МАН-ын дэд сайдууд юу хэлэв

Хуучирсан мэдээ: 2014.12.18-нд нийтлэгдсэн

МАН-ын дэд сайдууд юу хэлэв

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн толгойлсон шийдлийн Засгийн газар 17 дэд сайдтай ажиллахаар болж, үүнээс долоон дэд сайд нь МАН-аас  томилогдоод байгаа. Харин олон нийтийн зүгээс дэд сайд гэх хэрэггүй албан тушаалыг байхгүй болгох хэрэгтэй гэж шүүмжилж буй. Энэ талаар шинээр томилогдсон зарим дэд сайдууд ямар бодолтой байгааг  хүргэж байна.

Арслан шүтээн, нохой савдагаа 300 саяар бүтээсэн

Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг:

-Таныг төсвийн хөрөнгөөс завшсан үндэслэлээр шалгаж байсан. Энэ асуудал яаж шийдэгдсэн юм бэ?

-2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр яригдаж байсан асуудал. Сонгууль болохоор л  гүтгэдэг, хийсэн бүтээснийг нь үгүйсгэдэг. Энэ удаа улстөрийн албан тушаалд томилогдсонтой холбоотойгоор  олон тэрбум төгрөгөөр хөшөө барьсан гэдэг асуудал сөхөгдөж байх шиг байна. Үнэндээ бол   олон тэрбум төгрөгөөр   хийгдсэн ч ажил биш.  Баянзүрх дүүргийн хувьд иргэдийн санаачлагаар ажил хийдэг.  Манай  Баянзүрх хайрхан арслан шүтээнтэй,  нохой савдагтай. Иргэдтэйгээ ярьж байгаад тэр шүтээнээ 300 орчим сая төгрөгөөр бүтээсэн. Тухайн үед АТГ шалгаад шүүхээс гэм буруугүй гэдэг нь тогтоогдсон асуудлыг сөхөж байгааг улстөрийн шинжтэй  гүтгэлэг гэж харж байна. 2008-2012 онд би Засаг даргаар ажилласан. Энэ хугацаанд  жил бүр оны шилдэг болж байсан. Манай баг хамт олон тухайн үед сайн ажилласан гэж бодож байгаа.  

-Дэд сайд хэрэггүй гэдэг шүүмжлэлийг олон нийт тавьж байгаа. Таны бодол?

-Дэд сайд бол улстөрийн албан тушаал. Энэ албан тушаал хэрэгтэй үгүйг ард түмэн шүүнэ.

Засгийн газар, УИХ энэ  албан тушаалыг байх ёстой гэдэг үүднээс  томилгоо хийж байна гэж ойлгож байгаа. Дэд сайдаар томилогдох гэж байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн  засгийн хямралыг нэг баг болж хамтан ажиллаж  даван туулах хэрэгтэй гэдгийг сануулсан.  АН-аас томилогдсон сайдтайгаа нэг баг болж хамтарч ажиллана гэж бодож байна.

Сайдыг орлож, ажлыг нь тасалдуулахгүй авч явна

Нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар:

-Дэд сайд  гэх албан тушаал байх хэрэггүй гэдэг шүүмжлэл бий. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ? 

-Ер нь хоёр талтай. Улстөрийн  талаасаа сонгуульд оролцсон намууд  өөрийнхөө боловсон хүчнийг томилуулах нь намуудын сонирхол. Нөгөө талаас салбар хариуцаж байгаа сайд УИХ-ын гишүүн бол маш олон ажил давхцдаг.  Хууль эрхзүйн актуудыг боловсруулах, Засгийн газрын хуралдаан, бусад хурал уулзалт, гадаад дотоодын томилолт  гээд.  Энэ нөхцөлд сайдыг орлож, ажлыг нь тасалдуулахгүй авч явах хүн хэрэгтэй. Энэ хүрээнд ажиллана.

Манай, танай нам гэхгүйгээр хамтарч ажиллана

Эрүүл мэндийн дэд сайд Н.Атармаа:

-Танай салбарт хийж хэрэгжүүлэх ажил мундахгүй их бий. Харин бүрэн эрхийн хугацаа тань маш богино байна. Мөн дэд сайдын эрх мэдэл тун бага байдаг. Сайдаа эзгүйд ажлыг нь Төрийн нарийн бичгийн дарга нь орлон гүйцэтгэдэг шүү дээ. Энэ талаар таны бодол?

-Дэд сайд бол улс төрийн албан тушаал. Гэхдээ энийг өөрсдийн эрх ашгаа хэрэгжүүлэх албан тушаал гэж ойлгож болохгүй. Би энэ салбарын шат шатанд ажиллаж явсныхаа хувьд хувь хүний эрх ашгаас илүү салбарынхаа эрх ашгийг тэргүүнд нь тавьж  ажиллана. Нийгэм даяараа Эрүүл мэндийн салбарыг урвайсан, нурмайсан байдалтай байгаа гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ өнөөдөр Шийдлийн Засгийн газар мөн шийнээр томилогдож буй сайд нар тус салбарыг одоо байгаа түвшингээс  буулгахгүйгээр, аль болох өөдөө дээш нь татаж, үйл ажиллагааг нь сэргээх, сайжруулах, үзүүлж буй тусламж үйлчилгээнийх нь чанарыг дээшлүүлэхээр ажиллана. Нөгөө дэд сайд маань АН-аас томилогдсон. Тиймээс бид танай манай нам гэхгүйгээр хамтарч ажиллана. Цаашид эмнэлэг эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн асуудлыг хамгаалах чиглэлд анхаарал хандуулна. Бодлогын хувьд хийж хэрэгжүүлэх  ажлууд олон бий. Миний хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндээ хариуцсан ажиллаж байгаа сайдын хувьд эх хүүхдийн эрүүл мэндийн хамгаалах, сайжруулах асуудлыг бусад сайдуудтайгаа хамтран Төрийн бодлогын түвшинд авч хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, эмч ажилчдын хариуцлагын асуудал, эмнэлэгийн санхүүжилт, засаг захиргааны нэгжтэй холбоотой бүтэц зохион байгуулалтын асуудлыг  өөрсдийнхөө хүрээнд зохицуулалт хийж, шийдвэрлэх, эмнэлэгийн барилгын асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байна.

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж