Эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахимаар хүлээн авах бэлтгэл ажил дуусчээ. Өчигдрөөс эхлэн Эрчим хүчний зохицуулах хорооны www.erc.mn/mn вэб хуудасны нүүрэн дээрх E-License цонхонд нэвтэрч бүртгүүлэн тусгай зөвшөөрлийн өргөдөл, хүсэлтийг илгээх боломжтой болсон юм байна. Тусгай зөвшөөрлийн цахим систем ашиглалтад орсноор Эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн холбогдолтой үйлчилгээг олон шат дамжлагагүй цогц байдлаар авах боломж бүрдэж байгаа нь энэ юм. Мөн тусгай зөвшөөрөл олгох үйл явц түргэн шуурхай, чанартай болох, хэлтсийн мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн бүтээмж дээшлэх, үйлчилгээний чанар сайжрах давуу талуудтай гэнэ. Цаашид тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг цахим хэлбэрээр үнэлж дүгнэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаарх мэдээллийг цахим бүртгэлд шилжүүлэх ажлыг хийх юм байна.
Б.БУД