Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын батлан хамгаалах /Шинэчилсэн найруулга/ тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дайны байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.
Дайчилгааны тухай хууль 1998 онд батлагдаж Монгол Улсын эдийн засаг, нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, цэргийн дайчилгааны бэлэн байдлыг хангах, дайчилгаа явуулах үндэслэл, журам, энэ талаарх байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүлээх үүргийг тогтоож, дайчилгаа явуулахтай холбогдсон харилцааг зохицуулж иржээ.
Улсын Их Хурлаас 2015 онд “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс”, 2016 онд Монгол Улсын батлан хамгаалахын багц хуулиудыг баталсантай уялдуулж Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх зүйн хэрэгцээ, шаардлага үүссэн байна.
Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдсанаар улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх үед хэрэгжүүлэх арга хэмжээ тодорхой болж, дайчилгааны талаарх субъектүүдийн үүрэг, үйл ажиллагааны уялдаа холбоо сайжрахын зэрэгцээ, хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилж, нэгдсэн удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгааны тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн зохицуулалт бүрдэнэ.
Хууль, эрх зүйн хэлтэс
Холбоотой мэдээ