Шилэн дансны хуулийг иргэд амьдруулна

Хуучирсан мэдээ: 2014.12.18-нд нийтлэгдсэн

Шилэн дансны хуулийг иргэд амьдруулна

-Эхний ээлжинд зургаан хуудсанд багтсан энэ хуулиа л сайн уншицгаая-

“Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхлэхэд 14 хоног үлдлээ”. Ийм нэгэн мессежийг 1000 гаруй оролцогчдодоо харуулсан “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” зөвлөгөөн болж Төрийн ордноо өндөрлөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд гээд төрийн бүх шатны албан хаагчид, яам, агентлагийн удирдлагууд ирж оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогт, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамба, Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад, Нээлттэй нийгэм форумын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

Зөвлөгөөнийг нээж, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан үг хэлэв. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхлэх бөгөөд яам, агентлагууд вэб сайтаараа дамжуулан төрийн бүхий л гүйлгээ, шилжүүлгээ ил тод, нээлттэй мэдээлэх. эхний ээлжинд төрийн байгууллагууд вэб сайтдаа “Шилэн данс” цэсийг байршуулж эхэлсэн бөгөөд цаашдаа “Шилэн данс” нэртэй нэгдсэн вэб сайтыг Сангийн яамны дэргэд ажиллуулж эхлэхийг энэ үеэр танилцуулсан юм.

ШИЛЭН ДАНСНЫ ЦАХИМ ХУУДАС АЖИЛЛАГААНД ОРНО

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаагийн илтгэл shilendans.gov.mn гэх шинэ цахим хуудасны тухай байв. Энэ цахим хуудсаар Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, нийслэл, аймгийн гээд бүр цааш нарийвчлан агентлаг газруудын бүх л орлого зарлагын гүйлгээг харах технологийн шийдлийг бүрдүүлж өгсөн аж.   Мөн төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардал ямар байгааг тус хуудсанд байх “элсэн цаг”-наас харчихаж болох гэнэ. Түүнчлэн улсын төсөв, гүйцэтгэлээс эхлээд Монгол улс хаанаас хэдий хэмжээний өр зээл авсан, түүнийг яг юунд зарцуулж буй талаар тодорхой харах боломжтой болжээ.

Дээрх хуудас нь хуульд тусгасан мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх; мэдээлэл ойлгомжтой, ач холбогдолтой байх; тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх; хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх зарчим дээр суурилагдсан байна.

Ингэснээр төрийн байгууллагын өөр өөрсдийн цахим хуудсанд байрлах ил тод байдлын тухай цэснээс гадна уг нэгдсэн хуудаснаас ойлгомжтой байдлаар мэдээлэл хүлээн авах боломж бүрдэж буй юм.

ЦАГ ТУХАЙД НЬ ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛЖ БАЙХ ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хуулийн үйлчлэх хүрээний тухай, ерөнхий агуулга, бэлтгэл ажлын тухай байв. Тэрээр хууль хэрэгжиж эхлэх хугацаа ойртсоныг хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад мэдээлэх, байгууллагуудын удирдлага, санхүүгийн ажилтны төлөөллүүдэд зөвлөгөө өгөх зорилготой зөвлөгөөн болж буйг дурдаад “Төрийн яам, агентлаг, аймаг, нийслэл, сум дүүрэг, тосгоны цэцэрлэг, сургууль зэрэг бүхий л шатны төсвийн 5000 эрх захирагч, төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн  газар зэрэг 360 байгууллагаас гадна 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хийгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалт, төсөл, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллага Шилэн дансны тухай хууль, журамд заасан мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд мэдээлж байх үүрэг хүлээнэ” гэдгийг онцлов.

Засгийн газар “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам” баталж, хууль, журмыг олон нийтэд сурталчлах ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа аж. 21 аймаг, нийслэл, сум дүүргийн төсвийн эрх захирагч нарт өнгөрсөн сараас тусгайлан сургалт зохион байгуулж эхэлсэн, 2500 орчим хүн хамрагдсан бөгөөд ирэх долоо хоногт хийж дуусгахаар төлөвлөсөн байна.

ИРГЭД БОЛОМЖОО АШИГЛАХГҮЙ БОЛ ЭНЭ ХУУЛЬ АМЬДРАХГҮЙ

Хэлэлцүүлгийн гол илтгэгч нь уг хуулийн төслийг санаачлагч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байлаа. Илтгэлээрээ уг хуулийн ач холбогдол, зорилго, анхаарах зүйл гээд бүгдийг багтаахыг зорьсон бололтой. Тэрээр “Шилэн дансны тухай хуулийг санаачлах болсон нь гадны ямар нэгэн улс, хэн нэгнийг дуурайсан зүйл байхгүй” гээд Их засаг хуулиас эхлээд төрийн үйлийг хувьдаа завшсан түшмэлд цааз хатуу байсан тухай, ардын хувьсгалын үед ч нийтийн өмчнөөс хувьдаа хуй торго авсныхаа төлөө бурууддаг жишээ байсныг дурдаж өөрсдийн эрх зүйн уламжлалын үндэс суурин дээр босгосон хууль гэдгийг онцолсон юм.

Цааш нь “Бид нар хэдэн мянган төгрөг хүнд зээлчихээд хойноос нь хөөцөлддөг. Гэтэл хэдэн тэрбумаар нь улсын халааснаас гараад явчихаж байгаа зүйлийг анзаараагүй мэт өнгөрдөг.. Ил тод байна гэх үг төрийн байгууллага болгонд бий. Энэ үг бол зүгээр л лоозон. Бид үүнээс цааш явж чадаагүй л байна…Төрийн байгууллагын удирдлага бүр “Шилэн дансны хууль байгааг өглөө бүр сануулж бай” хэмээн ажилтнууддаа хэлэх хэрэгтэй. Байгуулага бүр Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг ажлынхаа төлөвлөгөөнд тусгая. Бид бүгдээрээ эхний ээлжинд зургаан хуудсанд багтсан энэ хуулиа л сайн уншицгаая. Ямар үүрэг хариуцлага хүлээж буйгаа ойлгоё” гэж уриалав.

Хууль хэрэгжүүлэгчдэд зориулсан анхааруулгууд ч байсан нь “Байгууллагууд бүхий л зүйлээ нууц гээд нууцлах гэдэг. Гэтэл хуульд Төрийн нууцад хамаарах төсөв, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон гүйцэтгэх ажил эрхлэх эрх бүхий байгууллагын гүйцэтгэх ажилтай холбоотой төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналаас бусдыг нууц хэмээж болохгүй гэсэн байгаа. Гүйцэтгэх ажиллагаа хийх эрх найман газарт л бий. Иймд Тагнуулын ерөнхий газар хүртэл энэхүү гүйцэтгэх ажиллагаанаас бусад мэдээллээ ил тод нийтлэх ёстой…

…Монгол Улс ардчилсан улс ч хариуцлага улс байж чадаагүй. Иймд энэ хуулиар дамжуулан хариуцлагатай болцгооё. Хуульд хамааралтай 5000 байгууллагаа жагсаагаад хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж буйгаар нь 1-100 хүртэлх оноогоор үнэлье. Доогуур оноотой байгууллагад хариуцлагыг нь хүлээлгэе..

..Хуулийг хэрэгжүүлэх журам гаргацгаана. Гэхдээ журам гаргаж байна гээд хуулийн хэрэгжилтийг хааж, чадавхийг нь бууруулж болохгүй” гэсэн байна.

Мөн онцолсон нь “Энэ хууль цаашид улам боловсронгуй болох боломжтой. Түүнээс биш эргээд хүчингүй болохгүй. Мал хувьчлалыг, орон сууцаа хувьчилсан хүмүүсээс буцаалаа, наадахыг чинь авлаа гээд үз дээ. Яг үүн шиг энэ хуулийн хэрэгжилт хангагдаад ирсэн цагт хэн ч Шилэн дансны хуулийг буцааж чадахгүй”  гэх үг байв.

Түүнчлэн төрийнхөнд хууль хэрэгжиж эхлэх хугацаа 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс гэдгийг, 14 хоног үлдээд буй гэдгийг цааш цааш нь сануулахыг даалгаж, хуулийг мэдээгүй, ойлгоогүй гэх үгээр, өвчтэй, гадаадад байсан гэх шалтгаар хэрэгжүүлэхгүй байх ямар ч шалтгаан байхгүйг хэлсэн бөгөөд харин иргэдэд зориулж “иргэд хяналт тавих, алдаа дутагдлыг нь засах боломжоо ашиглахгүй, анзаарахгүй бол энэ хууль амьдрахгүй шүү” гэдгийг хэлсэн юм.

Б.МАНДАХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж