Орон нутгийн замд аравдугаар сарыг дуустал шалгалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.26-нд нийтлэгдсэн

Орон нутгийн замд аравдугаар сарыг дуустал шалгалт хийнэ

Орон нутгийн замд аравдугаар сарыг дуустал шалгалт хийнэ

Энэ оны эхний долоон сарын байдлаар 772 зам тээврийн осол бүртгэгджээ. Ослоос болж 267 хүний амь нас хохирч, 540 хүн хүнд гэмтсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5-30 хувиар буурсан үзүүлэлт ч орон нутгийн замд гарч буй  осол хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Учир нь, ослын улмаас амиа алдагчдын 75 хувь нь орон нутгийн замд явах үедээ осолд өртсөн байжээ.

Тиймээс орон нутгийн замд зорчигчдын хөдөлгөөн хамгийн ихээр нэмэгддэг зургадугаар сараас аравдугаар сард Замын цагдаагийн алба болон холбогдох байгууллагууд эрчимжүүлсэн шалгалт хийж байна. Түүнчлэн 18 аймагт 27 авто замын байнгын хяналтын пост шинээр байгуулж байгаа аж. Зохион байгуулсан ажлын үр дүнд долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ны хугацаанд зам тээврийн осол 45 нэгжээр буюу 25.3 хувиар, ослоор амиа алдсан хүн 11 нэгжээр буюу 18.3 хувиар, гэмтсэн хүн 35 нэгжээр буюу 29.4 хувиар буурчээ.

Удахгүй болох хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор хөдөө, орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн оюутан сурагчдын хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул энэ чиглэлд хийх шалгалтыг аравдугаар сарыг дуустал үргэлжлүүлэх юм байна.  Хэдийгээр шалгалтыг тогтмол хийж байгаа ч хувь хүний болон хамт олны ухамсар, соёлын нөлөө хамгаас чухал тул замын хөдөлгөөнд оролцогч нь дүрэм, журмаа биелүүлж, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

Р.РЕНЧИНДУЛАМ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж