Өнөөдөр Вуэльта Испаниа уралдаан эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.25-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Вуэльта Испаниа уралдаан эхэлнэ

Өнөөдөр Вуэльта Испаниа уралдаан эхэлнэ

Мэргэжлийн дугуйн олон өдрийн Гранд Тур зэрэглэлийн Вуэльта Испаниа уралдаан эхэлж байна. Нийт 21 гараанд 3,271.4 км зайд зохион байгуулагдах Вуэльта Испаниа уралдаан Испани улсын өмнөд нутаг болох Аналузын Малага хотоос гараагаа эхлээд ирэх 9 сарын 16-нд нийслэл хот Мадридад барианд орсноор өндөрлөнө.

Өнөөдөр уралдааны эхний өдөр цагийн хувийн гараа явагдана. Нийт 21 гарааны 6 нь өндөр уулын бүсэд явагдах бол үлдсэн нь нам уулс болон талын замд үргэлжилнэ. Уралдаанд 22 улсын 218 мэргэжлийн дугуйчин өрсөлдөнө. Шилдгүүдээс Вуэльта Испаниа уралдааны 2010 оны аварга В.Нибали, 2016 оны аварга Н.Кинтана, 2015 оны аварга Ф.Ару, дэлхийн 3 удаагийн аварга П.Саган нар замд гарна. Харин сүүлийн жилүүдэд маш өндөр амжилт үзүүлж байгаа Их Британий “Скай” багаас К.Фрүүм болон Ж.Томас нарын лидерүүд нь оролцохгүй. Иймд Вуэльта Испаниа уралдаанд “Скай” багийн ялалтын буухиа үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй болж байгааг онцлох хэрэгтэй. “Скай” багийн Польш дугуйчин М.Квятковский, Испаний Давид де ла Круз нар тэргүүлэн оролцоно.

Мэргэжлийн дугуйн Вуэльта Испаниа уралдаан нь Жиро д’Италиа, Тур де Франс уралдаануудын хамтаар Гранд тур зэрэглэлд багтдаг бөгөөд нөгөө хоёр уралдаанаа бодвол харьцангуй хожуу 1935 оноос эхэлсэн байдаг. Дэлхийн I, II дайны үед завсарлаж байсан ба энэ жил 73 дахь удаагийн уралдаан болох гэж байна. Вуэльта Испаниа уралдаанд Испани дугуйчин Роберто Эрас 2000, 2003, 2004, 2005 онуудад нийт 4 удаа түрүүлснээр дээд амжилтыг эзэмшдэг бол Испанийн дугуйчин Делио Родригес хамгийн олон буюу 39 гарааны ялагч болсон.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж