БАГШ НАР ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙГ ЭХЛҮҮЛЭХГҮЙ АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАНА ГЭВ
Өнөөдрөөс жил орчмын өмнө эрх баригчид төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг хавтгайд нь тараах шийдвэр гаргаж байлаа. Нийт 192 мянган төрийн албан хаагч бий тул 55 тэрбум төгрөг шаардагдсан. Сангийн яаманд ч энэ хэмжээний интервенц хийх мөнгө байж, төсвийн тодотгол хийлгүйгээр шинэ жилийн босгон дээр 300 мянган төгрөгөөр “бэлэг” барьсан юм. Яг үнэндээ багш, эмч нарын цалингаа нэмүүлэх шаардлага, ажил хаялтаас айсандаа л төр нэг удаадаа “гал унтраасан” нь тэр. Харин ОУВС-тай хэлэлцээр байгуулснаас үүдэн цалин нэмэх боломжгүй байсан тул “2018 ондоо ч мөн 300 мянган төгрөгийн нөхөн олговрыг дахин өгнө, мөнгийг нь сангийн яам олно” хэмээн амласан юм. Тухайн үед хавтгайрсан халамж тараахдаа “нөхөн олговор юм аа” хэмээн ОУВС-гийнхныг хуурч байсан манай эрх баригчид энэ удаа багш, эмч нарт өгсөн амлалтаасаа буцахаар шийджээ.
Тэгэхдээ энэ онд дахин өгөхөөр амласан нөхөн олговроо нийт албан хаагчдад олгохдоо нэрийг нь өөрчилж байгаа юм. Өөрөөр хэлбэл, цалин нэмүүлэх шаардлагыг нь биелүүлэхдээ амласан нөхөн олговроо өгөхгүй байхаар шийджээ. Өнгөрсөн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр болсныг салбарын сайдууд зарласан. Харин өчигдөр ХНХ-ын сайд С.Чинзориг цалинг аль салбарт, хэдэн хувиар нэмэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Араас нь МҮЭ-ийн төв байранд боловсрол, эрүүл мэнд, ажилтан албан хаагчид, тээвэр холбооны гээд нийт дөрвөн салбарын үйлдвэрчний байгууллага хамтран мэдээлэл хийж, төр дангаараа шийдсэн цалингийн нэмэгдлийг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Улмаар боловсролын салбар есдүгээр сард хичээлийн шинэ жилийг эхлүүлэхгүйгээр ажил хаях бол, эмч нар ирэх долоо хоногт хугацаагаа товлоно гэдгийг санууллаа. Учир нь эрх баригчид 2018 онд дахин олгох ёстой нөхөн олговрын 300 мянган төгрөгөө төрийн нийт ажилтан, албан хаагчдад салбараар нь хувьчилж, сараар нь хувааж өгөөд “Цалин нэмсэн” хэмээн мэлзэхээр шийджээ. Энэ нь боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн байгууллагын ээлж дараалан зохион байгуулсан ажил хаялт, жагсаал цуглааныг түр зогсоон хэлэлцээрийн ширээний ард суухдаа тохиролцсоноосоо буцсан хэрэг гэж тэд хэлэв. Эндээс төр, ажил олгогчид, үйлдвэрчний эвлэл гэсэн гурван тал цалингийн нэмэгдлээр зөвшилцөлд хүрээгүй нь батлагдаж байгаа юм. Харин ХНХ-ын сайд С.Чинзориг “Төр үйлдвэрчний эвлэлийн санал хүсэлтэд үргэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн. Гурван талын хэлэлцээр дотор энэ онд инфляцын түвшинтэй уялдуулан цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр ОУВС-тай идэвхтэй хамтран ажиллах үүргийг авсан.
С.ЧИНЗОРИГ: ТӨР ӨӨРТ БАЙГАА БОЛОМЖИЙНХОО ХЭРЭЭР ШИЙДВЭР ГАРГАСАН
Харамсалтай нь МҮЭ байгуулагдсан хэлэлцээрээс давсан шаардлага тавьж, цалин хөлсийг 50 хүртэл хувиар нэмэхийг шаардаж байна. Тиймээс өөрт байгаа боломжийнхоо хэрээр шийдвэр гаргасан” хэмээн хариулав. Мөн төрийн албан хаагчдыг ажил хаялт зохион байгуулахгүй байх гэдэгт найдаж буйгаа ч уламжиллаа. Тус яамнаас өгсөн мэдээллээр ирэх сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг нэмэх арга хэмжээнд нийт 173 мянган хүн хамрагдах аж. Тэгэхдээ цалинд 51.9 тэрбум, нийгмийн даатгалын шимтгэлд 6.2 тэрбум гээд нийт 58.1 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ. Энэ бол 2018 онд төрийн албан хаагчдад нэг удаа олгох 300 мянган төгрөгийн нөхөн олговрын нийт мөнгөн дүнтэй мөргөлдөж буй тоо. Сангийн яам нөхөн олговрынхоо мөнгийг цалингийн нэмэгдэл болгон өгөх нь үнэн болж таарлаа. Өөрөөр хэлбэл, бөөнд нь өгөх гэж байсан мөнгөө бага багаар хуваан олгох болсноос бус, шинээр олгох бодит нэмэгдэл төрийн албан хаагчдад энэ жилдээ очихгүй нь. ёстой л нөгөө нүглийн нүдийг гурилаар хуурч орхижээ.
- Хавтгайрсан халамж тараахдаа “нөхөн олговор юм аа” хэмээн ОУВС гийнхныг хуурч байсан манай төр энэ удаа багш, эмч нарт өгсөн амлалтаасаа буцахаар шийджээ.
- 2018 онд дахин олгох ёстой нөхөн олговрын 300 мянган төгрөгөө төрийн нийт ажилтан, албан хаагчдад салбараар нь хувьчилж, сараар нь хуваан өгөөд “Цалин нэмсэн” хэмээн мэлзэхээр болов.
- Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг төрийн алба хаагчдын цалингийн нэмэгдэл гүйцэхгүй.
Монгол улсын экспортолдог эрдэс бүтээгдэхүүний үнэ 2016 оны сүүлчээс дэлхийн зах зээлд өсөж эхэлсэн тул уруудаж явсан эдийн засаг өндийгөөд буй. Ялангуяа, нүүрсний үнэ. Төсвийн орлого энэ оны эхний долоон сарын байдлаар 550 тэрбум төгрөгөөр давж биелснийг статистикаас харж болно. Тэгэхээр төрд бий юу гэвэл бий. Дөрвөн жилийн дараа төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэр гаргаж буй Монголын төр энэ хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахуун зэрэг иргэдийн хэтэвчин дэх мөнгийг шууд тэмтэрдэг зүйлсийн үнийг бариагүй. Мэдээж чөлөөт зах зээлд үнийг барина гэдэг утгагүй. Харин инфляцтай уялдуулж цалин, тэтгэврийг нэмэх нь зүй ёсных юм. Харамсалтай нь үнийн өсөлтийг төрийн албан хаагчдын цалин гүйцэхгүй байна.
Боловсрол шинжлэх ухааны ҮЭХ-ны дарга Ж.Батзориг “Монголын боловсрол, шинжлэх ухааны салбарынхан цалин нэмүүлэх асуудалд маш хүлээцтэй хандсан. Бидний тэмцлийн хэлбэр эрчимтэй хэрэгжиж байх үед эрх баригчид олон санал тавьсан. Энэ саналуудыг бид хүлээн авч, тэмцлээ хойшлуулах шийдвэрт хүрсэн. Гэтэл бидний энэ буултыг хүлээж авалгүй, төр ийм шийдвэр гаргасанд бухимдалтай байна. Тиймээс бид улс даяар есдүгээр сарын 3-нд ажил хаялт зарлахаа мэдэгдэж байна. Багш нарын ажлын ачаалал их байгааг бүгд мэднэ. Гэтэл зарим нь ачаалал ихтэй, нөгөө хэсэг нь бага байдаг мэт дунд нь яс хаясан, хагаралдуулсан шийдвэр гаргаад байна. Бидний тэмцлийг саармагжуулахаар төрөөс олон ажиллагаан явуулах байх. Бид зөвхөн ажлаа хаяад сургуульдаа суух биш, талбай дээр суулт хийж, цаашлаад эсэргүүцлийн хүнд аргыг өрнүүлнэ” гэв. Нэгэнт гурван талт хэлэлцээр амжилтгүй болсон тул аргаа барсан багш нар ажлаа хаяж таарах байх. Аз болоход хүний амь насны төлөө тангараг өргөсөн гэдэг утгаараа эмч нар ажлаа хаячихгүйхэн хэд хонох биз. Ийнхүү бараг бүтэн жил үргэлжилсэн гурван талт хэлэлцээрээ төр засаг амжилтгүй төгсгөж байна.