Авто спортын формула-1 уралдааны 2018 оны улирлын II хагас Бельгийн Спа дахь гранпригээр эхэллээ. Байрлал тогтоох уралдаанд “уламжлал” ёсоор Мерседес болон Феррари багуудын дунд гол өрсөлдөөн өрнөж байсан бол Форс-Индиа баг томчуудтай өрсөлдөөн үзүүлж эхний 5-д багтсан. Ингээд ням гаригт үндсэн уралдаан явагдаж Феррари багийн Герман нисгэгч С.Феттел 7 км бүхий урттай 44 тойрог 308 км замыг 1 цаг 23 мин 34.476 сек-н амжилтаар туулж ялалт байгууллаа. Түүний араас гол өрсөлдөгч Л.Хэмилтон ++1.061 сек, Ред Булл багийн М.Верстаппен +31.372 сек-н алдагдалтайгаар барианд оржээ.
С.Феттел ийнхүү феррари багт ирснээсээ хойш анх удаагаа Бельгийн Спа авто тойруулгад ялалт байгуулж байгаа нь энэ ажээ. Өмнө нь Ред Булл багийн өмнөөс 2013, 2011 онуудад Спад ялалт байгуулж байсан.
Бельгийн гранпри гараанаасаа гараад л хэд хэдэн нисгэгчийг хамарсан томоохон осол гарч аваарын машин зам дээр гарч ирсэн. Рено багийн Герман нисгэгч Н.Хюлкенберг гараанаас хөдлөөд удалгүй урдаа явсан Ф.Алонсогийн машиныг мөргөсөн. Үүнээс бол Ф.Алонсо урдаа явсан Заубер багийн Ч.Леклеркийн машиныг мөргөж 3 нисгэгч уралдааны замыг орхисон. Энэ осол 2018 оны шинэ улиралд нэвтрүүлсэн жолоочийн аюулгүй байдлыг хангасан HALO төхөөрөмжийн ач холбогдол ямар өндөр байгааг харуулаад явсан гэхэд болно. Хэрвээ жолоочийн урд дээрх нэмэлт HALO төхөөрөмж байгаагүй бол Ф.Алонсогийн машин Ч.Леклеркийн толгой дээр унах аюултай байсан юм. Ямартаа ч шинэ төхөөрөмж хэлж ирдэггүй аюул ослоос жолоочийг хамгаалж чадсан.
СПАГИЙН ГРАНПРИГИЙН ОНООНЫ БҮСЭД БАГТСАН НИСГЭГЧИД:
- С.Феттел “Феррари” – 1 цаг 23 мин 34.476 сек
- Л.Хэмилтон “Мерседес” +11.061 сек
- М.Верстаппен “Ред Булл” +31.372 сек
- В.Боттас “Мерседес” +1 мин 08.605 сек
- С.Перез “Форс-Индиа” +1 мин 11.023 сек
- Э.Окон “Форс-Индиа” +1 мин 19.520 сек
- Р.Грожян “Хаас” +1 мин 25.953 сек
- К.Магнуссен “Хаас” +1 мин 27.639 сек
- П.Гасли “Торо-Россо” +1 мин 45.892 сек
- М.Эрикссон “Заубер” +1 тойрог
Бельгийн Спад С.Феттел ялалт байгуулснаар 25 оноо авсан. Ингэснээр тэргүүлэгч Л.Хэмилтоноос 17 онооны ард дэд байранд бичигдэж байна. Дэлхийн аваргыг нийлбэр дүнгээр 3-р байранд “Феррари” багийн К.Райкконен 146 оноотой бичигдэж байгаа бол Л.Хэмилтон 231 оноотой тэргүүлж С.Феттел 214 оноотой удаалж байна. Дараагийн гараа ирэх амралтын өдрүүдэд Италийн Монзагийн гараагаар үргэлжилнэ.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ