Хийлч О.Байгаль:” Сонгодог урлагийн үзэгч гэдэг шинэ цагийн соёлтой залууг тодорхойлох үнэлэмж”

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Хийлч О.Байгаль:” Сонгодог урлагийн үзэгч гэдэг шинэ цагийн соёлтой залууг тодорхойлох үнэлэмж”

Хийлч О.Байгаль.
Овог: Очхүү
Нэр: Байгаль
Жил: Үхэр
Орд: Үхэр
Мэргэжил: Гоцлол хөгжимчин, МВА
Биеийн өндөр: 170
Жин: 48
Хэлэх дуртай үг: Баярлалаа
Хобби: Аэробекээр хичээллэх,  
Дуртай сүрчиг: Marc Jacobs Lola
Дуртай амттан: Бүх төрлийн самар  
Унадаг машин: Nissan Pathfinder
Найз нөхдийг юу гэж ойлгодог вэ: Хэрвээ би цэцэг бол намайг ургуулж байдаг борооны дусал бүхэн миний найзууд.
Амьдралыг зүйрлэбэл: Би амьдралыг ямар нэг зүйлтэй зүйлрлэхээс илүү Амьрал бол Сонголт гэж боддог.

-Хийлч  Байгаль энэ намар анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа гэсэн. Бэлтгэл ажилдаа хэдийнэ орсон байх чинь.
-Танай сэтгүүлийн хамт олон болон уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Тийм ээ, ирэх 9 сарын 25_нд ДБЭТ_т өөрийн бие даасан анхны бүрэн хэмжээний тоглолтоо хийхээр төлөвлөсөн байгаа. Энэ тоглолтоороо дэлхийн сонгодгуудын зохиолуудыг тоглохоор бэлтгэж байна. Нөгөө талаас мэргэжлийн уран бүтээлчийн хувьд хөгжлийн том алхам байх болов уу. Миний хувьд 18 дахь жилдээ хийл тоглож байна.  Би хөгжим бүжгийн коллеж,  СУИС-ийг гоцлол хөгжимчин, хийлч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд СЭЗДС-ийг “Сонгодог урлагийн менежментийг боловсронгуй болгох нь” сэдвээр бизнесын удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Цаашдаа соёлын бодлогын чиглэлээр ажиллах сонирхолтой. 

-Уран бүтээлч болохын амаргүй давааг хөгжим бүжгийнхэн их багаасаа мэдэрдэг. Хааяа энэ нь тээртэй санагдах үе гардаг байсан уу?  

-Зургаан настайдаа тухайн үеийн нэрээр Хөгжим бүжгийн дунд сургуульд орж байлаа. Мэдээж манай сургууль бусад ерөнхий боловсролын сургуулиудтай харьцуулахад ачаалал ихтэй. Анх сургуульд орохдоо л тэр ачааллаар хичээллэдэг байсан болохоор хэзээ ч хэцүү байна шүү гэж бодож байгаагүй. Манай сургуулийг зарим хүмүүс ерөнхий мэдлэгийн хичээлүүд ордоггүй гэж ойлгоод байдаг. Бусад сургуультай ижил найман цагаас хичээл эхлээд өдөр түр завсарлаад мэргэжлийн хичээлдээ ордог. Оройн тав, зургаан цагаас нааш харьдаггүй байлаа. Энд хэлэхэд хүүхдээ мэргэжлийн уран бүтээлч, урлагийн хүн болгоно гэдэг хувь хүнээс гадна тухайн гэр бүлээс асар их зүйлийг шаарддаг. Энгийн түвшнээс нэлээдгүй анхаарал хэрэгтэй болдог л доо. Ер нь нэг  биш нэлээд хэдэн хүмүүсийн хөдөлмөрөөр нэг уран бүтээлч төрдөг.

-Хөгжим бүжгийнхний бас нэг бахархал  төгсөгчид байдаг. Танай ангиас төрсөн “одууд” хэн хэн байна.
-Манай ангийнхан чинь бүгдээрээ од шүү дээ. “Гурван охин” хамтлагийн Ану, Соло, “Лемонс”_ын басс гитарчин Анар, “Нэгүн” хамтлагийн дуучин, продюсер Оки, дуучин Энхмөнх гээд л. Бас сүүлд гараад байгаа төгөлдөр хуурч Ами байна. Бахархах одод бидний дотор олон бий шүү.

-Магадгүй Байгальд хэзээ нэгэнтээ дуулах санаа төрж байсан болов уу?
-Мэдээж урлагийн хүн болохоор энгийн хүмүүстэй харьцуулахад энэ тал дээр арай өөр л дөө. Гэхдээ хэзээ ч дуулах юмсан гэж бодож байгаагүй юм байна. Харин саяхан нэг хүн хийлээ тоглоод дуулбал яасан юм гэсэн санал тавьсан. Цаашдаа шаардлага гарвал дуулахыг үгүйсгэхгүй байна. Сүүлийн үед бас бүжиглэж үзэж байгаа. Их боломжийн яваа шүү. Ер нь хараад байхад урлагийн хүн болохоороо аль ч салбар руу нь ороход төвөгтэй зүйл байхгүй юм шиг санагдаж байна.

-Өнөөдөр залуус урлагийн ажлыг их амархнаар хараад байна гэж шүүмжлэх хүмүүс олон байдаг. Нэг дуу дуулаад л маргааш нь клипээ хийлгээд л төдөлгүй тоглолт хийдэг гэлцдэг. Энэ шүүмж өөрт тань ямар санагддаг вэ?
-Тогоочийг гурил мах нийлүүлээд цуйван гэж зарлаа. Хэтэрхий хялбархан байна гэж хэлж байгаагаас ялгаа юу байгаа юм бэ. Салбар болгон өөрийн гэсэн онцлогтой. Хүний чадаж байгаа юмыг үгүйсгэнэ гэдэг шударга бус санагдаж байна. Үнэхээр болохгүй байгаа бол шүүмжлэх нь зүйн хэрэг. Гэхдээ аль болох хөдөлмөрлөж байгаа нэгнээ дэмжиж байх л хэрэгтэй болов уу. Яахав тэр өөнтөглөөд байгаа хүмүүс нэг өдөр дуулаад үзвэл ачаалал,  зовлонг биеэрээ амсахаар арай л өөр зүйл ярих байх даа. Зүгээр л нэг дуу дуулаад бичүүлчихдэг юм биш л дээ. Дууг зохионо, бүтээнэ, сурна, бичүүлнэ гээд л их олон цагийн хөдөлмөр, хөрөнгө мөнгө нарийн ажиллагаа зарцуулж байж нэг уран бүтээл гардаг . Авьяас дээр хүч хөдөлмөр нэмэгдэж байж уран бүтээл төрдөг.

-Мэргэжил бүхэн бахархал бардамналыг эзэндээ төрүүлж байдаг. Өөрийн тань хувьд яг ямар үед энэ сэтгэгдэл дээд цэгтээ хүрдэг вэ?
-Хийлийг хүссэн болгон мэргэжлийн түвшинд сурч чадахгүй. Бас хүссэн бүхэн ч хийлч болохгүй, авьяас олон жилийн хичээл зүтгэлээр хийлч болдог. Би дээр хэлсэн дээ, их олон хүний хүч хөдөлмөрөөр нэг хийлч бэлтгэгддэг гэж. Энэ бол үнэхээр бахархал. Энэ мэргэжлийг эзэмшихэд миний гэр бүл хамгийн том нөлөө үзүүлсэн гэж боддог. Бүх талын нөхцлөөр намайг хангаж байсан учраас л би хийлч болсон. Тэрнээс би хэчнээн мундаг тоглодог байлаа ч орчин нөхцөл бүрдээгүй бол хэзээ ч хийлчин болохгүй байсан байхаа. Миний сургууль,  багш нар гээд ярихад олон хүний хөдөлмөр зүтгэл багтаж байгаа биз. Мэдээж урлагийн хүн болохоор тайзан дээр хийлээ тоглоод, үзэгчдийн халуун алга ташилтаар мялаалгах хамгийн сайхан мөч.

-Анхны барьж байсан хийл мэдээж түүх өгүүлэн хадгалагдсан байх даа.
-Анх 8-т хэмжээтэй хийл барьдаг байсан. Одоо ч байгаа шүү. Анхны тайлан тоглолтондоо тэр хийлээ тоглож байсан. “Камертон”-ы Болд ах бид хоёр нэг багш дээр хичээллэдэг байсан юм. Тэр үед Болд ах  найм, би хоёрдугаар анги байсан юм. Тэгээд бид хамтдаа тайлан тоглолтоо тавьсан. Тэр тоглолтын бичлэг одоо ч байдаг юм. Тоглолтын дараа багш нар бүгдээрээ баяр хүргээд л, үнэхээр гоё байсан. Яг тэр үед тухайн үеийн соёлын сайд манай сургууль дээр ажиллаж таараад манай өрөөнд орж ирсэн юм. Тэгсэн багш Байгалиа, Болдоо хоёр тоглолтоо хийсэн гэж  танилцуулахад би сайдад зориулж хийлээ тоглож өгч байж билээ. Сүүлд тэр тайлан тоглолтынхоо бичлэгийг Болдоо ахад үзүүлсэн чинь “би ямар мундаг юм бэ” гээд дуу алдаж байна лээ. Ер нь Болдоо ах мэргэжилдээ их мундаг хүүхэд байсан.

-Мэдээж амьдралд асуудал үүсэх үе зөндөө л гардаг. Тэр үед хамгийн “шидтэй эм” дуу хөгжим юм шиг санагддаг. Таны хувьд адилхан болов уу гэж бодож байна.
-Үнэндээ сургуулиа төгссөнөөс хойш өдөр бүр хийлээ бариад байхаа больсон л доо. Мэдээж амьдрал болсон хойно асуудал гарч л байдаг шүү дээ. Харин тэр үед нэг, хоёр цаг хийлээ барихад өнөө бухимдал үүсгээд байсан асуудал юу ч биш юм шиг санагдана гээч. Өөрийн эрхгүй тайвшраад л ирдэг. Би хийлээ л тоглож байхдаа жаргалтай юм байна гэдгийг  илүү мэдэрдэг. Ялангуяа Чулууны “Ардын хоёр дууны найруулга”-нд их дуртай.. Юмыг тестлэж үздэг ш дээ. Тэрэн шиг хөгжмөө барихаараа л тэр ая хамгийн түрүүнд тоглодог. Яагаад ч юм Монгол хүн гэдгийг маань илүү их мэдрүүлээд ч байх шиг. Их гоё санагддаг юм.

-Үзэгчдийн хувьд хийлчдийг Дээгийгээр л хүлээж авдаг. Өөрөөр хэлбэл тэр их идэвхитэй уран бүтээлч л дээ.  Заримдаа ч бусад нь хаа явдаг байнаа гэмээр санагддаг шүү.
-ДБЭТеатр, Улсын филармони гээд л тэнд ажиллаж байгаа маш олон хийлчид байна. Уран бүтээлч бүрийн хүсэл зорилго адилгүй шүү дээ. Мэргэжлийн ур чадварын хувьд өндрөөр үнэлэгддэг олон чадварлаг хийлчид  бий. Гэхдээ уран бүтээлээ яаж хиймээр байгаа нь хувь хүний асуудал. Дээр нь боломж бололцоо гээд. Миний хувьд тоглолтоороо дамжуулаад өөрийн гэсэн хувь нэмрээ энэ урлагт оруулахыг хүссэн юм. Тоглолтынхоо дараа бие даасан арай өөр хэлбэрийн цомог гаргахаар ажиллаж байгаа. Уран бүтээлчийн хувьд байж болох бүхий л хувилбараар хийлийг харуулахыг би  хүсдэг. Анх “Би чамд хайртай” кинонд зориулж Жанцанноров гуайн бичсэн аязыг тоглож байлаа. Тухайн үедээ  их хөөрхөн клиптэй  болсон л доо.

-Өнөөдөр хотын хөгжим гэж их ярих болж. Бүр хуваагдаад авсан байгаа. Тэгвэл тэр хотын залуусын нэг шалгуурт сонгодог хөгжим орох ёстой биз дээ.
-Сүүлийн жилүүдэд сонгодог урлагийн үзэгчдийн тоо харьцангуй нэмэгдсэн. Дуурийн театрт үзвэрүүд дүүрэн, дүүрэн үзэгчидтэй тоглодог болсон. Гэхдээ энд давтамжийг нь харахад Болдоо дөрөв, таван удаа үзээд байна уу. Эсвэл өөр өөр хүмүүс байна уу гэдгийг гаргамаар байгаа юм. Мэдээж тодорхой хүрээлэл бий болсон байна. Тэгэхээр энэ  хүрээ маань цаашаа задрах ёстой. Олон давтамжтай үздэг хүмүүс дараа дараагийхаа үзэгчдээ авчрах ч юм уу. Энэ талаар хийсэн судалгаа байна л даа. Өнөөдөр манайд сонгодог урлагийн мэдээлэл харьцангуй хумигдмал. Олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр сонгодог урлагтай холбоотой мэдээ мэдээллийг гүйцэд цацаж  чадахгүй байна. Үзэгчид маань хумигдмал тодорхой хүрээг хамраад байна. Мэдээлэл авч байгаа нь л үзэж байна. Тэр дунд янз бүрийн ангиллын хүмүүс байдаг. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сурч, амьдарч  байгаад ирсэн залуус  сонгодог урлагийг ойлгодог, мэддэг болсон байна.. Бүр хотын хөгжим, хөдөөнийхний дуу ч гэх шиг. Яг үнэндээ рок поп эсвэл  хип хоп сонсохоороо хотынхон, нийтийн дуу сонсохоороо хөдөөнийх болчихдог юм биш л дээ. Эсвэл үнэтэй гар утас бариад, үнэтэй машин жолоодохоороо л хотын хүн болчихож байгаа юм биш. Сонгодог урлаг бол яах аргагүй тэр хотын соёлын том хэмжүүр. Өнөөдөр хотын залуусын соёлын түвшингийн бас нэг хэмжүүр нь соёл урлагт хандаж байгаа хандлага яах аргагүй мөн.  Сонгодог урлагийн үзэгч байна гэдэг нь нөгөө талаараа тэр хэлээд байгаа шинэ цагийн соёлтой хотын залууг тодорхойлж байгаа үнэлэмж л гэж хэлмээр байна. 

-Энэ хавар төсвийнхөн цалингаа нэмүүлэх гээд Сүхбаатарын талбай дээр жагслаа. Түүнд дуурийн уран бүтээлчид ч багтаж байсан. Яагаад ч юм тэдний цалингийн хэмжээг  сонсоод манай улс сонгодог урлагаа яаж үнэлдэг үнэлэмж харагдах шиг санагдсан.
-Дуурийн театр маань төсвийн байгууллага. Төсвийн байгууллагын жишиг гэж байна. Өнөөдөр төсвийн байгууллагын цалин бага  байгаа нь үнэн л дээ. Гэхдээ нөгөө талаасаа манай нийгэм сонгодог урлагийг үнэлэх үнэлэмж маш доогуур байгааг харуулж байгаа л гэж хэлнэ. Яахав нэг үеэ бодвол сүүлийн жилүүдэд арай илүү хурдацтай хөгжиж байна. Гадаад, дотоод харилцаа сайн хөгжөөд мэдээллийн олон талт сүлжээ бий болоод ирэхээр хүмүүс Монголоос биш дэлхийн жишгээс сонгодог урлаг нь ямар агуу урлаг юм бэ гэдгийг ойлгож байна. Энэ тал дээр манайхан мэдээд байгаа хэрнээ дотоодын уран бүтээлчдээ дэмжиж, хөгжүүлж чадахгүй байна. Үүнийг хөгжүүлье гэвэл  нэгдүгээрт төрөөс баримталж байгаа соёлын бодлого, хоёрдугаарт тухайн байгууллагын менежментийн оновчтой шийдэл гэсэн 2 том зүйлээс шууд хамаарна. Эрүүл мэнд, нийгмийн халамж, боловсролын салбар гээд нэн тэргүүний хөрөнгө мөнгө их шаарддаг салбаруудаа хангалттай дэмжиж чадахгүй байна л дээ. Тэгэхээр бодлогыг нь зөв тодорхойлоод хууль, эрх зүйн орчныг нь сайжруулаад, боломжит нөхцөлийг нь бүрдүүлээд  дэмжээд өгвөл байгууллага өөрөө менежментийн оновчтой арга хэлбэрийг сонгоод  ажиллавал хангалттай цалин аваад Дууль, Балетаа тоглоод байх боломж, эрэлт нь байгаа.

-Энэ салбарыг удирдаж байгаа хүмүүсийн мэргэжил, ур чадварыг юу гэж дүгнэх вэ?
Ихэвчилэн тухайн нэг уран бүтээлчийг уран бүтээлээс нь хөндийрүүлж удирдах албанд томилох хандлага ажиглагддаг. Угаасаа манайд Соёлын салбарын удирдах албан тушаалтан бэлтгэх тал дээр сүйдтэй хийсэн зүйл байхгүй л дээ. Бүр үндэснээсээ хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, хөгжлийн стратеги гээд  төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэх шаардлага байна. 

-Урлагийн салбарын шилдэг 15 залуугийн нэгээр шалгарсан дуулдсан . Энэ талаараа сонирхуулаач.  
-Монголын урлагийн зөвлөлөөс дэлхийн банкны дэмжлэгтэйгээр “Урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийг явуулсан юм. Хоёр шатны шалгуураар Монголын урлагийн салбарт ажиллаж байгаа 25 хүртэлх насны 15 залуу уран бүтээлчийг шалгаруулсан.  Манай 15_ийн найм нь зураач залуус байгаа.

-Ярилцлага маань өндөрлөж байна. Гэхдээ сонирхох зүйл арай л дуусаагүй. Жи Си Ай төрийн бус байгууллагын гишүүний хувьд энэ байгууллагын талаар товчхон танилцуулаач.
-Дэлхийн хоёр зуугаад оронд салбар байгууллагатай Жи Си Ай нь манайд байгуулагдаад хориод жилийн нүүр үзэж байна. Одоогийн байдлаар дөрвөн зуу гаруй гишүүнчлэлтэй. Улаанбаатар хотод зургаа, Эрдэнэт, Дарханд нэг нэг салбартай төрийн бус байгууллага байгаа юм. Гол нь хувь хүний хөгжил, түүгээр дамжсан нийгмийн эерэг өөрчлөлтүүдийг бий болгох, янз бүрийн төсөл хөтөлбөр боловсруулах,  хувь хүний хөгжлийг дэмжих, манлайлах ур чадварыг дээшлүүлэх, залуучуудыг нийгэмд идэвхитэй иргэн болгох талаас нь янз бүрийн үйл ажиллагаа явуулдаг. Залуус идэвхитэй байна гэдэг улс орны хөгжлийн түлхүүр. Манайд 18_40 насныхан хамрагддаг. Нээлттэй гишүүнчлэлтэй. Би гишүүнээр нь элсээд гурав дахь жилдээ явж байна. Эхний жилдээ гишүүн, 2009 оны пиар гишүүнчлэл хоорондын захирал, энэ жил “Их хүрээ” салбар байгууллагынхаа эрх зүйн ерөнхий зөвлөхийн албан тушаалыг хашиж байна.

Уран бүтээлийн амжилт хүсье. Баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж