УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Батбаяр, Ц.Баярсайхан, Д.Ганхуяг, Д.Тэрбигшдагва, Ө.Энхтүвшин нар Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай дөрвөн бүлэг, 17 зүйл бүхий хуулийн төсөл санаачилжээ. Одоогоор гадаадын хөрөнгө оруулагч нь Монгол Улсын стратегийн ач холбогдолтой компанийн хувьцааг 100 хувь эзэмших, хөрөнгө орууллалт хийхэд ямар нэг хязгаарлалтгүй байгаа. Иймээс улс орны эдийн засагт стратегийн ач холбогдолтой салбаруудад гадаадын хөрөнгө оруулах асуудлыг улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, үндэсний бизнесийн салбарын хөгжлийн бодит байдалтай уялдуулан зохицуулах шааардлагатай байгааг харгалзан эрхэм гишүүд ийм хуулийн төсөл санаачлан боловсруулжээ.
Манай орны 115.8 сая га хөдөө аж ахуйн ангилалын газрын 96.3 хувь буюу 111.4 сая га нь бэлчээрийн газар бөгөөд түүний 80 орчим хувь нь ямар нэгэн байдлаар доройтож талхлагдсан байна гэж Монгол Улсын газрын нэгдмэл сангийн 2008 оны тайланд дурьджээ. Хүний буруутай ажиллагааны улмаас бэлчээр талхлагдан доройтох явдал улам бүр нэмэгдэж, нөгөө талаар дэлхий даяар явагдаж буй уур амьсгалын дулаарал, өөрчлөлтийн улмаас байгаль цаг уурын эрсдэлтэй үзэгдэл, гамшгийн давтамж ихсэх хандлагатай боллоо. Түүнчлэн сүүлийн үед малчдын зүгээс мал аж ахуйгаа эрхэлж буй арга хэлбэрээ өөрчилж, мал аж ахуйг суурин, хагас суурин аргаар эрхлэх сонирхол нэмэгдэх хандлагатай байна. Эдгээр нөхцөл байдлын улмаас малчдын өдөр тутмын үйлдвэрлэлийн гол хүчин зүйл, хэрэглээ болсон бэлчээрийг нийтээр ашиглаж буй одоогийн арга ажиллагааг боловсронгуй болгохын зэрэгцээ өөрийн эзэмшил газар, бэлчээр бүхий фермерийн аж ахуйг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал байна гэж үзээд Улсын Их Хурлын нэр бүхий 10 гишүүн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Бэлчээрийн тухай хуулийн төсөл санаачлан боловсруулсныг гишүүн Р.Буд, П.Алтангэрэл, Су.Батболд, Ц.Цэнгэл нар өргөн барив.
Нийт дөрвөн бүлэг, 17 зүйл, 60 хэсэг, 103 заалттай энэ хуулийн төсөлд төрөөс бэлчээрийн талаар баримтлах зарчим, бэлчээр ашиглалтын ангилал, бэлчээрийн хилийн зааг тогтоох, эзэмшүүлэх бэлчээрийн хэмжээ, хугацаа, бэлчээрийг ашиглуулах, эзэмшүүлэхтэй тухай хүсэлт гаргах, бэлчээр эзэмшүүлэх гэрээ байгуулах, бэлчээр ашиглагч, эзэмшигчийн эрх, үүрэг, бэлчээр ашигласны газрын төлбөр, бэлчээрийг ашиглах, эзэмшихэд хориглох зүйлүүдийг нарийвчлан тусгажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга өргөн барилаа. Эрүүгийн хуулин дахь Авлигын гэмт хэргийн зүйл хэсэгт хүндрүүлэх бүрэлдэхүүн нэмж, албан тушаалтанд оногдуулах эрүүгийн хариуцлагыг нэмэгдүүлж, эдгээр гэмт хэргийг Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэрэг гэсэн ангилалд хамааруулж байхаар хуулийн төсөлд тусгасан байна.
Мөн УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.