“Sony Pictures” компанийн сүлжээд халдсан хакерууд “Ярилцлага” /The Interview/ киног олон улсын кинотеатруудаар гаргахын эсрэг есдүгээр сарын 11-ны халдлагаар сүрдүүлжээ. Өөрсдийгөө “Энх тайвныг сахин хамгаалагчид”/ Guardians of Peace / гэж нэрлэсэн хакерын бүлэг “Ярилцлага” киноны үзэгчдэд 2001 оны аймшигт халдлагыг давтана хэмээн сүрдүүлсэн байна. АНУ-ын Тагнуулын төв агентлаг /CIA/-гаас хакеруудын халдлагыг батлаагүй боловч сэрэмжлэх нь зүйтэй гэж мэдэгдсэн аж. Иймд “Sony Pictures” компани аюулгүй байдлын үүднээс "Ярилцлага"–ыг кинотеатруудаар гаргахаа цуцалжээ. Үүний оронд тус киног “DVD”, “Blu-ray” хувилбараар цацаж, интернэтэд байршуулж магадгүй тухай Холливудын эх сурвалж мэдээлэв. Жүжигчин Сет Рөүжен, Жеймс Франко нарын тоглосон “Ярилцлага” кинонд удирдагч Ким Чен Уныг таагүй байдлаар харуулжээ. Кино нийт 42 сая ам.долларын өртөгөөр бүтсэн аж.
АНУ-д өмнө нь Колорадо мужийн Аврора хотын кинотеатрт “Харанхуйн хүлэг баатар” /The Dark Knight Rises/ киноны нээлтийн үеэр халдлага гарч байсан юм. “Сентури 16” кинотеатрт Жеймс Холмс гэгч гал нээж 12 хүний амийг хөнөөж, 70 хүнийг шархдуулж байжээ. Түүнчлэн Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагийг онгоцоор мөргөж сүйрүүлсэн халдлага 2001 оны есдүгээр сарын 11-нд гарч 3000 орчим хүн амь үрэгдэж, 6000 гаруй хүн гэмтэж бэртсэн юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: The Christian Science Monitor