УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас дараахь тодруулгыг авав.
-Танай бүлгийн гишүүд үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанд суугаагүйгээс болж хуралдаагүй. Танай бүлгийн удирдлагууд дэд сайд нарын томилгооны асуудлаас болоод чуулгандаа битгий суу гэдэг үүрэг өгсөн гэв үү?
-Наад асуултаа надаас биш бүлгийн даргаас асуу.
-Яагаад суугаагүй гэдгээ хэлээд өг л дөө?
-АН-д шахалт үзүүлэх гэж тэгсэн байх.
-Танай бүлэг өнөөдөр (өчигдөр) хаалттай хуралдаж Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилсонтой холбоотойгоор ширүүхэн байр сууриа илэрхийлж, Санхүүгийн зохицуулах хорооны даргын талаар ярилцсан гэсэн…
-Засгийн газар хууль дээдлэн ажиллах ёстой. Ялангуяа Ерөнхий сайд хууль биелүүлэх үүрэгтэй. Барилга, хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн даргын томилгооны асуудал хуулийн шууд зөрчилтэй томилолт болсон. Цагдаагийн даргын асуудал ч мөн хуулийн зөрчилтэй.
Ер нь бол хууль зөрчсөн томилгоонууд хуулийг уландаа гишгэн хавтгайрах талдаа болчихлоо. Үүнд сануулга өгч, Ерөнхий сайдаас тодруулга авсан. Бид төрийн албыг цомхон байх шаардлагыг өдий хүртэл тавьж ирсэн. Тиймээс энэ чиглэлд улс төрийн намуудын зөвшилцлийн ажлын хэсгийн хүрээнд яригдаагүй илүү сайдуудаа татахыг шаардсан. Илүү сайд гэдэг маань зарим яамд хоёр дэд сайдтай болсон байгаа. Улс төрийн бялуу хуваах маягаар, фракциуд хамтрах маягаар хандаж байгаа нь туйлын зохисгүй үйлдэл.
-Санхүүгийн зохицуулах хорооны даргыг танай бүлэг нэлээд хөндөж ярьсан гэсэн. Яг ямар асуудал тулгараад байгаа юм?
-Санхүүгийн зохицуулах хорооны дарга нь өргөдлөө өгөөд шинэ хүн томилох асуудал явж байна. Энэ удирдлагыг өнгөрсөн Их хурал байхад бид томилж байсан. Санхүүгийн зохицуулах хороо УИХ-ын дэргэдэх байгууллага. Энэ хүн томилогдсоноосоо хойш хийсэн ажил, санхүүгийн болон Хөрөнгийн биржийн нөхцөл байдал гээд бүх ажлаа Их хуралд тайлагнах үүрэгтэй.
Түүний дараа энэ асуудал яригдах учиртай. УИХ-ын дэргэдэх байгууллага гэдэг чинь хуулиар хүлээсэн үүрэгтэй, халдашгүй онцгой дархан эрхтэй, зургаан жилийн хугацаанд улс төрөөс үл хамааран томилогддог байгууллага. Гэтэл хуулийн хугацаа хүргэлгүйгээр энэ асуудал яригдаж байгаа нь сонин санагдаж байна. Уг асуудлыг ирэх долоо хоногийн бүлгийн хурал дээр хөрөнгийн болон санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдлын талаарх мэдээллийг нэхэж авна.
-Санхүүгийн зохицуулах хорооны дарга нь өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн гэж байнгын хороон дээр яригдсан шүү дээ?
-Өөрийн хүсэлтээр өргөдлөө өгчихөөр болчихдог юм биш л дээ. Энэ чинь Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо. УИХ-ын дэргэдэх байгууллага. Энэ хүн ажил үүрэг хариуцаж байгаа томоохон эрх мэдэл бүхий байгууллагыг удирдсан. Ажил хэрэгжүүлж чадаагүй бол яагаад хэрэгжүүлээгүй вэ, эрх зүй, улс төрийн ямар асуудал байна гэдгээ Их хуралд тайлагнасны дараа түүнд үндэслэн өргөдлөө өгөх ёстой. Түүнээс биш УИХ-ын дэргэдэх байгууллага нэг талаас ийм хариуцлагагүй, нөгөө талаас улс төрийн дарамттай, УИХ- ын удирдлагын улс төрийн шахалтаар асуудлыг хөндөж байна уу даа гэж би ойлгоод байгаа.
Э.ЭНХ
Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"