Английн Премьер лигийн "Челси" клуб Бельги хагас хамгаалагч Эден Азардтай шинэ гэрээ үзэглэхэд ойрхон байна. Тэд түүнд долоо хоногийн 200 мянган фунт стерлингийн таван жилийн шинэ гэрээг санал болгожээ. 23 настай Бельги залуугийн хувьд 2012 онд Лондонд ирсэн цагаасаа эхлэн тогтмол сайн тоглолтуудыг үзүүлж байгаа бөгөөд өнгөрсөн улирлаас эхлэн "Челси" клубын жолоог дахин атгасан Португаль мэргэжилтэн Жозе Моуриньогийн багийн цаашдын ирээдүйн төлөвлөгөөнд багтаж буй гол тоглогчдын нэг юм. Энэ улиралд тэрбээр "Челси"-гийн нэрийн өмнөөс 16 тоглолтод оролцон 6 гоол, 3 оновчтой дамжуулалт өгөөд байна.
Дашрамд дуулгахад Эден Азарын төлөө энэ өвлийн солилцоо, наймааны цонхоор "Реал Мадрид", "ПСЖ" зэрэг Европын топ клубууд нэлээд өндөр үнийн санал тавихаар зэхэж байгаа гэсэн мэдээлэл байгаа бөгөөд хэрэв тэрбээр багтайгаа шинэ гэрээ байгуулах юм бол эдгээр клубуудын хувьд түүнийг авах бодлоо орхих хэрэгтэй болох юм.
Эх сурвалж: www.mminfo.mn