МУИС-ийн оюутнууд сургалтын төлбөр нэмснийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2018.08.25-нд нийтлэгдсэн

МУИС-ийн оюутнууд сургалтын төлбөр нэмснийг эсэргүүцэв

МУИС-ийн оюутнууд сургалтын төлбөр нэмснийг эсэргүүцэв

Монгол Улсын их сургуулийн оюутнууд сургалтын төлбөр нэмж байгааг эсэргүүцэж өчигдөр /2018.08.24/ жагсаал цуглаан хийж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Тэд "Сургууль бол бизнесийн байгууллага биш, Инфляцийн түвшинтэй уялдуулж цалингаа нэм, оюутнууд мөнгөний машин биш” гэхчлэн уриа лоозон барьж, удирдлагуудтай төлбөр нэмсэн талаар тайлбар хийхийг хүссэн юм. Цуглаан тус сургуулийн хичээлийн нэгдүгээр байрныхаа гадна талбайд гурван цаг орчим үргэлжилж 300 орчим оюутан уриа лоозон барьсаар зогсож байв.

Энэ хичээлийн жилд тус сургуулийн мэргэжлийн суурь хичээлийн нэг кредитийн үнэлгээ 19.9-.24.7 хүртэлх хувиар нэмэгджээ. Тодруулбал, нэг оюутны хагас жилийн сургалтын төлбөр 1.5-2 сая төгрөг болж буй аж. Ингэхдээ хичээлийн шинэ жилийн эхний улиралд нэг оюутан 12-21 кредит судлах ёстой юм байна. Энэ жил нэг кредитийн төлбөр 19200 төгрөгөөр нэмэгдсэн тул дунджаар 1.5 сая төгрөг төлж, хичээл сонголтоо хийх боломж бүрдэж буйг жагсаалд оролцож буй оюутнууд бухимдангуй хэлж байлаа. Мөн оюутнуудын зүгээс “Зургадугаар сард МУИС-ийн ТУЗ-ийн хуралдаан болж, Азийн топ 100 сургуульд багтах зорилгын хүрээнд төлбөр нэмэх шийдвэр гаргасан байдаг. Ингэхдээ 12.5 хувиар нэмэгдүүлнэ гэсэн мэдээллийг бидэнд өгсөн юм. Гэтэл бодит байдал дээр 19.9-28 хувь нэмэгдчихээд байна. Үүнийг л бууруулж өгөхийг бид сургуулиасаа шаардаж байгаа” гэж мэдээлсэн юм.

Ийнхүү тэмцэж жагссаны үр дүнд оюутнууд өчигдөр /2018.08.24/ орой удирдлагуудтайгаа уулзаж зөвшилцөлд хүрчээ. МУИС-ийн хэвлэлийн ажилтны хэлснээр “Уулзалтаар оюутнууд сургалтын төлбөр, оюутны байрны орчин зэрэг хэд хэдэн асуудлыг багцлан санал гаргасан байна. Сургалтын төлбөрийг МУИС-ийн Удирдах зөвлөлөөс шинэчлэн тогтоосон.

БСШУСЯ дээр их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн нэмэгдлийн талаар мониторинг хийх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа тул тус ажлын хэсгийн дүн гарсны дараа МУИС-ийн сургалтын төлбөр шинэчлэн тогтоосон энэ хэвээрээ эсвэл өөрчлөх тухай асуудал Удирдах зөвлөлөөр яригдах юм. Оюутнууд цаашид ажил хэрэгч байдлаар ширээний ард ойр ойрхон уулзаж асуудал саналаа ярилцаж байя гэсэн МУИС-ийн удирдлагуудын байр суурьтай санал нэг байгаагаа мөн илэрхийлсэн” гэв. Мөн энэ хичээлийн жилд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Иргэдийн амьжиргаа дээшлээгүй цагт хуулийн хүрээнд хүлээцтэй, тооцоо судалгаатай энэ асуудалд хандаарай. Итгэлцэл, зөвшилцөлд хүрсэн тохиолдолд 10-аас бага хувиар төлбөр нэмэх жишиг өгсөн" хэмээн хэлж байжээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж