Үндсэн хуулийн цэц өнгөрсөн долоо хоногт хуралдаж, 42-р тойрогт зохион байгуулах нөхөн сонгуулийн тов зарлах УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв. Тодруулбал, УИХ нөхөн сонгууль товлон зарлахдаа, Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд төрийн байгууллагын бусад шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчиж, улмаар Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим алдагдах, иргэдийн төрийн байгууллагад сонгогдох эрх зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэж, дээрх УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн юм. Үүнтэй холбоотойгоор Хэнтийн аймагт болох байсан нөхөн сонгууль 2019 оны зургадугаар сар, цаашлаад 2020 он хүртэл болохгүй байх нөхцөл үүсээд байгаа юм. Энэ талаар нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн намуудын байр суурийг хүргэж байна.
АРДЧИЛСАН НАМЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА О.МАГНАЙ: Цэцийн шийдвэрт харамсч байна
-Наймдугаар сарын 22-нд Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргаж, УИХ-ын тогтоол хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан. Цэцийн энэ шийдвэрт Ардчилсан нам харамсч байна. Энэ удаагийн цэцийн шийдвэрийг бид улс төрийн захиалгатай гэж харж байгаа. Цэцийн энэ шийдвэрээс болж хэнтийчүүд УИХ-д суух төлөөлөлгүй болж байна. УИХ бол төлөөллийн ардчилсан зарчмаар ард түмэн төлөөллөө сонгодог. Гэтэл Үндсэн хуулийн цэц энэ зарчмыг алдагдуулсан шийдвэр гаргалаа. Цаашид Үндсэн хуулийн цэц ийм асуудалдаа анхаарна гэж найдаж байна.
ИЗНН-ЫН ДАРГА Ц.ГАНХУЯГ: Цэцийн дээр хөх тэнгэр биш өөр зүйл байна
-Үндсэн хуулийн цэцийн шийдвэр болон Сонгуулийн ерөнхий хороо энэ удаад манангийн талд ажиллалаа. Манай намыг зарлагын тайлан өгөөгүй гэдэг шалтгаанаар Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхээс татгалзсан. Энэ нь сонгох, сонгогдох эрхэнд ноцтой халдаж буй хэлбэр. Сонгуулийн ерөнхий хороо шүүх байгууллага болж хувирсан байна. Шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг, намын дотоод үйл хэрэгт оролцдог зэрэг улс төрийн намын үйл ажиллагаанд илт халдах болсон. Нэр дэвшигчийн болон намын зарлагын тайлан гэж хоёр төрөл. Манай намын нэр дэвшигч тухайн үед зарлагын тайлангаа аудитаар баталгаажуулаад хуулийн хугацаанд нь өгсөн байдаг. Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр биш мөнгө эсвэл өөр зүйл байдаг болж.
ХҮН-ЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.ДОРЖХАНД: Ээлжит бус чуулган зарлах ёстой
-Үндсэн хуулийн цэц УИХ-ын тогтоолыг хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан. Гэсэн хэдий ч УИХ нөхөн сонгуулийг яаралтай зохион байгуулах боломжийг бүрдүүлэх ёстой. Бидний зүгээс энэ үйл явцад УИХ 62-р тогтоолыг гаргахдаа хууль зөрчихийг нь мэдсээр байж зориудаар шийдвэр гаргаж байгаа, төрийн албан хаагч 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцож болохгүй гэдэг нь сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна гэсэн дүгнэлтэд хүрч байгаа. Тиймээс УИХ яаралтай ээлжит бус чуулган зарлаж, нөхөн сонгууль зохион байгуулах боломжийг бүрдүүлэх ёстой. Ер нь бол УИХ-ын ээлжит бус чуулган зарлах гурван ч шалтгаан байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн нөхөн сонгуультай шийдвэр, Зам тээврийн яаманд үүссэн асуудалтай холбогдуулан тус яамны сайдыг томилох, 60 тэрбумтай холбоотой нийгэмд үүсээд байгаа эргэлзээ тайлах гэсэн гурван үндсэн шалтгаан бий болсон. Тиймээс УИХ яаралтай ээлжит бус чуулган зарлаж, нөхөн сонгууль зохион байгуулах болох бусад асуудлыг шийдвэрлэх ёстой.
МАХН-ЫН ГҮЙЦЭТГЭХ ТОВЧООНЫ ГИШҮҮН Ц.ШАРАВДОРЖ: Захиалга өгсөн хүчин, цэц хоёр нийлээд жүжиг тоглож байна
-Үндсэн хуулийн цэц ийм шийдвэр гаргана гэх зүйлүүд сонсогдож байсан. Тэр байтугай хэд хоногийн өмнө бидэнд ийм мэдээлэл ирж байсан. Гэтэл Цэц бол Үндсэн хуультай холбоотой шийдвэр гаргадаг байгууллага шүү дээ. Тиймээс арай ч улс төрийн аль нэг хүчний нөлөөнд орж шийдвэр гаргачихна байх гэж бодоогүй. Гэтэл яг л бидэнд сонсогдож, улс төрийн хүрээнд яригдаж байсан сценараар шийдвэр гарсан нь харамсалтай. Нөгөө талаар УИХ-ын тогтоол хууль зөрчсөн үү гэдгийг хуульчийн хувьд аваад үзэхэд тийм зүйл алга. УИХ бүрэн эрхийнхээ дагуу шийдвэр гаргасан. Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойрогт эзэн байхгүй. Нэг хоногийн өмнө ч гэсэн төлөөллөө УИХ-д оруулж, түшээгээрээ дамжуулан төр барих үйл ажиллагаанд оролцох гэсэн сонгогчдынх нь эрх ашиг тэнд бий. Ер нь бол 42 дугаар тойрог барцадтай байгаа. Сонгогдсон гишүүн нь гэмт хэрэгт холбогдож хэчнээн сараар асуудалтай байлаа. Төрийн түшээгийн ёс зүйн талаас авч үзвэл УИХ энэ тухайд аль эрт шийдвэрээ гаргаж, дахин нэр дэвшүүлэх асуудал аль хэдийн эцэслэгдчихсэн байх ёстой байсан. Гэтэл УИХ энэ асуудлыг хойш татаад байсан. Тэр нь хугацаа хожих нэг хэлбэр байж. Ингээд аргагүйн эрхэнд гишүүнийх нь асуудал ноцтой болоод ирэнгүүт УИХ шийдвэрээ гаргасан. Тэр даруйд нь УИХ тогтоолоо гаргах байсан. Гэтэл нэлээд удсаны эцэст нөхөн сонгууль зарлах тухай 62 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоолын хувьд ямар нэг зөрчил байхгүй. Гэтэл нэг хэсэг хүн төрийн албан хаагчийн нэр дэвших эрхэд халдлаа гээд Цэцэд өргөдөл бичиж байдаг. УИХ тухайн үеийн асуудалд тулгуурлаж шийдвэрээ гаргадаг болохоос ирээдүй цаг дээр, ийм тийм хүн нэр дэвшинэ гэж шийдвэр гаргах ёсгүй. Тухайн үед Монгол Улсын нутаг дэвсгэр дээр мөрдөж буй хуулийн хүрээнд шийдвэрээ гаргадаг. Тэр журмаар шийдвэрээ гаргасан. Цэц нь тэнд шалтаг гаргалаа. Наана нь захиалга өгсөн улс төрийн хүчин, цаана нь шийдвэр гаргасан Цэц нийлээд жүжиг тоглож байна. Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 тойргийн сонгогчдын өмнө энэ байж болшгүй зүйл шүү дээ.
МҮАН-ЫН ДАРГА Б.ЦОГТГЭРЭЛ: МАНАН-г тараах хэрэгтэй
-Монгол төр дампуураад удаж байна. Өнөөдрийн нийгэмд тулгамдсан ядуурал, архидалт, нийгэм, төрийн хямралыг Үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэх ямар ч боломжгүй. Тийм учраас Үндсэн хуулиа өөрчилж монгол айл, хүн бүрийг хөгжүүлж, чинээлэг боловсролтой болгох Үндсэн хуультай болох нь амин чухал асуудал болоод байна. МАНАН-гийн хамтран байгуулсан УИХ тарж, түр хороо байгуулж орон даяар төлөөлөгчдийг цуглуулж шинэ хуулийг яаралтай батлуулах ёстой. Ингэхгүй бол бүх салбарт заналхийлж эхэллээ.
МОНГОЛЫН НОГООН НАМЫН ДАРГА О.БУМ-ЯЛАГЧ: 62-р тогтоол УИХ тарах үндэслэл болно
-Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн шийдвэр гарлаа. УИХ-ын гишүүд 62-р тогтоол батлахдаа Үндсэн хууль зөрчсөн. Сонгуулийн ерөнхий хороо ч гэсэн улсын төсвөөс мөнгө гаргаж, зардал чирэгдэл болж намуудад батламж гардуулсан. Энэ бүхэн анхнаасаа зохион байгуулалттай зүйл байсан гэж бид харж байна. УИХ-ын 62-р тогтоол нь хууль зөрчиж баталсан учраас энэ УИХ тарах үндэслэл болж байна. Энэ тогтоол хууль зөрчсөн гэдгийг УИХ-ын гишүүд мэдэж байсан, мэдээд баталсан, Үндсэн хуулийн цэц ийм шийдвэр гаргахыг ч тэд мэдэж байсан. Тиймээс энэ УИХ-ыг тараах хэрэгтэй. Тараах үндэслэл нь 62-р тогтоол болж байна. Ийм шийдвэр гаргаж байна гэдэг энэ УИХ ямар ёс зүйгүй хүмүүс байгаа нь харагдаж байна. Монголын ногоон нам 2017 оны аравдугаар сард УИХ-ыг тараах хүсэлтийг УИХ-ын даргад өгч байсан. Үүнд УИХ-ын дарга бичгээр хариу өгөхдөө УИХ тарах үндэслэл байхгүй гэж хэлж байсан харин энэ удаагийн 62-р тогтоол нь УИХ тарах үндэслэл болж байна.
МАН-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН: Бид нөхөн сонгуульд оролцоно, ялна гэдэгтээ итгэлтэй байгаа
– Үндсэн хуулийн цэц 42-р тойрогт нөхөн сонгууль товлосон УИХ-ын тогтоол хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан.Улс төрийн намын хувьд цэцийн шийдвэрийг юу гэж харж байна вэ. Бусад намуудын хувьд эрх баригч нам өөрсдийн талд шийдвэр гаргаж, нөхөн сонгууль зохион байгуулахгүй байх боломжийг бүрдүүллээ гэж шүүмжлээд байгаа. Энэ талаар танай намын байр суурь?
-УИХ-ын сонгуулийн 42-р тойрогт нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн байна гэж цэц үзэн түдгэлзүүлсэн. Үүнийг эрх баригч МАН-тай холбон тайлбарлах, хардах хандлага байгаа бололтой. Тийм зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Нэгдүгээрт, МАН бусад улс төрийн намуудын адил нөхөн сонгуульд оролцох бэлтгэлээ базааж, СЕХ-нд сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор өгөөд байсан. Бүр штабаа ч байгуулсан. Хэн хэнийг нэр дэвшүүлж болох талаар удирдлагын түвшинд урьдчилсан байдлаар ярилцаж, тандалтын судалгаа хийлгэх, сонгуулийн стратеги тактикаа боловсруулах гэх мэт ажлыг хийж, миний хувьд лав энэ зун амралтгүй, завгүй ажилтай байлаа. Нэр дэвшүүлэх асуудлыг ярих намын бага хурлаа ч есдүгээр сарын 5-6-ны үед хуралдуулахаар тов тогтоод байсан. Ийм байхад МАН нөхөн сонгуулиас айгаад, зугтаад, цэцэд нөлөөлөөд хойшлуулчихлаа гэх утгагүй. хий хоосон хардалт. Тэгээд ч нөхөн сонгууль аравдугаар сарын 7-нд болоход ч, эсвэл хойшлоод өөр цаг хугацаанд болоход ч МАН ялна гэдэтгээ итгэлтэй байгаа.
Хоёрдугаарт, Үндсэн хуулийн цэц аль нэг нам, хэн нэг хүнээс хараат бус бие даасан байгууллага. “Цэцийн дээр хөх тэнгэр бий” гэж гавьяат хуульч Совд гуай зүгээр нэг хэлээгүй байх. МАН-ын гишүүн байсан, энэ намаас ажил албанд томилогдож байсан ганц нэг хүн байгаа нь Үндсэн хуулийн цэц МАН-ын хараат эсвэл МАН тэнд нөлөөлдөг гэсэн үг биш. Энэ өнцгөөс нь хардаж байгаа бол бусад намын, тэр тусмаа АН-ын угшилтай хүмүүс ч тэнд бий. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн хавар ерөнхийлөгч Х.Баттулга гурван гишүүнийг шинээр нэр дэвшүүлэн томилуулсныг та бүхэн санаж байгаа байх. Тийм болохоор цэцийн хараат бус байдалд эргэлзэх юм алга. Харин цаг хугацааны хувьд цэц энэ асуудлыг арай илүү хурдан хугацаанд, СЕХ намуудын хүсэлтийг хүлээж авахаас өмнө ч юм уу шийдчихсэн бол ийм хардлага сэрдлэг гарахгүй байсан байж мэднэ.
Гуравдугаарт, нэр бүхий иргэд цэцэд хандсан үндэслэл, цэцийн гаргасан шийдвэрийг харахад өмнөх парламентын үед Р.Бурмаа нарын гишүүдийн санаачилж батлуулсан Сонгуулийн тухай хуулийн цоорхой ил болж байна гэж ойлгож байгаа. Өмнө нь УИХ-ын гишүүний орон гарах тохиолдолд УИХ 14 хоногийн дотор зарлаад, 30 хоногийн дотор нөхөн сонгууль явуулдаг заалттай байсан. Харин Р.Бурмаа нарын хуулиар нөхөн сонгуулийг жилд хоёрхон удаа, тодруулбал аравдугаар сарын эхний ням гариг, зургадугаар сарын сүүлийн ням гаригт явуулна гээд хөдөлгөөнгүй хугацаа тогтоочихсон. Энэ дагуу УИХ-ын гишүүний ор гарлаа гэхэд аравдугаар сар, зургадугаар сарыг хүлээгээд байж байх ёстой болж байгаа юм. Дээр нь, энэ хуулиас болоод УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авсан ч, эс авсан ч цаг хугацааны хувьд нөхөн сонгууль явагдахгүй байх хуулийн гажуудал үүсч байгааг хэлэх хэрэгтэй. Хэрвээ УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авлаа гэхэд нэр дэвших хүсэлтэй төрийн албан хаагчдын сонгуульд оролцох боломжийг хангаж нөхөн сонгуулийг зарлана. Сонгуулийн тухай хуулиар “төрийн албан хаагч нь сонгуульд оролцох бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх, улмаар тухайн сарын 31-нээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байхаар” заасан байдаг. Тэгэхээр УИХ цэцийн шийдвэрийг хүлээж авсан тохиолдолд нөхөн сонгууль ирэх оны зургадугаарр сарын сүүлийн ням гаригт товлогдох болчихоод байгаа юм. Хэрвээ УИХ цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй бол яах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Цэц их суудлаараа дахин хуралдана, тэгээд шийдвэрээ УИХ-д хүргүүлнэ гэсээр магадгүй бүр ч илүү цаг хугацаа шаардана. Ондоо багтааж цэцийн их суудлын хуралдаан боллоо гэхэд сонгуулийн тов мөн л ирэх оны зургадугаар сарын сүүлийн ням гариг болж таарна. АН эрх барьж байхдаа батласан Сонгуулийн тухай хууль нь ийм юм. Түүнээс МАН өөрсдөдөө хэрэгтэй байна гэж үзээд шинээр ийм хууль батлаагүй. Хэрвээ нөхөн сонгуулийг яаралтай явуулж, 42-р тойргийн сонгогчдыг парламентад төлөөлөлтэй болгоё гэвэл Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үүнийг УИХ шийднэ биз ээ. МАН-ын хувьд нөхөн сонгууль маргааш болсон ч оролцоход бэлэн, ялах итгэл дүүрэн байгаагаа хэлье.