З.Баянсэлэнгэ тендерийн асуудлаар мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.12.19-нд нийтлэгдсэн

З.Баянсэлэнгэ тендерийн асуудлаар мэдээлэл хийлээ

-Тэрээр тендерээс мөнгө завшсан бол шоронд ороход ч  бэлэн гэдгээ мэдэгдэв-

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ есөн  тэрбумын  тендерийг  “Арц суварга”  компанийн нэр дээр авсан гэх мэдээлэл  цацагдсан. Энэхүү мэдээлэл цацагдах үед гишүүн З.Баянсэлэнгэ гадаадад явж байсан  тул өөрийн Facebook хуудсаараа дамжуулан  тайлбар хийж байсан билээ. Тэрбээр  өнөөдөр дээрх мэдээлэлд асуудлаар албан ёсоор хариулт өглөө.

З.Баянсэлэнгэ гишүүн хэлэхдээ “Би УИХ-ын гишүүн болоод хоёр жил гаруй боллоо. Энэ хугацаанд нэг ч удаа хэвлэлийн бага хурал хийж байгаагүй. Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл Хонгконг улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах уулзалтад оролцоод ирсэн. Энэ хооронд намайг “Арз суварга” компанийн нэр дээр есөн тэрбумын тендер авсан гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Улс төрийн зорилготойгоор миний нэр хүндэд халдаж байгаад маш их харамсч байна. Өнгөрсөн хугацаанд сайн муугаараа зөндөө л хэлүүлж явлаа. Гэхдээ энэ удаад арай дэндэж байна. Есөн тэрбумын асуудал гэдэг онц хүнд гэмт хэргийн шинжтэй асуудал. Хэвлэл мэдээллийн байгууллагын ихэнх нь улс төрчдийн мэдэлд байдаг. Би үүнийг урьдчилсан зохион байгуулалттай, намайг байхгүй хооронд зориудаар нэр төрийг минь гутаах гэсэн оролдлого гэж харж байна. Улс орны эдийн засгийн хямарлын хүнд үед МАХН, “Шударга ёс эвсэл” ард түмнээ энэ хүндрэл бэрхшээлээс хурдан гаргах юмсан гэжи хичээж ирсэн.  Шинэ Засгийн газрыг  байгуулах үед МАНАН үүсгэхгүйн тулд би ажлын хэсэгт орж ажилласан. МАНАН үүсч болохгүй, хяналтгүй төр байх ёсгүй гэдэг дээр би хатуу байр суурьтай байсан. Надтай холбоотой энэ гүтгэлгийг МАНАН-тай холбоотой олигархиуд хийж байгаа үйлдэл гэж бодож байна. “Арц суварга” гээд байгаа тэр компани надтай ямар ч холбоогүй. Би тэр компанийг мэдэх ч үгүй. “Арц суварга” компани Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа учраас өөрийн нэр төрийг сэргээж тайлбар хийнэ гэж бодож байна. Энэ компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, яаж яваад есөн тэрбум төгрөгийг надтай холбогдуулсан талаар тайлбар хийх ёстой. Зарим сайтуудаас мэдээллийн эх сурвалжийг тодруулахад эх сурвалж байхгүй гээд нууцлаад байгаа. Намайг есөн тэрбумын тендер аваад Зайсанд орд харшид амьдарч байгаа гэсэн байна билээ. Хамгийн сүүлд TV5 телевизийн “Ажлын дараа” нэвтрүүлэгт оролцсон. Нэвтрүүлэг бэлтгэсэн сэтгүүлч манайд очсон. Би Чингэлтэй дүүргийн арвандолдугаар хорооны сурагчийн 777 тоотод одоо хүртэл амьдарч байна. Би сард татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ хасаад гар дээрээ 1318000 төгрөгийн цалин авдаг. Жирийн ардын хүүхэд УИХ-д орж болдог юм гэдгийг  би харуулсан. Энэ зам мөрийг балалчихгүй байх юмсан гэж хичээж ажиллаж байна.   Би цалингийн зээлтэй, “Худалдаа хөгжлийн банк”-наас авсан. УИХ-ын гишүүд дотор над шиг цалингийн зээлтэй хүн байхгүй байх. Онц хүнд гэмт хэрэгт  гүтгүүлсэн учраас би холбогдох хууль, хяналтын байгууллагад хандана. Би сайтыг, сэтгүүлчдийг цагдаагийн байгууллагад өгч мууг нь үзэх гэж байгаа юм биш шүү. Гэхдээ ийм явуургүй, хүний нэр төрд халдасан худлаа мэдээлэл гаргаж болохгүй. Ялангуяа  МАНАН үүсэхэд эсрэг байр суурьтай байсан МАХН-ын хүмүүсийн нэр төрд халдаж, онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн энэ үйлдэлийн захиалгат эзнийг олохын тулд хууль хяналтын байгууллагад хандахаас өөр аргагүй байдалд орж байна. Хэрвээ хууль хяналтын байгууллагаар шалгаад намайг их хэмжээний тендер авсан нь тогтоогдвол би УИХ-ын гишүүнээсээ татгалзахад, хариуцлага хүлээхэд бэлэн байна. УИХ-ын 76 гишүүнээс ганцхан би шүүхийн танхимд орж үнэн зөвөө тогтоолгосон. Хүн зодсон хэрэгт гүтгэгдэж найман сар шүүх, цагдаагаар явж байсан. Тухайн үед Чингэлтэй дүүргийн шүүхийн яллагдагчийн ширээний ард суугаад үнэн зөвөө тогтоолгоод гарч ирж байсан. Түүн шигээ би яллагдагчийн ширээний ард сууна. Би УИХ-ын бүрэн эрхээрээ далимдуулж ялаас мултарч байгаагийн эсрэг байдаг. Надад авсан юм байдаг байгаа бол шоронд ороход ч бэлэн байна.

З.Баянсэлэнгэ гишүүн мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-“Арц суварга” компанийг  9 тэрбум төгрөгийн тендерт оролцсон уу, үгүй юу гэдгийг нь шалгуулж болдоггүй юмуу?

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч компани тендерт оролцох эрхтэй. Хэн ч авч болно. Ямар учраас надтай холбогдосныг би мэдэхгүй байна. Тэр компанийн зүгээс өөрсдөө мэдээлэл хийх байх. Ер нь УИХ-ын гишүүд тендерт холбогддог нь үнэн. МАН дангаараа, хамтарч засаг барьж байхдаа тендер авч л байсан. Гишүүдийнхээ бүрэн эрхтэй холбоотойгоор бүх асуудал нь зогсч байсан. Тэгэхээр энэ байдаг үзэгдэл. УИХ-ын гишүүдийн хэн, хэн нь тендерт холбогддог вэ гэдгийг би нэр заагаад хэлж чадна. МАНАН-г хүсдэг, хамтарч татвар төлөгчдийн мөнгийг идэх сонирхолтой хүмүүс.

-Тендертэй холбоотой гишүүдээ нэрлэж болох уу?

-Шалгагдаж байсан хүмүүсийн хэрэг УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбогдуулж зогсож байсан. МАН-ын Ё.Отгонбаяр гишүүнээс эхлээд хүмүүс мэднэ шүү дээ. Гишүүнийхээ бүрэн эрхэнд халхавчлагдаад амь сугараад үлдэж байсан. Эхнэр нөхрүүд нь ч хүртэл холбогдож байсан.

-Таны гэр бүл, ах дүүсийн чинь нэр дээр компани байдаг уу. Та ер нь МАН-ын гишүүд энэ мэдээллийг гаргасан гэж хардаж байна гэж ойлгож болох уу?

-Манай нөхөр төрийн албан хаагч, ээж минь 70 гарсан хүн. Ямар ч компани байхгүй. Надад дүү байхгүй, нэг ах гадаадад, нэг нь Монголд найман нэрийн дэлгүүр ажилуулдаг. Ер нь миний ах дүүст компанитай хүн нэг ч байхгүй. Жижиг бизнес эрхлээд явж байгаа хүмүүс бол байгаа. Хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ бүгдийг дурдсан. МАН-ыг хардаж байгаа нь зүйн хэрэг. МАН-ынхан өчигдөр УИХ-г боёкотлож, МАХН-д дэд сайд өгөхгүй гэсэн байна билээ. МАН, “Шударга ёс эвсэл” МАХН-ыг засагт оруулахгүй, биднийг суудлыг багасгах бодлого барьж байсан. Энэ мэдээлэл МАН-ын сайтууд дээр эхэлж гарсан. Тиймээс надад хардах үндэслэл байна. Гэхдээ би МАН гэж нэртэй нь холбож тайлбарлмааргүй байна. Энд зөвхөн МАНАН үүсгэхийг хүсч байгаа бүлэглэл хамаатай. Тэгэхээр энэ бүлэглэлд МАН ч АН ч багтана.

-Г.Уянга гишүүн та хоёр Төрийн ордны баруун хэсгийн машины зогсоолыг өмчиллөө гэх мэдээлэл гарсан. Энэ талаар тайлбар өгөөч?

-УИХ-ын 2,3 эмэгтэй гишүүн УИХ-ын даргад хүсэлт гаргасан. Эдгээр гишүүд өөрсдөө машинаа баридаг. Заримдаа хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь авдаг учраас гадаа машинд хүүхдээ үлдээдэг. Хуралтай үед машинаа холдуул гэж утасддаг. Бид өглөө яг найман цагт ирдэггүй. Хүүхдээ машин дотроо үлдээчихээд ажил руугаа орно. Гараад ирэхэд хүүхдийн давсаг чинэрчихсэн байдаг. Ордонд хүүхэд оруулдаггүй болохоор хүүхэд бие засах газар байдаггүй. Тэр өдрийн хурлаа харж байгаад ирэхэд зогсоол байдаггүй. Хүн юм хойно бидэнд ч гэсэн хүндрэлтэй асуудал байдаг. Түүнээс биш жолоочтой, өөрөө машинаа барьдаггүй гишүүдийн талаар яриагүй. 2,3 хан эмэгтэй гишүүддээ зогсоол шийдвэрлээд өгөөч гэсэн хүсэлт УИХ-ын даргад тавьсан. Машин явдаггүй өдөр туслахаараа авахуулаад зогсоол дээрээ машиныг нь тавьж байя гэсэн юм. Тэгэхэд үүнийг сенсаацилж байдаг. Би үүнийг гадаадад явж байгаад мэдсэн. Эмэгтэй гишүүд маш их бухимдсан. Яагаад ингэж юм бүхнийг хараар будаж харуулаад байдаг юм бэ. Үүнийг ингэж улс төржүүлэх шаардлага байдаг ч юм уу. Бидэнд үнэхээр шаардлага байсан учраас л хүсэлт тавьсан. Гэхдээ 2,3хан эмэгтэй гишүүддээ зогсоол гаргаад өгөөч л гэсэн.

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж