Хүүхдийн эрхийг хэвлэлийнхэн хэрхэн хангаж байгааг харуулав

Хуучирсан мэдээ: 2014.12.23-нд нийтлэгдсэн

Хүүхдийн эрхийг хэвлэлийнхэн хэрхэн хангаж байгааг харуулав

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүүхдийн эрх, хамгааллын талаар ямар оролцоотой байгааг судалсан судалгааны дүнг танилцууллаа. Тодруулбал,  НҮБ-ын хүүхдийн эрхийг хамгаалах сан, Хэвлэлийн хүрээлэн, Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд хамтран хүүхдийн эрх, хамгааллын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн мэдээлж, нийтэлж буйд хийсэн мониторингийн үр дүнгээс харахад сонинд нийтлэгдэж буй хүүхэд хамгааллын талаарх мэдээ нийтлэл  2010 онд гурван хувь байсан бол 2011 он 8.3 хувь болж өсч, 2014 онд дөрвөн хувь болж буурсан байна. Тэгвэл телевизийн хувьд 2010 онд 13 хувь байсан бол 2011 онд 13.4 хувь, 2014 онд 24.7 хувь болж огцом өсчээ

Судалгааг хийхдээ дээрх газрууд МҮОНТ, Монгол HD, Боловсрол, TV9, Eagle, өдөр тутмын сониноос “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Үндэсний шуудан” багтсан бол вэб сайтаас News.mn-ийг хамруулсан байна.

Судалгаанд хамрагдсан хэрэгслийн нийтлэл, нэвтрүүлэгт анализ хийхдээ хүүхдийн тухай мэдээллээр хангах, хүүхдийг мэдээллийн харилцаанд оролцуулах, аюултай, эрсдэлтэй мэдээллээс хүүхдийг хамгаалах зэрэг зарчмыг үндэслэл болгожээ. Мөн судалгаагаар хүүхдэд чиглэсэн мэдээллийн 52 хувь эерэг бол 26 хувь нь сөрөг хандлагатай мэдээлэл гарч байгаа нь харагдсан байна. 2014 онд “Боловсрол” суваг телевиз хүүхэд рүү чиглэсэн нийтлэл нэвтрүүлгийг хамгийн ихээр үзүүлсэн байна.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж