Яамдын нүүдэл, суудал

Хуучирсан мэдээ: 2014.12.19-нд нийтлэгдсэн

Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар яам, агентлагийн бүтэц орон тооны хязгаарыг баталж, орон тоог 15 хувиар бууруулах тогтоол гаргасан. Өөрөөр хэлбэл бүтэц, орон тоог боловсронгуй болгох замаар яам агентлагууд 15 хувиар цомхотгол хийж, төсөв хэмнэхийг салбар хариуцсан сайдуудад үүрэг болгоод байгаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн  Засгийн газарт 15 яам, 26 агентлаг ажиллахаар болж, Соёл, спорт аялал жуулчлалын яам татан буугдаж, Аж үйлдвэрийн яам шинээр байгуулагдсан. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд соёлын асуудлыг, Эрүүл мэндийн яаманд спортыг салбарыг, Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд  аялал жуулчлалыг хариуцуулаад байгаа. Мөн 150 ортой хүүхдийн эмнэлэг байгуулах шийдвэр Засгийн газраас гарч, татан буугдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжтой гэх хувилбар  гарсан юм. Харин зарим гишүүдийн зүгээс хотын төвд байрлах яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгох нь зохимжгүй, Зам тээврийн яамны байранд байгуулах талаар  яригдаж буй. Энэ мэт  татан буугдсан, шинээр  байгуулагдсан, бүтэц нь өөрчлөгдсөн яамдад нүүдэл, суудал хэрхэн өрнөж буйг сурвалжиллаа.


Зам тээврийн яам оны дараа нүүдэл хийх бололтой

Бидний эхний очсон газар бол Зам тээврийн яам. Тус яаманд ямар нэгэн хөл хөдөлгөөн, нүүдэл суудал хийгээгүй, нам гүм байв. Төрийн байгууллагуудаас зайдуу, гаднаа автомашины зогсоолтой энэ яамны байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглах нь тохиромжтой гэж буй. Энэ талаар хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнаас тодруулахад “Засгийн газрын хуралдаанаас Зам тээврийн яаманд эмнэлэг байгуулах саналыг хүлээн авч, асуудлыг судлахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгосон юм билээ. Үүнийг эцсийн шийдвэр гэж ойлгож болохгүй.  Хэрэв  манай яамны байрыг хүүхдийн эмнэлэг болголоо гэхэд яамыг хаашаа шилжүүлэх нь оновчтой вэ гэдгийг  судлах шаардлагатай. Зүгээр нэг айл нүүлгэхийн дайтай зүйрлэж болохгүй. Бидний хувьд хүүхдийн эмнэлэгтэй болохыг дэмжиж байгаа. Шийдвэр эцэслэж гарах юм бол мэдээж нүүдэл суудал хийх байх” гэх хариулт өглөө. Зам тээврийн яамны хувьд  160  гаруй алба хаагчтай. Засгийн газраас гаргасан 70 дугаар  тогтоолын хүрээнд орон тооны цомхотгол хийж, 110 орчим ажилтантай болсон гэх мэдээлэл байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар Төрийн захиргаа удирдлагын газрын дарга нь Төрийн нарийн бичгийн даргаа орлож байгаа тул ямар нэг халаа, сэлгээ хийгээгүй, хүлээлтийн байдалтай байв.


 

Шинэ яамныхан ширээ сандлаа зөөсөөр

Шийдлийн Засгийн газарт Аж үйлдвэрийн яам шинээр ажиллана. Хуучин таван яамны байранд байрлаж буй Аж үйлдвэрийн яам хэдийн хаягаа шинэчилжээ. Дотогш орвол  төрийн тусгай хамгаалалтын алба хаагч, хэн юу хариуцаж байгаатай танилцаж амжаагүй байгаагаа учирлав. Харин ажилтнууд нь сандал ширээгээ дээш доош зөөцгөөж, ихэд хөл хөдөлгөөнтэй байлаа.


Ингээд тус яамны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтохтой уулзлаа.

-Аж үйлдвэрийн яаманд хаанаас ямар газрууд ирж байгаа вэ. Бүтэц зохион байгуулалтаа хийсэн үү?  

-Аж үйлдвэрийн яам нийт  долоон газартай байна. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас хүнд болон хөнгөн үйлдвэрийн  бодлогын газар, Хөдөлмөрийн яамнаас жижиг дунд үйлдвэрийн газар, хуучин Эдийн засгийн хөгжлийн яамны бүтэц зохион байгуулалтад байсан  чөлөөт бүс, худалдааны асуудлууд манай яаманд ирж байна. Мөн төрийн захиргаа, мониторингийн газар, эдгээрийг холбосон Стратеги, бодлого төлөвлөлтийн газар ажиллана. Стратеги, бодлого төлөвлөлтийн газар дээр аж үйлдвэрийн фарк, үйлдвэр технологийн асуудал хамаарна. Ер нь Монгол Улсад  явагдаж байгаа үйлдвэрлэлийн бүх асуудал Аж үйлдвэрийн яаманд  төвлөрч байна. Үйлдвэржилтийн бодлого нь мэдлэг, оюуны багтаамж ихтэй, нэмүү өртөг  шингэсэн үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэхээр ажиллана. Өмнө нь өөр яамдад байсан бодлогууд цаашаа үргэлжилнэ. Гол нь уялдах хэрэгтэй учраас Аж үйлдвэрийн салбарт  төрөөс баримтлах бодлогоо  эхний ээлжинд гаргана.  Мөн үйлдвэрлэлд дутагдаад байгаа өндөр технологи, олон улсын стандарт бий болгоход анхаарна.

-Салбарын боловсон  хүчин хэр хангалттай байна вэ. Зарим ажлын байранд сонгон шалгаруулалт явуулна гэж сонссон?

-Зарим нэг газрын ажлын байрны орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлана. Тухайлбал хүнд үйлдвэрийн газарт мэргэшсэн боловсон хүчин хэрэгтэй байгаа. 

– Хөдөлмөрийн яамны харьяанд байсан  Жижиг дунд үйлдвэрийн газар   танай яаманд ирсэн. Харин ажлын байр бий болгох гэдгээрээ Хөдөлмөрийн яамандаа байх нь зөв гэж яригдаж байсан. Аж үйлдвэрийн яаманд харьяалагдах  нь зөв гэдэг  шийдлийн тухайд?  

-Жижиг дунд үйлдвэрлэлийн  тухайд ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийг солонгоруулдаг гэдэг ойлголт бий. Нөгөө талаас өрхийн үйлдвэрлэлээс үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч чиглэл рүүгээ явах ёстой. Өөрөөр хэлбэл өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаас нь харах хэрэгтэй. Ганцхан өрхийн үйлдвэрлэлээ  дэмжээд ажлын байр нэмэгдүүлнэ гэдэг өнцгөөс харвал урт хугацаандаа тогтвортой явж чадахгүй, нэг л хэвэндээ байх хандлага  байна. Тиймээс  үйлдвэрлэл эрхлэгчид өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, бүтээгдэхүүнээ өргөжүүлэхэд Аж үйлдвэрийн яамтайгаа уялдаж явах ёстой. Жижиг дунд үйлдвэрлэл томохоон   үйлдвэрээ дагадаг, хөнгөн үйлдвэртэй  өртгийн сүлжээ бий болгож  хөгждөг.

Шинээр байгуулагдсан Аж үйлдвэрийн яамны тухайд 101 орон тоотойгоор батлагдсан ч зарим орон тоон дээр сонгон  шалгаруулалт зарлахаар хүлээгдэж байгаа аж.


Он гараад бужигнах нь….

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны бүтэц эцэслэн батлагдсан ч  яаманд албан ёсоор ирээгүй байв. Тус яам хуучин бүтцээрээ буюу аялал жуулчлалын салбар  ирээгүй байхад 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байсан гэнэ. Засгийн газраас 15 хувиар орон тоо цомхотгох үүрэг өгсөн учраас гурван хэлтэстэй байсан усны асуудлыг нэгтгэх, хуулийн албыг татан буулгах замаар аялал жуулчлалын салбараа шингээх магадлал өндөр байгаа аж. Д.Оюунхорол сайд ажлаа аваад халаа сэлгээ хийхгүй гэж мэдэгдсэн ч бүтцэээ өөрчилж, орон тоогоо 15 хувиар цомхотгохоор 20-30 төрийн алба хаагч ажилгүй болох нь тодорхой. Харин татан буугдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны ажилтнуудыг өнөөдрийн байдлаар тал тал тийш нь шилжүүлээгүй, урьдын адил ажлаа хийцгээж байв. Бусад яамдын ажилтнууд ч  “Он гараад шийдэгдэх байх” гэсэн хүлээлттэй сууцгаана лээ.

С.ОТГОНСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж