Эхийг нь цаазлахыг хүү нь эсэргүүцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Эхийг нь цаазлахыг хүү нь эсэргүүцэж байна

Чулуугаар шидэж цаазаар авах гэж байгаа Иран эмэгтэйгийн хүү эхийг нь амийг өршөөхийг хүсэж Ираны шүүхэд давж заалдлаа. Завхайрсан хэмээн яллагдан чулуугаар шидүүлж цаазлуулах ял аваад байгаа Сакинех Аштианагийн өмгөөлөгч Тегеранд очин шүүгч нарт ялыг нь өөрчлөхийг хүссэн хүсэлт өчигдөр лхагва гаригт гаргасан байна.

Сакинех Аштианагийн хүү Салжад Аштиани олон улсад хандан энэ хэргийг шийдвэрлэсэн эрх зүйн шийдийн талаар санал бодлоо илэрхийлсэн байна. “Хуулийн хувьд бүх зүйл дууссан. Түүнийг хэзээ ч цаазалж магадгүй. Одоо гагцхүү олон улсын зүгээс үзүүлэх шахалт л Сакинех Аштианагийн амийг аварч чадна” гэж Чулуугаар Шидэж Алахыг Эсэргүүцэгч Олон улсын хорооны тэргүүн, хүний эрхийн идэвхтэн Мина Ахади “CNN” агентлагт ярьжээ.


Зургийн тайлбар: “The Stoning of Soraya M” киноны хэсгээс.

Сакинехийн хүү Салжад горьдлого тасрахаас татгалзаж байна. Нээлттэй захидалдаа тэрээр эхийг нь яллах эрх зүйн үндэслэл болох баримтууд хангалттай байхгүй гэж бичсэн бөгөөд энэ асуудлаар түүний гэр бүлийнхэн Табриз хотоосоо Тегеранд зургаан удаа очин Ираны эрх баригчидтай уулзсан ч ямар ч үр дүнд хүрээгүй байна. “Өөр арга байхгүй тул би ийнхүү нээлттэй захидал бичихэд хүрлээ” хэмээн тэр ярьжээ.

Салжад Аштиани даваа гариг болгон шоронд хоригдож байгаа эхийгээ очиж эргэдэг бөгөөд дахин очиход нь ээж нь байж байх эсэхийг хэзээ ч мэддэггүй. Ираны хуулийн дагуу 42 настай Сакенех Аштианиг цээж хүртэл нь газар булах бөгөөд түүнрүү шууд түүнийг алахгүй ч хангалттай өвтгөх чулуунуудыг шидлэх болно гэж “Amnesty International” байгууллага Ираны эрүүгийн хуулиас иш татан мэдээлсэн. Аштианиг 2006 онд завхайрсан хэрэгт ялласан бөгөөд 99 удаа ташуурдсаны дараа тэрээр хэргээ хүлээжээ. Аштиана сүүлд нь хэргээ хүлээснээсээ буцсан ч түүнийг нь хүлээж аваагүй. Аштианиг яллаж байгаа бодитой баримт байхгүй ба харин таван шүүгчийн гурвынх нь саналаар түүнийг завхайрсан гэж ялласан. Тэрээр шүүхээс өөрийг нь өршөөхийг хүссэн ч шүүгч нар түүнд өршөөл үзүүлэхээсээ татгалзсан гэж хүний эрхийн өмгөөлөгч Мухаммед Мостафаел “CNN” агентлагт ярьсан.
Аштианиг ингэж цаазлах гэж байгаа нь Ираны хувьд шинэ зүйл биш. Үнэндээ “чулуугаар шидэж цаазлах ялыг Иран эмэгтэйчүүдэд илүү их оноодог” хэмээн дэлхий даяар цаазаар авах ялын талаар судалгаа бүртгэл хийдэг “Amnesty International” байгууллага 2008 оны тайландаа бичсэн байдаг. 1980-аад онд Иранд цаазаар авахуулах ял авсан ч зугатаж гадаадад гарсан Ахади олон улсын зүгээс шахалт үзүүлж байж л түүний амийг аврах боломжтой. “Их шахалт үзүүлж эхэлбэл л Исламын засгийн газар арай өөр зүйл ярьдаг” гэж Ахади ярьж байв.

Чулуугаар шидэж цаазлах гэж байгааг Вашингтоноос АНУ-ын Төрийн департамент шүүмжилж, Ираны засгийн газар хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж мэдэгдсэн байна. Сакинех Аштианид уучлал үзүүлэхийг уриалсанд бусад орнууд мөн нэгдээд байна. Норвегийн Төрийн нарийн бичгийн дарга Эспен Барт Элде тус улсад суугаа Ираны элчин сайдыг дуудаж уулзаад Аштианиг чулуугаар шийдэж цаазлах ялын талаар болон оюутнуудын лус төрийн үйл ажиллагаанд оролцсон насанд хүрээгүй хүүхдүүдэд оноосон өөр хоёр ялын асуудлаар ярилцсан байна.

“Чулуугаар шидэж ална гэдэг нь хүмүүнлэг бус, бүдүүлэг цаазын хэлбэр хэмээн бид үзэж үүнийг буруушааж байна. Түүнчлэн насанд хүрээгүй хүүхдүүдэд цаазаар авах ял оноож байгааг бид эсэргүүцэж байна. Ийм ял хэрэгжүүлснээрээ Иран олон улсын нэгдэн орсон конвенцуудыг зөрчиж байна” хэмээн Барт Элде сайд ярьсан байна.

Их Британийн Гадаад хэргийн сайд Аластейр Бурт чулуугаар шидэн алах ялаасаа татгалзахыг Иранд уриалаад “Чулуугаар шидэж ална гэдэг бол орчин үеийн дэлхий ертөнцөд байж болохгүй дундад зууны үеийн шийтгэл. Ийм шийтгэлийг Иран хэрэглэсээр байгаа нь олон улсын өмнө хүний эрхийн талаар хүлээсэн үүргүүдээ болон өөрийн орны иргэдийн ашиг сонирхлыг хүндлэхгүй байгааг харуулж байна” гэж мэдэгджээ.

Салжад Аштиани болон түүний дүү охин Фаридех нарыг дэмжихийг хүссэн уриалга өнгөрсөн долоо хоногт интернетээр нэг тархаад байгаа бөгөөд “Facebook” болон бусад хуудас, вэб сайтуудад уриалгууд гарсаар байна. “Би зөв зүйлийн төлөө тэмцэж байгаа. Ээж маань сайн гэрийн эзэгтэй, сайн хүн, халамжтэй эх” гэж Салжад “CNN” агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж