Амьдрал сайжирсан гэдгийг
иргэд өөрсдөө мэдрэх нь хамгийн чухал
Ан Сан Су Чи
Нобелийн шагналтан
Социализм монголд ноёрхож байх 70 жилийн бүхий л хугацаанд нийтдээ 100 мянган м.кв талбай бүхий орон сууц ашиглалтанд оруулжээ. Харин одоо ийм хэмжээний талбай бүхий орон сууцыг монголчууд 2 жилд барьж ашиглалтанд өгч байна. Чанар, зохион байгуулалт, тав тух гэх мэт үзүүлэлтийг бол харьцуулалтгүй байх.
Орон сууцны эрэлтийг бүтээн байгуулалт гүйцэхгүй байгаа. Нийслэлийн удирдлагуудын хийсэн судлагаагаар зөвхөн Улаанбаатар хотод гэхэд л орон сууцанд амьдрахыг хүсч байгаа 200 мянган өрх байна. Жилд дунджаар 10 мянган өрх орон сууцанд шилжин орж байгаа гэдгээс багцаалах юм бол 20 жилийн дараа л одоогийн хэрэгцээ хангагдах төлөв харагдна. Гэтэл шинээр гэр бүл үүснэ, залуус, иргэдийн орон сууцны хэрэгцээ өсөн нэмэгднэ гэдгийг тооцох аваас лавтай 25 жилийн дараа л орон сууцны анхдагч хэрэгцээ хангагдсан байх бололтой. Энэ хугацааг наашлуулахын тулд иргэдийг богино хугацаанд тохилог сууцаар хангах ажлыг урагшлуулахын тулд эерэг санаа бодол агуулсан, эерэг дэмжлэг түгээгч байгууллагууд хамтран ажилласан илт эерэг үр дүн өгч эхэллээ.
Иргэдийг, тэр дундаа бага, дунд орлоготой хэсгийнхнийг орон сууцаар хангах эерэг санаачлагыг үндэсний барилгын компаниуд нэгдэн гаргасныг Хөгжлийн банк бодитоор дэмжиж 97,5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосны эхний үр дүн нь Буянт-Ухаа хороолол болон газарт гагнагдан, тэнгэрт сүндэрлэжээ. Хоёр үе шаттай энэхүү төсөлд олгох санхүүжилтийн хэмжээг Улсын Их Хурлын 36 дугаар тогтоол, Засгийн газрын 138, 341 дүгээр тогтоолуудаар тогтоосны дагуу Хөгжлийн банкнаас нийтдээ 200 тэрбум төгрөг олгох ёстой ажээ.
"Буянт-Ухаа 1" хороолол нь ХУД-ийн 9-р хорооны нутаг дэвсгэрт оршдог. 1764 айлын орон сууц, 120 хүүхдийн цэцэрлэг, 380 кв.м талбайтай үйлчилгээний төв бүхий цогцолбор хороолол юм. Ашиглалтанд орсон.
“Буянт-Ухаа 2” хороололд 7500 айлын орон сууц баригдах юм байна. Эхний ээлжинд 2592 айлын есөн давхар 48 барилга баригдаж байгаа ажээ. Мөн 2 Ерөнхий боловсролын сургууль, 4 цэцэрлэг, 1 үйлчилгээний төв, спортын талбай, ногоон байгууламж баригдах гэнэ. Эхний ээлжийн гүйцэтгэл 90 хувьтай байна.
Үндэсний Бүтээн Байгуулалтын корпораци гэдэгт “И Си Си”, “Улаанбаатар барилга”, “БҮТИ”, “Дельта констракшн”, “Эрэлт импекс” ХХК зэрэг барилга, бүтээн байгуулалтын хангалттай туршлага хуримтлуулсан компаниуд нэгджээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ч тэдний эерэг санаачлагыг шууд дэмжиж 100 га газрыг Буянт-Ухаа хороолын бүтээн байгуулалтанд зориулан олгосон байна.
Эерэг санаачлагаар өдөөгдөн, эерэг дэмжлэгээр боссон Буянт Ухаа хорооллын онцлог нь иргэдийн тав тух, аюулгүй байдлыг хангах талаар анхнаасаа маш сайн бодож төлөвлөсөн явдал юм. Энэ хорооллын хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ явахдаа машины зам хөндлөн гарч, эрсдэлд орохгүй. Байрнууд болон сургууль, цэцэрлэгийн хоорондох явган хүний замууд автамашины замтай огтлолцохгүй байхаар төлөвлсөн ажээ. Өөр нэг эерэг мэдээлэл нь барилгын талбайд цутгалтын үед 700, дотор гадна заслын үед 1000 ажлын байр бий болж, дан монголчууд энэ хорооллыг бүтээн босголоо.
Нэмж дуулгах эерэг мэдээ бол хорооллын дотоод инженерийн байгууламж дулаан, цэвэр усны шугам сүлжээг хонгилын системээр төлөвлөж барьсан нь монгол улсын түүхэнд чухал тэмдэглүүлштэй технологийн ололт гэж тооцогдож байна. Инженерийн шугам сүлжээний ашиглалт, явцын засвар үйлчилгээг хийх гээд зам талбай эвдэж, газар ухдаг практик энд дуусгавар болж байгаа аж.
Эерэг дэмжлэгээр боссон бүтээн байгуулалтын өгөөжийг бага, дунд орлоготой иргэдэд түлхүү хүртээх үүднээс Засгийн газраас “Буянт Ухаа-1” орон сууцны хороололд захиалга авах журмыг батлан гаргасан билээ. Ингэснээр орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчид, 40 хувийг залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд худалдан авах боломж бүрдсэн юм.Энэ журмын дагуу байранд орсон ахмадууд сэтгэгдлээ илэрхийлж байна.
Х.Чагдаа ахмад настан: Эхнэр бид хоёр боловсролын байгууллагад 40 гаруй жил ажилласан. “Буянт-Ухаа1” хороололд орохоос өмнө олон байр дамжиж, хүний амьдралын баяртай хөөртэй, хэцүү гээд бүх л үеийг тууллаа даа. Харин насны эцэст ийм сайхан байртай болсондоо одоо хэр баяртай байдаг шүү. Олон мянган хүмүүсийн мөрөөдлийг биелүүлсэн байрандаа эзэн нь болж, орон сууцанд амьдарч сурах хэрэгтэй байна даа бид. Хүүхдүүд зөв тоглож сурч, залуус бид зөв үлгэрлэж, хогоо хогийн саванд нь хаяхаас л эхэлнэ шүүдээ.
Л.Гоогормаа ахмад настан: Байр сайхан байна өө. Дулаахан, чимээ шуугиан бага, Богд уулаа хараад л, үзэгдэх орчин гоё гээд хорооллоо магтаад байвал их юм байна. (инээв) Гэхдээ бас зарим нэг зүйл дээр анхаарах ч зүйл байна. Хүүхдүүд тоглоомын талбайд зөв тоглож сурах хэрэгтэй байна. Ороод сар ч болоогүй байхад тоглоомууд эвдэрчихсэн байна шүүдээ. Гэхдээ бүх оршин суугчид байрандаа ороод СӨХ байгуулагдчихвал аандаа бүх зүйл хэвэндээ ороод сайхан болох байхаа. Аливаа зүйл эхлэхдээ ийм л байдаг шүү дээ. Бүхий л зүйлийг сөргөөр харж, шүүмжилж, болохгүй бүтэхгүй байна гэхээсээ өмнө өөрөө өөрчлөлтийг эхлүүлэх ёстой. Ядаж л хогоо орцны үүдэндээ овоолох биш тав алхамын газар залхууралгүй очоод хаячихдаг болох хэрэгтэй гэж бодож байна. Манай хүүхдүүд төрийн албан хаагч юм. Тэгээд сугалаагаар энэ байрыг хожсон доо баяртай байна. Бидэн шиг олон хүмүүс бий. Тэдэнд бас ийм боломж улам бүр нээгдэнэ гэдэг итгэлтэй байна.
Хөгжлийн банкны эерэг дэмжлэг ийнхүү иргэдэд хүрч байна. Энэ дэмжлэг цаашид ч үргэлжлэнэ. Үүний нэгээхэн жишээ нь Буянт Ухаагаас холгүй баригдах "Шинэ яармаг" орон сууцны цогцолбор хороолол ажээ. Энэ хорооллын бүтээн байгуулалтанд Хөгжлийн банк 300 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх ёстой. Одоогоор Төсөл хэрэгжүүлэгчийн БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас авах зээлийн нэгдүгээр үе шатанд зориулж 83.9 сая ам.долларын зээлийн баталгааг гаргаад байна. Шинэ яармаг төсөл хэрэгжснээр 3955 айлын орон сууц баригдах бөгөөд 2018 оны 9 сард иж бүрэн ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Хөгжлийн банкны зүгээс Шинэ яармаг хорооллын бүтээн байгуулалтын бэлтгэл ажилд дэм болох цахилгааны дэд станцын барилгын ажлыг 14 тэрбум орчим төгрөгөөр санхүүжүүлсэн дүн мэдээ байна. Хүчин чадлын хувьд 110/35/10 кВ-ын дэд станц агаад "Цагаан хорол" ХХК гүйцэтгэлийн тендерт шалгаран ажиллаж байгаа гэнэ. Одоогоор төслийн гйүцэтгэл 83,1 хувьтай явна. Энэ дэд станц нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах нийт 7000 айлын орон сууц, тэдгээрийг дагалдах 7200 сурагчтай сургууль, 1800 хүүхдийн цэцэрлэг, өдөрт 1050 хүнд үзлэг хийх өрхийн эмнэлэг, 800 ажлын байр бүхий оффисын барилга, 400 ажлын байр бүхий ахуйн үйлчилгээний барилга байгууламжуудыг эрчим хүчээр хангах зориулалтай юм.
Ийнхүү Хөгжлийн банкны эерэг дэмжлэг цагаа олж, үр шимээ түгээсээр байгааг иргэд талархалтайгаар хүлээн авч байна.
Эерэг бүхэн дэгжин дэлгэрч, эх монгол улс минь мандан бадрах болтугай!