“10 мянган инээмсэглэл” төсөл эрдэм мэдлэгтэй ирээдүй рүү чиглэнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.27-нд нийтлэгдсэн

“10 мянган инээмсэглэл” төсөл эрдэм мэдлэгтэй ирээдүй рүү чиглэнэ

-Сурах тэмүүлэл, сурагчийн цүнхнээс хүүхдийн хүсэл мөрөөдөл эхэлдэг-

“10 мянган инээмсэглэл” төсөл эрдэм мэдлэгтэй ирээдүй рүү чиглэнэ

-Сурах тэмүүлэл, сурагчийн цүнхнээс хүүхдийн хүсэл мөрөөдөл эхэлдэг-

Монголын банк санхүүгийн салбарт өмнө хэрэгжиж байгаагүй нэгэн гэгээлэг шинэхэн төсөл өчигдөр нээлтээ хийлээ. Энэ бол “Нэт капитал” санхүүгийн группийн 10 жилийн ойн хүрээнд эхлүүлж байгаа нийгмийн хариуцлагын нэг томоохон ажил юм. Тэд “10 мянган инээмсэглэл” төслийг санаачилж, энэ хүрээнд олон хүүхэдтэй, амжиргааны түвшин бага болон түүнээс доогуур өрхүүдийн нэг хүүхдэд иж бүрэн цүнх, хэрэгслийг жил бүр уламжлал болгон бэлэглэх ажлыг ийнхүү эхлүүлж байгаа юм.

“ЯАГААД ЗААВАЛ ЦҮНХ, ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭЛ ГЭЖ? “

Мэдээж дээрх асуултыг олон хүн тавьж болно. Одоогоос таван жилийн өмнө бага дунд ангийн сурагчид өмссөн зүүсэн хувцаснаасаа болж нэгнээ дээрэлхэх, эсвэл сэтгэлээр унах зэрэг тохиолдол их гарч байгааг багш нар шүүмжилж монгол улс 21 дүгээр зуун гарснаас хойш анх удаа орон даяар сурагчийн нэгдсэн формтой болсон билээ. Жигдхэн формтой сурагчдын ар гэр амжиргааг хэн ч асуухгүй, бас хүүхдийн ертөнц өөрөө гэгээлэг учир нэг нэгнийхээ зүйлд илүү харахгүй, сургалт, ангийн уур амьсгалд аятай таатай болсныг өнөөдөр захын нэг эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид хэлнэ. Энэ хөтөлбөрөөс санаа авч, нөгөө талаар удаан хугацааны багийн судалгаа хийсний үндсэн дээр сурагчийн жигдрүүлсэн цүнхийг 10 мянган хүүхдэд бэлэглэж, тэдний сурах хүсэл эрмэлзлийг бадраах зорилгыг тус хамт олон өмнөө тавьжээ. Нээлтийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 1000 хүүхэд гэрэл цацруулагчтай, нурууны бөгтөрөөс хамгаалж захиалгаар хийлгэсэн цүнх, хэрэглэлээ гардаж авлаа. Энэ төсөл нь нэг талаас харвал цүнх тарааж байгаа мэт боловч цаад санаа нь ирээдүйн төлөө тодорхой зорилт, зорилгыг агуулжээ.

 “Нэт Капитал” Санхүүгийн группийн үүсгэн байгуулагч, “10 мянган инээмсэглэл” төслийн санаачлагч Д.СҮНДИЙ:

Би өөрөө говийн хүүхэд. 4 хүүхэдтэй айлын отгон хүү. Тухайн үед нийгмийн байдлаас болоод олон хүүхэдтэй айлын хүүхэд бүр дээд мэргэжил эзэмшиж чаддаггүй байлаа. Энэ шалтгаанаас миний 2 ах дээд боловсрол эзэмшиж чадаагүй юм. Говийн хүүхдүүд өдөр халуунд хэр баргийн тоглохгүй. Харин нар жаргасны дараа гадаа тоглодог байв. Энэ үед ах маань намайг дагуулж удаан алхана. Энэ зуураа заавал дээд боловсролтой эх орондоо хэрэгтэй хүн болоорой гэж хэлж, сануулж, урамшуулдаг байв. Намайг жаахан хүүхэд гэж голохгүйгээр хол замд алхаж, итгэл урам өгсөн ахынхаа захиасаар би өнөөдөрт хүрч, монгол улсын иргэн бүр, айл өрх бүр санхүүгийн асуудалгүй, өөрийн гэсэн мөнгөн хуримтлалтай болоосой, үүнд бидний, манай байгууллагын оруулж чадах хувь нэмэр юу байна вэ? гэж хичээж ажилладаг жирийн нэгэн бизнесмэн. Ийм ч учраас би хүүхдийн бяцхан зүрхэнд ямар хүсэл мөрөөдөл тэмүүлэл байдгийг олж харж, хүүхэд рүү чиглэсэн нийгмийн сайн сайхны ажил хийхийг илүүд үздэг учраас 10 мянган хүүхэд инээмсэглээсэй, 10 мянган хүүхдийнхээ инээдээр дамжуулан 10 мянган айл өрх аз жаргалтай байгаасай гэж төсөөлж энэхүү төслийг эхлүүлж байгаа юм. Боловсролд оруулсан бидний өчүүхэн хөрөнгө оруулалт ирээдүйн Монголд ээлтэй байх болтугай гэж чин сэтгэлээсээ ерөөж байна.

“Нэт капитал” Санхүүгийн группийн гүцэтгэх захирал Н.УНДРАХ:

Манай санхүүгийн группэд маш олон санал хүсэлт ирдэг. Сүүлийн жилүүдэд сургуулиудын анги танхим тохижуулах, сургууль цэцэрлэгүүдэд номын сан байгуулж өгөөч, цэцэрлэгийн өргөтгөл барихад туслаач гэх мэт хүсэлтүүд ихээр ирж байгаа. Боловсролын салбарын эдгээр тусламж хүссэн асуудлууд, тулгарч байгаа бэрхшээлүүдийг бид байгууллагынхаа нийгмийн хариуцлагын хүрээнд шат дараатайгаар хэрэгжүүлж эхлэх ёстой юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Энэ жил эхний жил, эхний ажил маань “10 мянган инээмсэглэл” гэсэн энэхүү гэгээлэг төслөөр эхэлж байгаа юм.

Бидний үзэл санаа бол нийгмийн сайн сайхны хөрөнгө оруулалтыг дэмжихдээ гол төлөв мэдлэг боловсролд чиглэх ёстой гэж үздэг. Боловсролын яам сургалтын нэгдсэн агуулга, сурах бичиг, дүрэмт хувцасаар сурагчдыг хангадаг бол аав ээжүүдийн нуруун дээр сургалтын төлбөр, хичээлийн хэрэглэл, хувцас хунар бэлдэх санхүүтэй холбоотой ачаа ихэвчлэн ирдэг. Энэ хэрэгслүүд нь сурагчдын хувьд эрдэм ном сурах, хичээлдээ шамдах гол зэмсэг болж байдаг. Нөгөө талаар хүүхдийн хэрэглэж байгаа хичээлийн хэрэглэлүүдээс үүдэж ялгаварлал гаргахгүйн төлөө нэгдэх ёстой гэж үзсэн учраас жигдхэн цүнх, хэрэглэлийг хүүхдүүдэд бэлэглэж, энэ бэлгээрээ дамжуулан хүсэл мөрөөдөлдөө заавал хүрээрэй, мөрөөдлөө хэзээ ч битгий орхиорой гэдэг уриалгыг хүргэж байгаа юм.

Дараа дараагийн жилүүдэд бид бусад бизнес эрхлэгчидтэйгээ нийлж илүү томоохон хэмжээний алхамыг хийх боломжтой гэж харж байна.

– “10 мянган инээмсэглэл” төсөл энэ жил Нийслэлийн Чингэлтэй болон Баянзүрх, Сонгино хайрхан, Баянгол дүүргүүдийн алслагдсан хороодод хэрэгжиж, олон хүүхэдтэй, эсвэл өрхийн нэг нь хөдөлмөр эрхэлдэг, хөгжлийн бэрхшээлтэй, орлого бага иргэдийн хүүхдүүд рүү чиглэх юм байна. Мөн Дархан, Эрдэнэт, Дорноговь зэрэг аймгууд дахь “Нэт капитал” санхүүгийн группийн салбаруудаар дамжуулан 4 бүсэд хэрэгжих юм байна. Цүнхэнд Нэт капитал нэрийн цэвэр усны сав, дэвтэр, финал болон хичээлийн бусад хэрэгслийг багтаасан нь сурагч, эцэг эхчүүдэд тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж төслийн санаачлагчид үзэж байна.

     

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж