УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Мөн чуулганаар Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхдугаар хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 73.2 хувь нь дэмжлээ. Санал хураалтад 41 гишүүн оролцсоноос 30 нь дэмжсэн юм.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Гадаад, дотоод зээл өрийн босгыг давчихаад байхад нэмж 320 тэрбум төгрөгийн бонд гаргах нь зохисгүй. Өрийн босго ДНБ-ний 50 хувь руу дөхнө. Ингэж хууль зөрчиж болохгүй. Дээр нь бондыг хэн худалдаж авах вэ гэдэг тодорхойгүй байгаа. Арилжааны банкуудын найдваргүй зээл 2-3 дахин нэмэгдэж, 400 гаруй тэрбумд хүрсэн гэх мэдээлэл бий. Эцсийн дүндээ энэ бондыг Монголбанк худалда авч, эргээд инфляци үүсгэж мэднэ. МАН өрийн таазыг нэмэгдүүлэхгүй гэж байр сууриа илэрхийлдэг байсан, одоо болохоор хууль зөрчиж байна” гэсэн юм.
Сангийн сайд Ж.Эрдэнэбатын хариултаар бол 320 тэрбум төгрөгийн бонд гаргахад өрийн таазад нөлөөлөхгүй. Оюутолгойн урьдчилгаа болон өмнө гаргасан бондын хүүг төлөх хугацаа болсон учраас 320 тэрбум төгрөгийн бонд гаргахаас аргагүй болжээ. Мөн бондыг худалдаж авах хэсэг цөөн аж. Хүүгийн хэмжээ өмнөхөөсөө өсөх учраас өртөг өндөртэй тусах юм байна.
Тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэнээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулаад байна. Энэ хооронд УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2014 оны төсвийн тодотгол, мөн түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж буй юм.
Байнгын хорооны хуралдаан дуусангуут чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, энэ оны төсвийн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.
Г.ДАРЬ