
Николя Саркози
Лилиан Бетанкур
Францын прокурорын газар сонгуулийн компанидаа L"Oreal-ийн эзэгтэй Лилиан Бетанкураас хууль бусаар мөнгө авсан эсэх хэргээр ерөнхийлөгч Николя Саркозийг шалгаж эхэлжээ. Энэ тухай гадаадын хэвлэл мэдээллээр энэ сарын 7-нд мэдээлсэн байна.
Өмнө нь Бетанкурын ня-бо асан Клэр Тибо сэтгүүлч нарт мэдэгдэл хийн 2007 оны гуравдугаар сард тэрбумтан эмэгтэй санхүүгийн зөвлөх Патрис де Мэтр 150 мянган еврог бэлнээр “Ард түмний хөдөлгөөний төлөө холбоо” намын санхүү баригч, өнөөгийн Хөдөлмөрийн сайд Эрих Вертад дамжуулан өгсөн гэж хэлсэн байв.
Парисийн дагуур Нейя хотын захирагч байхдаа Саркози дэлхийн хамгийн баян эмэгтэйгээс дугтуйтай бэлэг авдаг байсан гэж Тибо батлан хэлжээ. L’Oreal -ийг үндэслэгч Южин Шуллерын охин 86 настай Лилиан Бетанкур ирээдүйтэй улстөрчдийг ивээн тэтгэдэг гэсэн алдар нэртэй. Саркози, Бетанкур хоёрын тогтмол уулздаг мөн дугтуй дотор юу байсныг компанийн төв байрны бүх албан хаагчид мэднэ гэж ня-бо хэлж байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ бүгдийг гүтгэлэг хэмээн үгүйсгэж байна. Саркози өөрөө үүнийг “Социалист намаас” зохион байгуулж байгаа улс төрийн мөшгөлт гэжээ.