–Зуун буудалт даамын 20 хүртэлх насны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс спортын мастер Цогтбаатарын Сүхбат хүрэл медаль хүртлээ.–
ДАШТ-ий хүрэл медальт Ц.Сүхбат.
Польш улсын Дабки хотноо энэ сарын 16-22-ны өдрүүдэд болсон зуун буудалт даамын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 9 тамирчин оролцсоноос залуучуудын ангилалд өрсөлдсөн спортын мастер Ц.Сүхбат есөн өргөөс 12 оноогоор (тав хожиж, хоёр тэнцэн, хоёр хожигдсон) хүрэл медаль хүртлээ. Их мастер Д.Баттулгын дасгалжуулсан “ХасуМегаватт” компанийн тамирчин тэрбээр сүүлчийн шийдвэрлэх өрөгт ОХУ-ын Сергей Яковлевыг хожсон юм. Энэ насанд 14 улсын 28 даамчин өрсөлдсөнөөс Литвийн А.Тункевич алтан медаль хүртэж, Голландын М.Айзендорн удаалсан байна.
Ц.Сүхбат 7 дахь тавилдаа Беларусын Алексей Куницаг хожиж, 2-р байрт бичигдэж байсан бөгөөд 8 дахь өрөгт Литвийн Артур Тункевичид хожигдсоноор хоёр байраар ухараад байсан юм. Харин шийдвэрлэх сүүлийн өрөгт ОХУ-ын Сергей Яковлевыг хожиж, 12 оноотой болсноор медалийн тавцанд зогсож чадлаа.
Энэхүү медаль нь даамын спортын хувьд залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь медаль бөгөөд эрэгтэй даамчдын хувьд анхны медаль юм. Өмнө нь 2000 онд дэлхийн даамын холбооны мастер Н.Мөнхтуяа тус тэмцээний бүсгүйчүүдийн ангилалд мөнгөн медаль хүртэж байв.
Манай бусад тамирчдын тухайд залуучуудын ангилалд спортын мастер Ц.Отгонбилэг 10 оноогоор XII, ДДХМ А.Сулейман 9 оноогоор XVIII байранд оржээ.
Бүсгүйчүүдийн төрөлд олон улсын их мастер М.Нямжаргал 10 оноогоор VI байр эзлэв. Тэрбээр шийдвэрлэх тавилд тэмцээнийг тэргүүлж явсан Беларусийн ОУМ Анастасия Барышаваг хожсон ч энэ нь медальд хүрэхэд хангалттай байсангүй. М.Нямжаргалын төрсөн дүү, спортын дэд мастер М.Шийравжамц өсвөр насны хөвгүүдийн ангилалд 10 оноогоор VIII, Ч.Бадамсамбуу 8 оноогоор XXIV байрыг тус тус эзэлжээ. М.Шийравжамц сүүлийн өрөгтөө тус тэмцээнд аваргалсан Голландын ОУМ Ян Гронендайкт дийлдсэн юм.
Харин охидоос 2014 оны Монгол Улсын шилдэг тамирчин спортын мастер М.Одгэрэл 11 оноогоор VII, спортын мастер Г.Хэрлэнмөрөн 8 оноогоор XX, С.Гандиймаа 6 оноогоор XXVI байр эзэлжээ.
2014 оны өсвөр үе(U17), залуучуудын (U20) дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 14 орны 106 тамирчин өрсөлдсөнөөс ОХУ 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Литва, Голланд 1 алт, 1 мөнгө, Латви 1 алт, Беларус 1 мөнгө, 1 хүрэл, Монгол, БНХАУ-аас тус бүр 1 хүрэл медаль хүртсэн байна.
Ч.БОЛОР