УИХ-ын чуулганаар өнөөдөр 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой байсан ч, ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар 14:00 цаг хүртэл хойшлоод байгаа. Бие даагч гишүүд Загсийн газарт хамтарсан намууд төрийн нарийн бичгийн даргын судлаа булаацалдан маргалдаж, чуулганыг хойшлуулсан хэмээн үзэж байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар дараах байр суурийг илэрхийллээ.
Ц.Даваасүрэн: Бидний авсан мэдээллээр намууд төрийн нарийн бичгийн даргын суудлаа булаацалдаад тохиролцож чадахгүй байгаа юм байна. Цаг үе эдний албан тушаалын хувиарлалтыг хүлээхгүй нөхцөл байдал үүсчихсэн. Нэгдүгээр сарын 1-н гэхэд ирэх оны ажил эхлэх ёстой. Ямар ч хугацаа үлдээгүй байхад сандал суудал дээрээ тохиролцож чадахгүй төрийн ажлыг цалгардуулж байна. Ер нь намууд “бялуу” хүртэх гэж л Засгийн газарт орсон гэдэг нь харагдаж байна. МАН Ч.Сайханбилэгтэй хамтрахгүй, засгийн газарт орохгүй, давхар дээлийг дэмжихгүй, яамдын тоог нэмэхгүй гэж байсан ч бүгдийг нь хийсэн. Дэд сайдын тоог хоёроор нэмсэн. Одоо өрийн босгыг 320 тэрбум төгрөгөөр нэмж байна. Ийм байж болохгүй. Ард түмнээрээ ингэж тоглож болохгүй шүү дээ. Эд нэр сонгууль болоход манай гишүүд ирээд саналаа өгчихдөг юм гэж бардам загнаж байна. Тиймээс намын гишүүд гэх нөхөд энэ бүхнийг ухаалаг харж, хандах ёстой. Намын гишүүдэд л итгэж орой дээр нь суусан хүмүүс ийм муухай үйлдэл хийж байна. Гол найдвар нь намын гишүүд.
– Та Төсвийн байнгын хорооны даргын ажлаа өгөх үү?
-Өгнө. Байнгын хорооны дарга нар жилийн хугацаатай томилогддог. Би өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын сүүлээр энэ албан тушаалд томилогдож байсан. Хугацаа нь дуусахаар өгнө.
С.Ганбаатар: Өнөөдөр УИХ-аар 2014 төсвийг тодотгох ёстой байсан. Төсвийн орлого тасарсан. Гол шалтгаан нь уул уурхайгаасаа бид мөнгөө авч чадахгүй байгаа. Үүнийгээ тодотгож ямар зардлаасаа танах вэ гэдгээ ярих ёстой. Энэ чухал асуудал дээр МАН, АН хоёр төрийн нарийн бичгийн даргын суудлаа хувааж чадахгүй, маргалдаж, хуралдааныг хаяж гарсан. Эдний сандал суудлын хувиарлалтаас болж төрийн ажил гацаж байна. Зүгээр л дээрмийн бүлгүүд шиг мөнгө, сайдын суудал, төрийн нарийн, дэд сайдуудад хэрхэн хуваах вэ гэдэг дээр л нийлсэн хүмүүс байна. Тэгээд төрийн нарийн бичгийн суудал дээрээ тохиролцож чадахгүй, арчаагаа алдаж байна. Үүнийг бие даагчдын зүгээс хатуу эсэргүүцнэ. Төсвийн тодотгол дээр бид шүүмжлэлтэй хандаж байгаа. Төсөв нэг их наяд төгрөгөөр тасарна гэдэг байж боломгүй зүйл. 3000 орчим лиценз авсан уул уурхайн компаниуд Монгол Улсад яаж татвар төлөхгүй байх вэ гэдэг дээр мэргэшсэн. Тэдний төлөөллүүд нь парламентад сууж, төсөвт мөнгө өгөхгүй байх ажил хийж байгаа учраас төсөв тасарч байгаа. Ирэх жил дахиад ийм утгагүй зүйл яриад суухгүйн тулд хуулиа чангатгах хэрэгтэй. Гадаадын, дэлхийн бакны лобигоор орж ирсэн энэ хуулиуд бүгд үндэстэн дамнасан корпариацууд монголын төсөвт мөнгө өгөхгүй байхыг л зааж өгсөн. Мөн өрийн таазыг нэмэх гэж байгаа. Эд 326 тэрбумын үнэт цаас босгоно.
С.ОТГОНСҮРЭН