Францын оргилуун дарсны үйлдвэрлэгчид энэ жил арвин ургац хураан авах гэнэ. Учир нь нар хуртай цаг агаарын эерэг нөхцөл байдал усан үзмийн ургацад нөлөөлсөн хэмээн тариалагчид үзэж байгаа аж.
“Цаг агаарын таагүй нөхцөлөөс болж өнгөрсөн жилүүдэд ургацаа алдаж байсан. Харин энэ жил усан үзмийн ургац маш сайн байгаад бид баяртай байна” хэмээн Францын оргилуун дарсны усан үзэм тариалагчдын холбооны тэргүүн Максиме Тоубарт ярьжээ. Оргилууны дарсны усан үзмийн холбоо энэ жил 15 мянга гаруй ажилчдыг усан үзэм хураахаар элсүүлсэн бөгөөд нэг га газраас тус бүр 13-аас 16 тонн усан үзэм хурааж авахаар урьдчилан тооцоолжээ.
Франц улсад жилд 310 сая оргилуун дарс үйлдвэрлэдэг бөгөөд мэргэжилтнүүд энэ жил 56 хувиар өсөх магадлалтайг таамаглаж байгаа аж.
“Оргилуун дарсны усан үзэм тариалалтын бүсэд чанар хэмжээний хувьд ийм үзүүлэлт урьд нь тохиож байгаагүй. Гурван жилийн дараа хамгийн гайхалтай гэгдэх оргилуун дарснууд худалдаанд гарах болно” гэж Оргилуун дарсны холбооны ерөнхийлөгч Жеан-Мари Бариллере сэтгүүлчдэд мэдээлжээ.
Усан үзэм тариалагчид арвин ургац авч байгаадаа баяртай байгаа боловч зарим судлаачид ургац хураан авах улиралд өөрчлөлт орж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж. 30 жилийн өмнө аравдугаар сараас ургац хураан авдаг байсан бол одоогийн байдлаар усан үзмийн ургац хураалтыг есдүгээр эхлүүлдэг болжээ.
“Энэ бол дэлхийн дулааралтай холбоотой. Бид одоогоос эхлэн наймдугаар сараас ургац хураан авахад бэлтгэх хэрэгтэй” гэж 1936 оноос хойш үйл ажиллагаагаа тогтмол явуулж буй усан үзмийн тариаллын талбайн эзэн Эрик Родез ярьжээ.
ЭХ СУРВАЛЖ: INDEPENDENT
Г. БАТМАНДАХ
Холбоотой мэдээ