Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ) зөвхөн гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг онцлогтой. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 289 ХЗХ-нд нийтдээ 61177 гишүүн харъяалагдаж байна. Энэ нь 2017 оны хоёрдугаар улирлынхаас 20.7 хувиар өссөн дүн боловч Монгол Улсын 18-64 насны нийт хүн амд харьцуулбал улсын хэмжээнд 5.6, Улаанбаатар хотод 4.7, хөдөө орон нутагт 2.0 хувьтай байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм.
ХЗХ-дын нийт актив сүүлийн нэг жилийн хугацаанд 36.0 хувиар өсөж, 176.1 тэрбум төгрөгт хүрээд байна. 2018 оны хоёрдугаар улирлын эцсийн дүнгээр ХЗХ-дод зээлийн үлдэгдэл нийтдээ 134.1 тэрбум төгрөгөөр хэмжигдэж буй бөгөөд үүний дотор чанаргүй зээл 6.2 хувьтай байгаа нь бусад санхүүгийн салбаруудынхаас харьцангуй бага юм.
ББСБ-аас онцлогтой нь ХЗХ гишүүдээсээ хадгаламж татна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар ХЗХ-д 124.5 тэрбум төгрөгийн хадгаламж татсан нь өнгөрсөн оны хоёрдугаар улирлын дүнгээс даруй 51.6 хувиар өссөн дүн юм. Энэ нь ХЗХ-дын үйл ажиллагаа, засаглал илт сайжирч, иргэдийн итгэл сэргэж байгааг харуулж байна.
Нийт ХЗХ-дын 103 нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй юм. Тэдгээрийн 36.9 хувь нь баруун бүсэд, 11.7 хувь нь зүүн бүсэд, 28.2 хувь нь хангайн бүсэд, 23.3 хувь нь төвийн бүсэд ажиллаж байгаа бол нийслэлийн 186 ХЗХ-ны 91.9 хувь нь төвийн зургаан дүүрэгт, 8.1 хувь нь алслагдсан гурван дүүрэгт байна.
Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Холбоотой мэдээ