Долларын ханш 1874 төгрөгтэй тэнцлээ

Хуучирсан мэдээ: 2014.12.22-нд нийтлэгдсэн

Долларын ханш 1874 төгрөгтэй тэнцлээ

Өнгөрсөн долоо хоногт 1905 төгрөгтэй тэнцсэн долларын ханш 1874 төгрөг болон буурчээ.

Долларын ханш буурсан нь сайн мэдээ ч үүнийг түр зуурын үзэгдэл хэмээн эдийн засагчид харж байна.

Учир нь долларын ханш буурсан шалтгааныг Хөгжлийн банкны дансанд Швейцарийн Кредит Свисс, Японы Сумитомо Мицуи зэрэг банкнаас зээлсэн 300 сая долларын зээлийн үлдэгдэл орж ирсэнтэй холбон тайлбарлаж байгаа юм. Сарын өмнө долларын ханш 1905 төгрөгтэй тэнцээд буцаж буурсан нь  арваннэгдүгээр сард алт зарсан мөнгө төв банкны дансанд орж ирсэнтэй холбоотой аж.

Долларын ханш он гарсаар  гурван ч удаа 1905 төгрөгт хүрээд буурсан. Үүнийг зарим ажиглагчид Монгол Улсын  Засгийн газар, төв банк зөвхөн гал намжаах төдий  арга хэмжээ авч байна хэмээн дүгнэж буй.  Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдээгүй ч хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож эхэлсэнтэй холбоотойгоор ирэх жилээс нэмэгдэх болов уу гэсэн хүлээлт уул уурхайн салбарынханд байна. Нөгөөтэйгүүр Тавантолгой болон Оюутолгой асуудал гацаанаас гарч чадвал долларын урсгал сэргэх боломжтой. Энэ жилийн хувьд төв банкинд тушаасан алтны хэмжээ өссөн нь долларын хомсдол нүүрлэж, эдийн засаг хямарсан үед гал намжаах хэрэгсэл болж буйг ч хэлэх хэрэгтэй юм. 

Ханшийн мэдээллээс харахад өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад зарагдаж байгаа долларын ханш 1874-1890 төгрөгийн хооронд байгаа бол “Найман шарга” зах дээр 1874 төгрөг байна. Харин төв банкны зарласан ханшаар ам.доллар 1871 төгрөг байна.

Улсын төсөвт ирэх жил ам.долларын ханшийг 1700 төгрөгт барихаар суулгасан.  Төгрөгийн ханш сүүлийн хоёр жил 30 хувийн уналт үзүүлээд байна. Ийнхүү байнгын савалгаатай байгаа долларын ханш болон үргэлжилсэн уналттай гарч буй төгрөгийн ханш манай бодит эдийн засаг ямар байгааг харуулсан “халууны шил” болж буйг банкирууд ч сануулсаар ирсэн.  Тэгэхээр Шийдлийн Засгийн газар хэмнэлт хийхийн зэрэгцээ мөнгө олох талаар анхаарлаа хандуулах хэрэгтэй болжээ.

О.САР

ХАНШИЙН ХАРЬЦУУЛАЛТ

USD АНУ-ын доллар

Авах 

Зарах 

Голомт

1,864.00 30.00 

1,874.00 30.00 

КРЕДИТ банк

1,862.00 10.00 

1,878.00 13.00 

ХасБанк

1,863.00 9.00 

1,880.00 8.00 

Төрийн банк

1,862.00  

1,882.00 13.00 

East Eagle

1,880.00 3.00 

1,884.00 1.00 

Капитрон

1,862.00 9.00 

1,888.00 2.00 

Капитал банк

1,860.00 15.00 

1,890.00 5.00 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж