“МАН албан тушаалыг мөнгөөр үнэлдэггүй”

Хуучирсан мэдээ: 2014.12.18-нд нийтлэгдсэн

“МАН албан тушаалыг мөнгөөр үнэлдэггүй”

МАН-ын удирдах зөвлөлөөс өөрт оногдсон долоон яамандаа дэд сайдуудаа тодруулж, Засгийн газраас өчигдөр тэднийг томилоод байгаа. Харин өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тус намаас дэд сайдаар томилогдсон  дэд сайдууд мэдээлэл хийлээ. Уул уурхайн дэд сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн  өнөөдөр гадаадад  томилолтоор явсан тул хэвлэлийн хуралд хүрэлцэн ирээгүй. МАН-ын  генсек Ж.Мөнхбат “Нийт 43 хүн дэд сайд болох хүсэлтээ ирүүлснээс орон нутгийн дөрвөн хүн нэрээ татсанаар 39 хүн өрсөлдсөн. Удирдах зөвлөлийн зүгээс  дэд сайдаар ажиллах хүнд 12 шалгуур тавьсан. Тухайлбал, мэргэжлийнх, хууль бус  зүйлд холбогдоогүй байх, салбартаа ажиллах чадвар болон өнгөрсөн хоёр жилийн хугацаанд МАН-ыг сөрөг хүчин байх үед намынхаа төлөө сэтгэл гарган ажилласан зүтгэлийг нь үнэлсэн” гэдгээ онцлов. Мөн  нэр дэвшигчдийг тодруулахдаа нэг зарчим барьсан нь шударга өрсөлдөөнөөр дэд сайдуудаа томилсон явдал гэлээ. “Тухайлбал, Аж үйлдвэрийн дэд сайдад 11 хүн, Хүнс хөдөө аж ахуйн дэд сайдад есөн хүн  саналаа өгсөн. Тиймээс олон хүн  саналаа өгсөн дээрх хоёр яамдад гурав, бусад яаманд хоёр хүнийг  Удирдах зөвлөлөөр орж өрсөлдүүлсэн.  Мөн Гадаад харилцаа, Эрүүл мэндийн дэд сайдаар эмэгтэйчүүд ажиллуулах нь зөв гэж МАН-ын зүгээс жендерийн асуудлыг нэгдүгээрт тавьж байгаа явдал боллоо” гэлээ. Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр   дэд сайдуудаас мөнгө авч томилсон гэх мэдээлэл гарч байгаа нь үндэслэлгүй учир МАН нэр төрөө сэргээлгэхээр   холбогдох байгууллагад хандахаа энэ үеэр мэдэгдсэн юм. Энэ  үеэр МАН-ын генсек Ж.Мөнхбатаас зарим асуултад хариулт авлаа.  

-Танай нам дэд сайдаар томилогдсон хүмүүсээс мөнгө аваагүй гэдгээ мэдэгдлээ. Гэхдээ танай намын зарим гишүүд мөнгөний хүмүүсээ томилсон хэмээн шүүмжилж буйгаа нуугаагүй?

-Дэд сайдаар томилогдсон эдгээр хүмүүст мөнгө төлөөд байхаар хүн байхгүй. МАН  хэзээ ч төрийн, улстөрийн албан тушаалтнаа мөнгөөр  үнэлж байгаагүй.  Энэ удаад  ч ийм зүйл явагдаагүй. Санал хураалтаар ялагдахад сэтгэл  гонсгор үлдэх зүйл байдаг. Бид шударга өрсөлдөх  зарчмыг  баримталсан. Удирдах зөвлөл 21 гишүүнтэй. Тэдний гурав нь гадаадад томилолттой байсан. Үлдсэн  18 гишүүн санал хураалтад оролцож, шийдвэрээ гаргасан. Томилогдсон дэд сайдуудын хувьд бүгд энэ салбартаа ажиллаж байсан туршлагатай хүмүүс.

-Мөнгөний сайдууд томилогдоогүй гээд хариулах амархан байх. Гэхдээ  намдаа  100-аас дээш сая төгрөгийн хандив өгсөн хүмүүс дэд сайдаар томилогдсон гэдэг мэдээллийг сэтгүүлчид гаргаагүй. Ер нь намдаа хандив өгөх асуудлыг дүрмээрээ зохицуулсан байдаг уу?

-Аливаа асуудал нээлттэй.  Гэхдээ хуулиараа хандив өгөх асуудал нь тодорхой хязгаартай байдаг. Байгууллага 10 сая, хувь хүн сая байдаг санагдаж байна. Яг энэ дэд сайдуудын томилгоотой холбоотойгоор хандив авсан зүйл байхгүй гэдгийг  дахин хэлмээр байна. Улстөрийн намын тухай хуулинд татвар, хураамж хандивын талаар заасны дагуу л явж  байгаа.

-Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгооны тухайд?

-Төрийн нарийн бичгийн даргын томилгоог  Төрийн албаны тухай хуулийн  хүрээнд  явагдана. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг чөлөөлсөн байна лээ. Тэгэхээр хоёр төрийн  нарийн бичгийн дарга шинээр томилогдох  байх. Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргыг өчигдөр томилсон байна лээ.

Хэвлэлийн хурлын дараа МАН-аас Засгийн газарт орж ажиллахаар болсон зарим  дэд  сайдын байр суурийг сонирхсон юм. Энэхүү мэдээллийг тун удахгүй хүргэх болно.

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж