Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнийг 100 хувь импортоор авч хэрэглээгээ хангаж ирсэн. Уул уурхайн яамны мэдээгээр импортын шатахууны 90.8 хувийг ОХУ дангаар эзэлдэг бол төрийн өмчит “Роснефть” компани зөвхөн 63 хувийг нийлүүлдэг байна.
Нөөцийн хувьд авч үзвэл, Монгол Улс одоогоор 114.6 мянган тонн шатахуунтай. Үүнээс А-80 авто бензин 60, Аи-92 43 хоногийн, дизелийн түлш 36 хоногийг хангах нөөц хэмээн тодорхойлж болох аж. Гэхдээ Засгийн газрын зүгээс 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж нефтийн бүтээгдэхүүн дээр хэрэгжиж ирсэн “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийг зогсоох болсноо мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулж Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнгээс дараах тодруулгыг хийлээ.
-Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт УИХ-д мэдээлэл хийх үеэрээ нефтийн бүтээгдэхүүнийг “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрөөс гаргахаа зарлалаа. Энэ нь эргээд зах зээлд хүндрэл үүсгэх юм биш байгаа даа. Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ буурсан үзүүлэлттэй ч эргээд өсөхгүй гэх баталгаа бас байхгүй. Хоёр жил гаруйн өмнө нефть импортлогч компаниуд үгсэн хуйвалддаг ч юм уу, түлшний үнээ литр тутамд нь 100-200 төгрөгөөр өсгөх, эсвэл нөөц муутай болсон гээд шатахуунаа худалддаггүй зэрэг хүндрэл байсан. Ийм байдал дахин бий болохгүй гэх баталгааг өгч чадах уу?
-Хоёр жилийн өмнөөс нефтийн бүтээгдэхүүн дээр “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хэрэгжүүлснээр зах зээл маш тогтвортой болж, сэтгүүлчид ч үнэ, ханш асуухаа больсон л доо. “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Монголбанкны санхүүжилтийн эх үүсвэр дээр голлох зохицуулалтаа хийсэн, дээрээс нь томоохон нийлүүлэгч нартайгаа маш сайн гэрээ байгуулж, ажилласан. Энэний үндсэн дээр хөтөлбөр хоёр жил гаруйн хугацаанд амжилттай хэрэгжлээ.
Та мэдэж байгаа, өнгөрсөн есдүгээр сараас эхэлж дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурсан. Гэхдээ энэ нь цэвэр зах зээлийн гэхээсээ илүү улстөр, эдийн засгийн асуудал гэх юм уу, улс орнуудын хоорондын хагарал сөргөлдөөнөөс болж, буурч байна. Ингэж буурч байгаа шигээ тохиролцоогоор буцаад өсөх магадлал бий. Тэгэхээр бид нефтийн бүтээгдэхүүнийг томоохон үнийн савлагаанд өртүүлэхгүйн тулд холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ. Өнөөдрийг хүртэл бид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бэ гэхээр хөнгөлөлттэй санхүүжилт болон валютын ханшны зохицуулалт хийж ирсэн. Одоо таатай нөхцөл байдал бий болоод үнэ ханш нь буугаад ирж байгаа учраас зах зээлийнх нь ханшид шилжүүлье, санхүүжилтийг ч мөн ийм байдлаар зохицуулъя гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны зээлийн хүү нь Монголбанкны бодлогын хүү дээр +2-3 хувь. Үүгээр арилжааны банкууд зээл олгож байгаа. Тэгэхээр нефть импортлогч компаниуд ийм төвшинд очино гэсэн үг. Ам.долларын төгрөгтэй харилцах ханш 1869 төгрөгтэй тэнцэж байгаа, энэ ханшид ойртуулаад явна. Гэхдээ энэ нь 1470-1800 төгрөгийн хооронд байна гэж ойлгох хэрэгтэй.
Цаашдаа яаж зохицуулах вэ гэвэл жижиг нөөц бий. Валютын ханшны бага зэргийн зохицуулалт бас шаардлагатай. Томоохон зохицуулалт хэрэггүй. Ийм байр суурьтай байна. Энэ асуудлаар нефть импортлогч компани, Монголбанк, Газрын тосны газар, Уул уурхайн яамныхныг оролцуулсан хэлэлцээр хийгдэж байна. Ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжээд явна гэж ойлгож болно.
-Шинэ он гарахад хэдхэн хоног дутуу байна, томоохон цочролыг зах зээлд үүсгэхгүй байгаа даа?
-Томоохон цочир хөдөлгөөн ойрын 4-5 сарын хугацаанд орох төлөв харагдахгүй байгаа. Эргэлзэх зүйл байхгүй, Тогтвортой байна гэдэг маань нөөцийн хувьд хэлж байгаа юм шүү. Үнэ нэмэгдэх, буурах асуудал байж болно.
-Долларын ханш чанга байгаа нөхцөлд “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр зогсоно гэхээр их хүнд тусах юм шиг л харагдаад байна?
-Долларын ханш сүүлийн хоёр сарын хугацаанд төвшиндөө байгаа юм шиг харагдах ч хэлбэлзэл нь тогтвортой биш байгаа нь үнэн. Гэхдээ Монголбанкны зүгээс “Төлбөрийн тэнцэл + талруугаа явж байгаа учраас валютын ханшин дээр санаа зоволтгүй” гэж хэлсэн.
-Ирэх онд газрын тосны үнэ өсөхгүй байж чадах уу. Төлөв ямар харагдаж байгаа бол?
-Газрын тосны үнэ 2015 оны гурав, дөрөвдүгээр сар хүртэл тогтвортой байх болов уу. Гэхдээ бууралт нь улстөр, эдийн засгийн аргаар шийдэгдсэн учраас магадгүй тохиролцоонууд хийгээд бага, багаар олборлолтоо багасгаад зах зээлийн үнийг тогтворжуулах, нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл энэ чиглэл рүү явахаар хоёр ч удаа нефть экспортлогч орнуудын байгууллага (ОPEC)-ийн орнууд хуралдсан, үр дүнд хүрээгүй. Ирэх зургадугаар сард хурлаа зарласан, түүнээс өмнө хуралдахыг үгүйсгэхгүй. Ийм л нөхцөл байдалтай байна.
Г.ДАРЬ