МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар АН Засгийн газарт хамтарч ажиллахдаа хийсэн зөвшилцөл, тохиролцооноосоо ухарч байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэд дэд сайдуудыг нэмж томилсон, төрийн нарийн бичгийн дарга нарыг сайдтай нь зөвшилцөлгүй томилсныг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ энэ үеэр мэдэгдэв. Мэдээллийн эхэнд бүлгийн дарга С.Бямбацогт асуултад хариуллаа.
-Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын томилгоог ямар зарчмаар хийнэ гэж анх тохиролцсон юм бэ?
-МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж АН-тай Засгийн газарт хамтарч ажиллах талаар ярилцсан. МАН Ерөнхий сайд, УИХ-ын даргын тавьсан саналыг бага хурлаараа хэлэлцээд Засгийн газарт хамтарч ажиллах шийдвэр гаргасан болохоос албан тушаал, сандал суудал горилж хамтраагүй. Бид асуудлыг шийдэе, эдийн засгаа өөд нь татъя, ачааны хүндийг үүрэлцэе, хариуцлагыг нь хамт хүлээе гэж хамтарсан. Харамсалтай нь Засгийн газар хоёр дахь хуралдаанаараа эхнээсээ тохирсон зарчмаасаа ухарсан. Анх МАН-д долоо, ИЗНН, АН-д тав, “Шударга ёс” эвсэлд гурван дэд сайд хуваарилна гэсэн ч 15 дэд сайд нь 17 болж нэмэгдсэн. Бидний зүгээс Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг цомхон, чадварлаг байх шаардлага тавьж байсан. Арга буюу 17 дэд сайдтай байх шаардлагыг хүлээж авсан. Гэтэл дөрвөн яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилохдоо салбар хариуцсан сайдтай нь зөвшилцөлгүй, хулгайгаар томилсон нь итгэлцэл, зөвшилцлийг үгүйсгэж байна. Эхнээсээ тохирсондоо байхгүй бол цаашид хамтарч ажиллахад хэцүү. Тиймээс Ерөнхий сайдыг бүлгийн хуралдаа дуудаж, энэ алдаагаа эргэж харахыг шаардсан.
-Ерөнхий сайд гаргасан шийдвэрийнхээ талаар ямар тайлбар хэлж байна вэ?
-Ажлын хэсгийн протоколд МАН-д долоон дэд сайд гэж бичсэн. Харин таван дэд сайдын талаар ороогүй, тохироогүй, яриагүй байсан учраас дэд сайдаа нэмж оруулсан гэж хэлсэн. Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгооны тухайд өмнөх бүтцээрээ үлдсэн дөрвөн яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилсон гэж тайлбарлаж байна лээ. 10 сарын 1 нп Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тус тусдаа байсан Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамыг нэгтгэж оруулж ирсэн. Харин Ч.Сайханбилэг энэ хоёр яамыг буцаагаад салгасан. Үүнийг зөв гэж үзэхгүй байна.
-Анх төрийн нарийн бичгийн даргыг ямар зарчмаар томилно гэж тохиролцсон юм бэ?
-Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах ёстой. Гэхдээ бид ачааг нь хувааж үүрэх гэж, ард түмний амьдралыг сайн сайхан байлгахын тулд, улс орноо хөгжүүлэхийн тулд энэ Засгийн газарт хамтарсан. Бид ажлаа явуулахын тулд Сангийн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Хөдөлмөрийн яам гээд хүнд салбаруудыг хариуцаж авсан. Энэ салбаруудад ахиц, дэвшил гаргахын тулд тухайн салбарт ажиллаж байгаа сайд нь гар, сэтгэл нийлж, нэг зорилгын төлөө хамтарч ажиллаж чадах багаа бүрдүүлэх бололцоо боломжийг нь олгох ёстой. Энэ бололцоо бүрдэхгүйгээр сайдууд маань энэ хүнд салбарыг авч явахад хэцүү болно. Ажлаа явуулахын тулд л бид ийм асуудал тавьж байна.
-Албан тушаалын томилгоон дээрээ зөвшилцөж чадахгүй бол цаашдаа яах вэ?
-Зөвшилцөлд хүрнэ гэж итгэж байна.
“Төрийн нарийн бичгийн даргыг ажилд нь оруулах боломжгүй”
Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар “Засгийн газрын хуулиа ч зөрчиж байгаа хэрэг. Нөгөө талаасаа зүй ёсны зөвшилцөл явж байхад итгэлцлийн гол суриа үгүйсгэж байна. Бид энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Одоогоор би тогтоолыг нь зураагүй байгаа. Зөвшилцөл дуустал энэ хүнийг ажилд нь оруулах боломжгүй. Зөвшөлцлийн хүрээнд харилцан итгэл дээрээ үндэслэн асуудлаа шийдэх боломж байхад хүч түрж болохгүй.
-Төрийн нарийн бичгийн даргыг томилохыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байр сууриа Засгийн газрын хуралдаан дээр илэрхийлсэн үү?
-Илэрхийлсэн. Энэ асуудлыг Шадар сайд бид хоёр асуусан. Зөвшилцөл явж байгаа юм биш үү гэж асуусан. Тэгтэл төрийн албан хаагчийн асуудал дээр ямар нэгэн тохиролцоо байхгүй гээд шууд алхаа цохисон. Алхаа цохих нь Ерөнхий сайдын эрх мэдлийн асуудал. Харин тогтоолоо зурахгүй байх нь салбар хариуцсан сайд миний эрх мэдлийн асуудал. Тиймээс би энэ байр сууриа хатуу барина.
Ийнхүү дэд сайдын хэрүүл дуусаагүй байтал төрийн нарийн бичгийн даргыг томилох асуудал маргаан дагуулж эхэллээ.
С.ОТГОНСҮРЭН