Намууд дэд сайдуудаа тодруулж, өчигдөр Засгийн газрын хуралдаанаар 17 дэд сайд томилоод байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр МАН намдаа 100-аас дээш сая төгрөгийн хандив өгсөн хүмүүсээ дэвшүүлсэн гэх мэдээлэл цацагдсан юм. Тэгвэл энэ асуудлаар шүүхэд хандах болсон тухайгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийг дарга Ж.Мөнхбат өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Тэрбээр "МАН-ын Удирдах зөвлөл дэд сайдуудаа ардчилсан, шударга зарчим баримталж сонгосон. МАН албан тушаалыг мөнгөөр үнэлдэггүй. МАН-ын зүгээс худал мэдээлэл тараасан зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэнэ” гэсэн юм. Харин сэтгүүлчдийн зүгээс намдаа хандив өгсөн хүмүүсийг дэд сайдаар томилсон гэх асуудлыг нам дотроос нь мэдээлж байгааг хэлэхэд “Тэр хүмүүсийнхээ талаар боломжтой бол бидэнд мэдээлэл өгөөрэй” гэж байлаа. Намын генсекийн хувьд дэд сайдуудаа мэргэжлийн, хууль бус зүйлд холбогдож байгаагүй, салбартаа ажилласан туршлагатай, намаа ялагдаж сөрөг хүчин болсон хугацаанд намынхаа төлөө ажилласан байдлыг харгалзаж сонгосон гэж буй. Гэтэл АТГ-т шалгуулж байсан БЗД-ийн засаг дарга асан Б.Батзориг, Аж үйлдвэрийн дэд сайдад өрсөлдсөн 11 хүнээс тэтгэвэртээ гарсан Х.Баделханыг сонгосон нь сонголт шударга байсан эсэхэд эргэлзэхэд хүргэж байна.
М.ШАРХҮҮ