл ажлаа базааж эхэлсэн билээ. Гэвч нэр бүхий гурван Үндсэн хуулийн цэцэд /ҮХЦ/ маргаан үүсгэж, тэрхүү маргааныг Цэц дунд суудлын хурлаар авч хэлэлцсэн. Ингээд нөхөн сонгуультай холбоотой УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн билээ.
Цэцийн гаргасан шийдвэрээс улбаалж, Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын нөхөн сонгуулийн бэлтгэл ажил түр хугацаанд түдгэлзээд байгааг СЕХ-ноос мэдээлж байна.
Одоо бол цэцийн дунд суудлын хуралдаанаас гарсан шийдвэрийг УИХ-аар хэлэлцэх ёстой. Хэрэв УИХ хүлээж авахгүй гэж шийдвэл цэц их суудлын хуралдаанаар хэлэлцэнэ. Гэвч чуулган завсарлах хугацаанд ийм асуудал үүссэн тул нэлээд хугацаа орж байж энэ асуудал эцэслэн шийдэгдэх бололтой. Учир нь УИХ-ын ээлжит чуулган ирэх аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ. Тиймээс ээлжит бус чуулган зарлаад, дээрх асуудлыг хэлэлцэх боломж байгаа ч хэд хэдэн гишүүн ээлжит бус чуулган зарлахгүй гэдэг байр суурийг илэрхийлэв.
Т.НОМИН
Холбоотой мэдээ