Жил бүрийн аргын тооллын 12 дугаар сарын 22-ны өдөр ес эхэлдэг.
Өнөөдөр хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиож байна.
Цаг уур, орчны шинжилгээнээс хүрээлэнгээс өгсөн мэдээллээр ойрын өдрүүдэд зарим нутгаар өдөртөө -20-25 хэм, шөнөдөө 30-35 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна. Өнөөдрөөс Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар цас орж, явган шуурга шуурна.
Түүнчлэн Увс, Завхан, Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар цас их унаж, цасны зузаан 20-30 см хүрсэн тул өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Бэлчээрийн даацаас хамаарч нийт нутгийн 30 орчим хувьд буюу Сүхбаатар, Хэнтий, Архангай, Говьсүмбэр аймгуудын ихэнх сум, Хөвсгөл, Увс аймгийн хойд хэсгийн сумдаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа аж.
Харин Улаанбаатар хотын хувьд энэ долоо хоногийн сүүлч хүртэл цас орохгүй, цаг агаар харьцангуй тогтвортой байх талаар Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байна.
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
Арванхоёрдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтож жижиг гол мөрөн ёроолдоо хүртэл хөлдсөн хэдий ч зарим томоохон гол мөрөнд мөсөн зах өргөсөн зузаарч, шингэн ба өтгөн зайр, нимгэн мөсөн бүрхүүл үүсэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байгаа бөгөөд мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.
Арванхоёрдугаар сарын 23-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Арванхоёрдугаар сарын 23-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн төв хэсгээр, 26-нд нутгийн зүүн хагаст баг зэргийн цас орно. Салхи 23-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
С.СҮРЭН