Уул уурхайн яамнаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэхүү хэвлэлийн хуралд Уул уурхайн сайд Р.Жигжид тэргүүтэй тус яамны харьяа агентлагийн удирдлагууд оролцож, энэ жилд хийсэн ажлаа тайлагнаж, мөн ирэх жил ямар бодлого барьж ажиллахаа тодорхойллоо.
Засгийн газар шинээр байгуулагдсанаар Уул уурхайн яам бие дааж, мөн зарим агентлагийг дотроо нэгтгэж байгаа аж. Энэ хүрээнд яамны бүтэц орон тоог шинэчилэн баталж, Хуулийн хэлтсийг татан буулгаснаар 5 газар, 4 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулах болж буй юм байна. Мөн яамны албан хаагчдын орон тоо 74 байсныг 15 хувиар цомхотгожээ. Ингэснээр 8 хүн цомхотголд хамрагдаж, 66 нь яамандаа үлджээ.
106 тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг
үе шаттайгаар зохион байгуулж байна
“Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу талбайд зарцуулсан зардлыг тооцон босго үнээ баталгаажуулсан 23 талбайд сонгон шалгаруулалт зарласнаас 15 талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг дахин олгожээ. Ингэхдээ дээрх 15 талбайн 12 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарсан бол 3 талбайд шинэ компаниуд шалгарсан байна. Өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүдэд босго үнийг журмын дагуу тавьжээ.
Хоёр удаа сонгон шалгаруулалт зарлаад санал ирээгүй 3 талбайг АМТХ-ийн 18, 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийн журмаар олгох талбайд шилжүүлсэн байна.
Сонгон шалгаруулалт явуулсны дүнд улсын төсөвт 316 сая орчим төгрөгийн орлого оруулжээ.
Геологи хайгуулын ажлын зардал, бусад зардлыг баримтад үндэслэн баталгаажуулж, босго үнийг нь тогтоосон нийт 18 талбайд сонгон шалгаруулалт зарлаж хуулийн хүрээнд шалгаруулалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа аж. Босго үнээ баталгаажуулаагүй аж ахуйн нэгжүүд АМГ-ын ажлын хэсэг дээр тухайн талбайд зарцуулсан зардлаа тооцон баталгаажуулж босго үнээ тогтоох шаардлагатай юм байна.
152 хайгуулын ажлын тайлан, 149 уурхай,
Уулын үйлдвэрийн ТЭЗҮ хүлээн авчээ
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл энэ онд нийт 44 удаа хуралдаж, дараах асуудлыг шийдвэрлэжээ. Үүнд:
-Стратегийн орд, уурхайн нөөц, ТЭЗҮ-ийг хэлэлцэж 3 удаагийн өргөтгөсөн хуралдаанаар 5 уурхай, уулын үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) хэлэлцэж дүгнэлт гаргажээ.
-Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн геологийн судалгааны ажлын үр дүн, төсвийн тодотголыг 8 удаагийн хурлаар хэлэлцэж 20 төслийн үр дүн, 2014 онд үргэлжлэн хэрэгжих 38 төслийн тодотголыг хэлэлцэж Уул уурхайн сайдын тушаал гарсан байна.
-Хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ашигт малтмалын ордын хайгуулын ажлын үр дүн, нөөцийг улсын бүртгэлд бүртгэх 14 удаагийн хурлыг зохион байгуулж 152 тайланг хэлэлцэж шийдвэрлэжээ.
-Ашигт малтмалын ордыг ашиглах ТЭЗҮ-ийг хэлэлцэх 19 удаагийн хуралдаанаар 149 уурхай, уулын үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гарган ажиллав.
ЭБМЗ-ийн өргөтгөсөн болон салбар хуралдаанаарулсын нөөцийн нэгдсэн бүртгэлд 17 төрлийн ашигт малтмалын нөөц нэмж бүртгэсэн байна.
Голлох ашигт малтмалын нөөцийг авч үзвэл, алт 98.1 тн, төмөр 35.6 мянган тн, нүүрс 6.5 сая.тн, зэс 978 846 тн, жонш 4.168,28 мян.тонныг тус тус бүртгэсэн байна.
Геологийн судалгааны
ажлын санхүүжилтийг 10 тэрбум төгрөгт хүргэжээ
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт геологийн судалгааны ажилд зарцуулах хөрөнгийг жил бүр нэмэгдүүлэнэ гэж заасны дагуу 2014 онд 10 тэрбум төгрөгийг УИХ-аар батлуулсан байна. Геологийн судалгааны ажилд зарцуулах санхүүжилт нэмэгдсэнээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Улсын геологийн 1:200000-ны масштабтай иж бүрдэл зураг зохиох ажлыг нутаг дэвсгэрийн 81,94 хувь, 1:50000-ны масштабын геологийн зураглал ерөнхий эрлийн ажлаар 31 хувийг тус тус хамруулсан. Мөн сэдэвчилсэн судалгааны 8 төсөл, гадаад хамтын ажиллагааны 3 төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
2014 онд Улсын комисст шинээр 24 уурхай,
баяжуулах үйлдвэр хүлээн авсан байна
2014 онд шинээр 45 уурхай, баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хийгдэж байгаагаас 24 уурхай, баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтанд орж Улсын комисс хүлээн авсан байна. Үлдэж буй уурхай, баяжуулах үйлдвэрүүд нь санхүү, зах зээлийн болон дэд бүтэц зэрэг бусад асуудлаас шалтгаалж хараахан бүрэн ашиглалтанд орж амжаагүй юм байна.
Хүлээн авсан уурхай, баяжуулах үйлдвэрийг ангилж үзэхэд ил уурхай-19, баяжуулах үйлдвэр-4, хагас коксжсон шахмал түлшний үйлдвэр-1 юм байна. Тухайн уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтанд орсноор шинээр бий болсон ажлын байрны тоо 2687 болж төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 509 орчим тэрбум төгрөгт хүрчээ.
20.94 сая га талбайд өргөдлийн журмаар
тусгай зөвшөөрөл олгоно
Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн 20.94 сая га талбайд шинээр өргөдлийн журмаар, харин улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийгдэж үнэ цэнэ, хэтийн төлөвийг нь тодорхойлсон эрдсийн хуримтлал бүхий 10.15 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тус тус хайгуулын тусгай зөвшөөрөлолгох боломжтой гэж тогтоосон байна.
Үүнээс дэд бүтэц, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан хайгуулын тусгай зөвшөөрлийг үндэсний аюулгүй байдлын бодлого, үзэл баримтлалд нийцүүлж төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох бэлтгэл ажил хийгдэж байгаа аж.
Сонгон шалгаруулалтаар олгох 10.15 сая га талбайн хувьд улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийгдэж үнэ цэнэ, хэтийн төлөвийг нь тодорхойлсон эрдсийн хуримтлал бүхий 6.2 сая га, тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь дуусгавар болсон 2.32 сая га, тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан талбай 1.56 сая га талбай тогтоогджээ.
Эдгээрээс эрдсийн хуримтлал бүхий талбайгаас эхний ээлжинд нийтэд мэдээлж, сонгон шалгаруулалтын журмаар олгохоор төлөвлөсөн байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлийг хүлээн авах эрэмбийг цахим мэдээллийн тусламжтай тогтоох бэлтгэл ажил хангагджээ. 2015 оны нэгдүгээр сарын дундуур олгож эхлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр ирэх оны төлөвлөгөөт хайгуулын ажил хавар эрт эхлэх боломжтой аж.
Уул уурхайн бүтээгдэхүүний
экспортын хэмжээ нэмэгджээ
Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар уул уурхайн салбарын гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хэмжээг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал тус бүр өсчээ. Тухайлбал, зэсийн баяжмалын үйлдвэрлэл 254.5 мянган тонноор буюу 35.7%, молибдений баяжмалын үйлдвэрлэл 191.3 тонноор буюу 5.6 %, алтны үйлдвэрлэл 2.1 тонноор буюу 25.1%, төмрийн хүдрийн үйлдвэрлэл 1.8 сая тонноор буюу 32.8%, хайлуур жоншны баяжмалын үйлдвэрлэл 126.0 мянган тонноор буюу 60.8%, газрын тосны үйлдвэрлэл 2.3 сая баррелиар буюу 49.1%-иар тус тус өссөн байна.
Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаарх экспортын өссөн дүнтэй харьцуулвал нүүрсний экспорт 822.6 мянган тонноор буюу 5.1 хувь, алтны экспорт 1.0 тонноор буюу 14.1%, газрын тос 1.8 сая баррелиар буюу 39.7%-иар, зэсийн баяжмал 667.1 мянган тонноор буюу 2 дахин тус тус өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар Уул уурхайн салбараас татварын орлогоор улсын төсөвт нийтдээ 1 их наяд 75.4 тэрбум төгрөг төвлөрчээ.
Шатахууны үнэ тогтвортой байна
Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар 1.1 сая тонн шатахуун импортолжээ. Импортын шатахууны 90.8 хувийг ОХУ эзэлж байгаа бөгөөд үүний 63 хувийг төрийн өмчит “Роснефть” компани нийлүүлжээ. Дэлхийнзах зээл дээр WTI газрын тосны үнэ 29 хувь, Брент тосны үнэ 36 хувь, Уралс-32 газрын тосны үнэ 36 хувь, Дачин-33 газрын тосны үнэ 40 хувиар тус тус буурсан мэдээ байна. Шатахууны жижиглэнгийн үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогч компаниудад олгож байсан хөнгөлөлттэй зээл, форвард хэлцэлийн валютын ханшийн хөнгөлөлт зэргийг үе шаттайгаар зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Хөнгөлөлттэй зээлийг ердийн хүүтэй арилжааны зээлд шилжүүлэх, валютын ханшийг 1470-аас 1800 төгрөгт ойртуулах ажил хийгдэж байгаа аж. Жижиглэнгээр худалдаалах шатахууны үнэ 2 жил гаруйн хугацаанд тогтвортой байсан ба цаашид ч тогтвортой байлгахаар судалгаа хийж буй юм байна.
Шатахууны үлдэгдэл 114.6 мянган тонн бөгөөд А-80 автобензин 60, АИ-92 43, дизелийн түлш 36 хоногийн хэрэглээг хангах үлдэгдэлтэй байна. Энэ нь өмнөх саруудтай харьцуулахад өссөн дүн юм байна.
Уул уурхайн яам баялаг бүтээгчдийг дэмжиж ажиллана
Уул уурхайн яам Шинэчлэлийн Засгийн газрын үеийн эрдэс баялаг, газрын тосны салбарын бодлого үйл ажиллагааг уламжлан, эрчимжүүлж, баялаг бүтээгчдийг дэмжин ажиллах аж. Тухайлбал, Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 176-р конвенцид нэгдэх тухай хуулиудын төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулна.
Мөн шинээр батлагдсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, салбарын холбогдох хуулиудийн хэрэгжилтийг хангах, тэдгээртэй уялдуулсан дүрэм, журам, стандартыг шинэчилнэ. Зэс, алт, жонш, төмөр, газрын ховор элемент, цайр, холимог металл зэрэг хөтөлбөр боловсруулж Засгийн газраар батлуулна.
Баяжуулах, боловсруулах үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг тодорхой болгож бүртгэлжүүлэн, тэдгээрт тавигдах шаардлагад нийцүүлэх ажлыг зохион байгуулна. Уурхай, баяжуулах үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлтийн журам, стандартыг олон улсын туршлагад нийцүүлэн боловсруулан мөрдүүлж хариуцлагыг дээшлүүлнэ. Уул уурхай өндөр хөгжсөн улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ.
Г.НАРАН