Сурагчдаа "барьцаалсан" багш нар

Хуучирсан мэдээ: 2018.08.17-нд нийтлэгдсэн

Сурагчдаа "барьцаалсан" багш нар

Сурагчдаа "барьцаалсан" багш нар

Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө хоёр долоо хоног үлджээ.  Номхон морио унахгүй ч номтой цүнхээ үүрээд, ээждээ үнсүүлээд, аавдаа хөтлүүлээд сургуульдаа явахаар хүүхэд багачууд дор дороо л бэлтгэн, догдлон хүлээж сууна. Харамсалтай нь тэдний догдлон хүлээсэн есдүгээр сарын 3-нд тэд хичээлдээ явж чадахгүй нь. Учир нь багш нар нь өөдөөс нь “Та нарын хичээл хамаагүй ээ, бидний цалин л  чухал байна” гээд хэлчихлээ. Өчигдөр Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос есдүгээр сарын 1-нд ажил хаях болсон талаар мэдэгдэв.  Товчхондоо, тэдний мэдэгдэл хичээлийн шинэ жилээ хүлээж буй хүүхэд залуусын өнцгөөс харвал цагаа олоогүй шантааж байлаа.

Цөөн хэлбэл билэг, олон хэлбэл улиг гэгчээр “Цалингаа нэм” гэсэн багш нарын тэмцэл утгаа алдаж, харин ч эсрэгээрээ хүүхэд багачуудыг барьцаалсан увайгүй үйлдэл болж харагдаж байна. Ялангуяа “цалингаа нэм” гэх шаардлагынхаа тайлбар болгож хэлдэг “бид зээлтэй” гэдэг үг бүр ч тэнэг сонсогддог болсон. Ингэхэд Монголд зээлгүй хүн хэн байгаа юм бэ, үнэндээ байрны, цалингийн, хэрэглээний зээлгүй хүн хайснаас өвсөн дотроос зүү хайсан нь дээр ч биз.

“Би багш хүн. Кино үзээд зөндөө их уйллаа” гэдэг шиг эсрэгээрээ багш нарт гомдох, цаашлаад эгдүүцэх үе  зөндөө гардаг.  Сурагчдаа ялгаварлана, ажилдаа ялархана.  Ялангуяа улсын сургууль, цэцэрлэгийн багш нарын хувьд ажилдаа ял мэт ханддаг, хүчээр энэ ажлыг хийлгэж буй мэт авирлаж, аашилдаг нь ч худлаа биш л дээ.   Мэдээж, олон хүн сайтай, муутай болохоор сайн багш ч биш, ажилдаа  тааруухан нь ч байдаг.

Уг нь тэднийг хэн ч албадан ажиллуулаагүй, илүү цалинтай, илүү боломжтой сонголт хийх эрх нь ч багш нарт нээлттэй юм. Өнөөдрийн хувьд нөгөө нарт ертөнцийн нандин сайхан алба ял болжээ гэлтэй харагддаг нь худлаа биш л дээ. Жилийн жилд, Засгийн газар болгонд багш нар тавьдаг, шантаажилдаг нэг  асуудал байдаг. Тэр нь “Цалин нэм”.  Гэтэл боловсролын салбарт багшид, сурагчид ч хамаатай олон асуудал гардаг. Тэр болгонд багш нар таг чиг л сууцгаадаг нь гэм биш зан болсон. Хүүхдийн сурч боловсрох эрхээс эхлээд сургууль цэцэрлэгийн орчин дахь хүчирхийллийн асуудлын талаар, нэг ангид 50, 60-уулаа хичээллэж байгаа хүүхдүүдийнхээ талаар багш нар нэг ч удаа ярьж, хөндөж байсангүй.

Зүй нь тэд “цалингаа нэм” гэж ажил хаяхаасаа өмнө ачааллаа багасгах, анги танхимын орчноо сайжруулах, адаглаад л хичээлийн сургалтын хөтөлбөрт нь шаардагддаг орчин үеийн техник, технологийг бүрдүүлэх талаар ганц үг дуугардаггүй.  Сурагчийн нь сэтгэл санаа ямар байгааг, ар гэрт нь ямар асуудал үүссэнийг асуудаг, зөвлөдөг, сурагчидтайгаа тулж харилцдаг багш нар одоо байгаа юу.

Яагаад сурагч нь хичээлээ таслаад яагаад сурагчийнх нь зан авир өөрчлөгдөөд байгааг анзаардаг багш бий юу. Багш бол сурагчийн хамгийн найдвартай найз байх ёстой. Сурагч эцэг эхээсээ илүү багшийнхаа үгийг сонсдог шүү дээ.

Үнэндээ, багш, эмч нарын цалинг нэмлээ гэхэд дагаад үнийн хөөрөгдөл, инфляцийн савалгаа үүснэ. Төр нэг гараараа өгсөн нэмэгдэл нь багшийн нөгөө халааснаас үнийн хөөрөгдөл болоод явна.  Эргээд багш нарын цалин үнэгүйднэ, эдийн засаг хямарна. Түүнээс төгрөг үйлдвэрлээд, цалин нэмэх шиг амархан асуудал хаана байна.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж