Католик сүмийг нийгмээс тусгаарлахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2018.08.27-нд нийтлэгдсэн

Католик сүмийг нийгмээс тусгаарлахыг шаардав

Католик сүмийг нийгмээс тусгаарлахыг шаардав

Ирландын ерөнхий сайд Лео Варадкар нийгмээс шашин шүтлэгийг тусгаарлах цаг нь болсон хэмээн үзэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ромын пап Ирландад анх удаагаа айлчилсан бөгөөд Ирландын ерөнхий сайдтай одоо тулгамдаж буй католик сүмийн хүүхэд хүчирхийллийн асуудлын тухай хэлэлцсэн аж.

“Ирландын ард иргэд сүмийн залуу гишүүдийн үйлдсэн хүчирхийлэлд өртсөн талаар би үгүйсгэхгүй байж чадахгүй. Сүмийг удирдаж буй эрх мэдэлтнүүд маш том алдаа гаргасан. Тэдний гаргасан үйлдэлд хэн ч, ямар ч хүн уурлан бухимдаж хуулийн дагуу хариуцлага тооцох нь зөв. Энэ бол католик сүсэн бишрэгчдийн хувьд маш том эмгэнэл” хэмээн Лео Варадкар өөрийн санал бодлоо тусгажээ.

Бямба гаригт /2018.08.25/ Ромын пап сүмийн хүчирхийлэлд өртсөн найман хүнтэй уулзаж ярилцахдаа тэдгээр номлогч, пасторуудын гаргасан үйлдлийг буруушааж, ариун сүмийн газарт үйлдсэн гэмт хэргийг далдлах оролдлогыг “caca” гэж нэрлэжээ. Папын орчуулагч “caca” нь ялгадастай адил болохыг тайлбарласан байна.

“Сүм болон улс төрийн бодлогын алдаанууд нийгэмд сөрөг үр дагавар үзүүлж,  олон зуун жил гай зовлон дагуулсан.  Энэ бол манай Ирландын түүхэнд тэмдэглэгдсэн эмгэнэл, харуусал юм. Бидний улс төрийн алдаа,  католик сүмийн үйлдлүүдийг хүмүүс нуун дарагдуулдаг нь ч буруу. Бид үнэнийг илчилж, шударга ёсны дагуу арга хэмжээ авч, хохирогч болсон хүмүүст туслах ёстой” хэмээн ерөнхий сайд Варадкарын ярьсан байна.

Анх 1979 онд Ромын пап Жонн Паул II Ирландад айлчилж байсан бөгөөд үүнээс хойш нийгэм дэх сүсэг бишрэл буурч, ижил хүйстнүүд, үр хөндөлт, үрчлэх зэрэг асуудлуудад хуулийн шинэчлэл хийснээ ерөнхий сайд Варадкар дурдсан. Мөн тэрбээр “Өөрчлөлт цагийн эрхээр ирдэг. Бидний зорилго бол 21-р зуунд улс төр болоод шашин шүтлэгийн хооронд шинэ харилцаа тогтоох. Шашин шүтлэг нийгмийн хүрээнд том байр суурь эзлэхгүй ч, гэхдээ өөрийн гэсэн чухал үнэлэмжтэй байлгахыг зорьж байна” гэжээ.

Ромын пап Францис Ирландад хоёр өдрийн хугацаатайгаар айлчилсан бөгөөд түүнийг олон хүмүүс халуун дотноор хүлээн авсан. Гэвч католик сүмийн ёс бус үйлдэл, хүчирхийлэлд өртсөн хохирогчдын эсэргүүцэл, жагсаал цуглаантай тулгарсан байна. Ирландын нийслэл Дублин хотын дурсгалын цэцэгт хүрээлэнд бэлгийн хүчирхийлэлд өртсөн 500 мянган хүний жагсаалд Ромын пап Францис өөрийн биеэр оролцож уучлалт хүссэн мэдэгдэл хийжээ.

Дэлхий дахинд өнгөрсөн зургаа, долдугаар сард шашин шүтлэгийн нэрийг барьж хүүхэд хүчирхийлсэн, бэлгийн дарамт үзүүлсэн олон хэрэг ил болж байгаа бөгөөд хохирогчид хуулийн дагуу арга хэмжээ авахыг шаардаж байгаа аж.

“Ихэнхдээ сүмийн дээд зиндааны лам хуврагууд хүчирхийллийн хэргийг нуун дарагдуулж, далдуур шийдвэрлэдэг. Ватиканы ямар ч пап хүчирхийлэл болсон гэдгийг зөвшөөрдөггүй. Хохирогчид уучлалаас илүүтэйгээр дорвитой арга хэмжээ авахыг хүсч байна” хэмээн сүмийн номлогчдын ёс бус бэлгийн хүчирхийлэлд өртөгсдийн төлөөлөгч Маеви Левис ярьжээ.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN
Г. БАТМАНДАХ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж