Урсаж буй мөнгөнөөс хүртэх сөхөө бидэнд алга | News.MN

Урсаж буй мөнгөнөөс хүртэх сөхөө бидэнд алга

Хуучирсан мэдээ: 2018.08.27-нд нийтлэгдсэн

Урсаж буй мөнгөнөөс хүртэх сөхөө бидэнд алга

Урсаж буй мөнгөнөөс хүртэх сөхөө бидэнд алга

МОНГОЛЧУУД ЕХ-НД ТЭГ ХУВИЙН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭЭД 15 ЖИЛ БОЛЛОО​

Монгол улс эдийн засгийн чадал тэнхээгээрээ эхний тавд бичигддэг хоёр ч зах зээлд тарифын тэг хувийн эрх эдэлдэг. Дэлхийн тэргүүлэх эдийн засаг болох АНУ-тай ах дүүгийн найрсаг харилцаатай бол хамгийн том экспортлогч БНХАУ-тай хаяа залган оршдог. Бидэн шиг ийм газар зүйн хосгүй байрлалд оршдог худалдааг хөгжүүлэх асар өргөн боломжтой улс хэр олон бол. Уг нь бидэнд “заяасан” энэ бүх боломжийн дэргэд хадны завсар хавчуулагдсан, далайд гарцгүй, дэд бүтцийн хөгжил сул зэрэг шалтгаан үнэндээ өчүүхэн төдий шалтаг.

ЕВРОПЫН ХОЛБОО: ТЭГТЭЙ ТЭНЦСЭН ТАТВАР

Монголчууд Европын холбоонд тэг хувийн татварын хөнгөлөлт эдлээд 15 жил боллоо. Гэвч үүнийгээ бүрэн эдлэлгүй өдийг хүрснээс ийм эрх эдэлдэг гэдгээ ч бараг мартчихаад байна. Монгол улс, Европын холбоотой 2003 онд худалдаа, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, 7200 төрлийн бүтээгдэхүүн татваргүй нийлүүлэх эрхтэй болжээ. Ингэснээр тус холбооны 28 улс, хагас тэрбум хүн ам Монголын өмнө үүдээ цэлийтэл нээсэн юм. Гэвч Монголоос Европыг чиглэх худалдааны урсгал төдий л өссөнгүй. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр өнгөрсөн онд хоёр талын худалдааны эргэлт нэг тэрбум ам.доллар давжээ. Монгол улс тус холбоо руу 727 сая ам.долларын экспорт хийсэн байна. Манай экспортын бараг 10 хувьтай тэнцэж буй энэ дүн боломжийн сонсогдож магадгүй. Гэхдээ энэ дүнгийн 80 гаруй хувийг ердөө ганцхан улсыг чиглэсэн, нэг төрлийн түүхий эд бүрдүүлсэн байгаа юм. Их Британи рүү хийсэн алтны экспортын 595 сая ам.долларыг хасаж тооцвол, бид Европын холбооны 27 улсад ердөө 132 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. 7200 төрлийн бүтээгдэхүүн татваргүй нийлүүлэх эрхтэй Монгол улсын хувьд энэ нь үнэндээ чамламаар бас гашуун тоо биш гэж үү. Бас татварын эрх эдлэх бүтээгдэхүүний төрөл нь олон мянгаар тоологдож байхад бидний нийлүүлж буй нь алт, ноолуур, ноос зэрэг гарын 10 хуруунд багтах хэдхэн бүтээгдэхүүн.

УЛАМ УРУУДАХ ТАТВАР

Бид Европын холбооноос гадна дэлхийн худалдааны том тоглогч Япон улсад тарифын хөнгөлөлт эдэлдэг. Төв Азийн өндөрлөгт оршдог Монгол улс Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Ингэснээр манай 3429 төрлийн бүтээгдэхүүнийг гаалийн албан татвараас шууд чөлөөлж, нийт 5700 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг шууд болон үе шаттай чөлөөлөхөөр тохирсон билээ. Ирэх 10 жилийн хугацаанд хоёр улсын худалдааны 96 хувь нь (үнийн дүнгээр) гаалийн албан татвараас чөлөөлөгдөх юм. Ингэж арлын орон бидэнд үүдээ дэлгэсэн. Гэвч боломжийг бид бүрэн дүүрэн ашиглаж байгаа билүү. Монгол улс бэлэн бус байгаа төдийгүй, Японы дүрэм стандартад нийцэхгүй буйгаас амандаа орсон шар тосыг залгиж чадахгүй хэвээр.

ХУДАЛДААНЫ ДАЙН + ЭНЭТХЭГ

Гэтэл долоон тэрбум ам.доллараас хэтэрдэггүй экспортоо өсгөх боломж байсаар байна. Хэдийгээр улс орнууд худалдааны дайнаас хэн ч хожихгүй хэмээн нухацтай мэдэгдэж буй ч үнэндээ уг маргааныг хүлээж байсан мэт эхнээсээ хөдөлж байна. Дэлхийн хамгийн чинээлэг улс АНУ, хамгийн том “худалдаачин” БНХАУ бие биедээ харилцан хаалт тавьж байгаа. Ингэснээр хоёр улсын худалдааны урсгал саарч таарна. Энэ хэрээр АНУ, БНХАУ-д ч тэр нийлүүлэлтийн хоосон орон зай үүсэх нь тодорхой. Тэгвэл Хятад дахь Америкийн, Америк дахь Хятадын худалдааны орон зайг нөхөхийн тулд улс орнууд улайрч эхлэв. Ялангуяа, энэ шилжилтийг хэдийнэ анзаарч бас анаж байсан Чили, Перу, Урагвай, Колумб, Бразил зэрэг улс энэ хоригтой уралдан худалдаагаа өсгөж байна. Чили гэхэд л АНУ-тай түүхий эдийн экспортоо өгсөхөөр хэлэлцэх зуураа хятадад дарс, гахайн мах нэмж нийлүүлэхээр тохирчихлоо. Хятадын шар буурцгийн хоёр дахь том нийлүүлэгч АНУ-ын бүтээгдэхүүн өндөр тарифтай нүүр тулсан тул Бразил энэ орон зайг нь нөхөхөөр хэдийнэ шулууджээ. Европын холбоо ч хятадтай харилцаа холбоогоо зузаатгаж эхэлснийг та дуулсан байх. Ийнхүү худалдааг өсгөх ямар л боломж байна, улс орнууд түүнийг алдалгүй ашиглаж байна. Тэгвэл бидэнд ч ялгаагүй манай мөнхийн хөрш БНХАУ болон гуравдагч хөрш АНУ-д ахиу бараа борлуулах боломж үүсчихээд байна.

ХОЁР Ч ЗАХ ЗЭЭЛД ТАРИФЫН ТЭГ ХУВИЙН ЭРХ ЭДЭЛДЭГ

Бас бидний оюун санааны түнш Энэтхэгийн хүн ам, хүч чадал эрс өндийж, дэлхийн эдийн засгийн шинэ хөдөлгүүр болоод байна. Сүүлийн үед хөгжиж буй орнуудаас эхлээд их гүрнүүд хүртэл 1.3 тэрбум хүн амтай Энэтхэг рүү хошуурсаар. Канад, Их Британийн албаныхан тус улсад ээлжлэн айлчилж, худалдаа, хөрөнгө оруулалтаа тэлэхээр хэлэлцээр өрнүүлж буй. Сүүлийн хэдэн жил Хятадыг түшсэн ч, худалдааны дайны улмаас багагүй хохирол амсаж буй Австрали эдийн засгийн хамтын ажиллагааны стратегийн шинэ түншээрээ Энэтхэгийг нэрлэж байна. Тус улсын Ерөнхий сайд Малкольм Тернбулл Энэтхэгтэй түншлэх шинэ стратегиа хүртэл боловсруулжээ. Ийнхүү улс орнууд боломжийг алдалгүй ашиглахаар цаг хугацаатай уралдан ажилдаа оржээ. Уг нь АНУ, БНХАУ, Энэтхэгтэй худалдаа эдийн засгийн харилцаагаа улам бэхжүүлэх боломж Монгол улсад бүрэн бий. Гэвч дэлхийн улс төр, геополитикийн харилцааны “бэлэглэж” буй энэ боломжийг бид ашиглах нь бүү хэл, анзаарах сөхөө ч алга. Ахиухан түүхий нүүрс зарсандаа л баярлаж сууна. Чөлөөт зах зээлээр замнаж, худалдааны хаалгаа нээгээд 30 орчим жил болж буй Монгол нийт экспортын 90 хувийг ганц улсад нийлүүлж, хэдхэн төрлийн түүхий эдээс өөр бүтээгдэхүүнгүй байгаа нь дэндүү ичмээр. Хамгийн харамсалтай нь үүнийгээ өөрчлөх, дэлхийгээр урсаж буй мөнгөнөөс хүртэх сөхөө, санаачилга ч алга.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-27 202.9.43.52

Мэдээд байгаа бол хийгээч зевлееч

Avatar

Зочин 2018-08-27 43.242.242.59

Манай дарга нар өөр юм боддог

Avatar

Иргэн 2018-08-27 203.217.139.225

Новшийн улс төрчид нь зөвхөн мөнгө яаж идэхээ бодд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж