Алдарт сийлбэрч Намхайдагвын хүү шог зураач, барималч Оргилын урлангаар зочлов. Тэрээр 1980 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг барималчин мэргэжлээр төгссөн. Өдгөө Монголын урчуудын эвлэлийн гишуүн уран бүтээлчээр ажиллаж байна.
“Уран бүтээлчдийн урлан бүтээх төв” гэх хаягтай гурван давхар цэнхэр байшингийн дээд давхарт түүний урлангийн өрөө байрлана.
Хуучин модон бор хаалгатай, жижиг өрөөнд түүний сонирхолтой баримлын загварууд өрөөстэй угтав.
Барималч хүний гол хэрэгсэл харандаа баримлын шавар юм.
Түүний бүтээлүүд дунд Өүлэн эхийн хөшөөний загвар, Майдар бурхны зураг, Өндөр гэгээн Занабазарын хөшөөний загвар зэрэг хөшөө дурсгалын баримлан скизүүд харагдана.
Тэрээр бурханч лам Пүрэвбатын бүтээн байгуулж байгаа Аглаг хийдэд Цагаан өвгөний хөшөө хийхээр явахаар бэлдэж байна гэв.
Мөн түүний урланд Дархан аймгийн морин хуурын хөшөөний загвар байлаа. Энэхүү хөшөөний талаар “Би 2003 онд энэ бүтээлээ хийсэн. Тэр үед Н.Багабанди Ерөнхийлөгч айл бүр морин хуураа дээдэлье гэсэн уриа гаргасан.
Тэр жил надад Дархан аймгаас морин хуурын хөшөө бүтээх санал ирсэн. Тэгээд морин хуурын тухай түүх судалсны дагуу "Аргусан хуурч”, “Хөхөө намжил”-ын домгоос сэдэвлэн хөшөөг бүтээхээр шийдсэн юм. Холоос харахад хөшөөний гол санаа харагдах ёстой. Хөшөөнд морин хуурчийн хөл байдаггүй.
Тэрнээс биш заавал Монгол гутал өмсүүлээд, нэг бүрчлэн тоочвол утгаа алдана. Морин хуур, Морь, Монгол эр хүн цогцолсноор морин хуурыг илэрхийлж чадсан гэж тайлбарласан юм.
Н.Оргил барималч түүхэн хөшөө дурсгал барималыг бүтээхийг хичээдэг. Одоогоос найман жилийн өмнөөс монеминталь /сүрлэг гэсэн утгатай/ уран барималын чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа ажээ. Түүний бүтээлүүдийг үзэхэд Монгол үндэстний түүхэн соёл, өв уламжлалыг шингээхииг зорьдог болов уу гэсэн бодол төрсөн.
Түүний талаар төрсөн ах хөрөг зургийн зураач Н.Орхон хэлэхдээ “Оргилын бүтээлээс Монгол уран бүтээлчийн арга барил харагддаг.
Мөн манай гэр бүл есөн үеийн уран удамтай. Тиймээс ч төрмөл авьяастай уран бүтээлч хүн гэж хэлж болно” хэмээсэн юм.
Уран бүтээлч хүнд амралт гэж байдаггүй.
Барималч Н.Оргил нь эртний хатдын өлгий нутаг Дорнод аймгийн Баян-Уул суманд Өүлэн эхийн цогцолбор хөшөө босгох зорилготой ажиллаж байна. Энэ хөшөөний шавыг хоёр жилийн өмнө тавьсан.
Одоогоор улсын санхүүжилт тасраад зогсчихсон байгаа гэнэ. Мөн хөшөө дурсгалыг улс төрийн зорилгоор буулгаж байгаад эмзэглэж явдгаа хуваалцсан юм.
Тухайлбал, Лениний хөшөөг тухайн үеийн ЗХУ-ын алдартай уран барималч бүтээсэн. Сталин, Лениний хөшөө шиг уран хийцтэй хөшөө Монголд байхгүй.
Түүх бол түүх. Тэр хөшөө түүхээрээ үлдэх ёстой. Хөшөө дурсгал улс төрд ямар ч хамааралгүй гэв. “Барималч хүний гол хэрэгсэл харандаа баримлын шавар юм.
Бүтээлээ урлахдаа будаан чинээ баримлын шаврыг ч орхилгүй ашигладаг. Ер нь уран бүтээлч хүнд амралт гэж байдаггүй.
Мөнхийн бүтээлийн санаа эрэлхийлж явдаг. Би онгодын талаар сайн мэдэхгүй. Нэг сайхан бүтээл хиймээр санагдах үе гарна.
Заримдаа бүтээл хийх хүсэл төрөхгүй бол орхичихно. Өөрийгөө магтаж байгаа юм биш.
Гэхдээ хийсэн бүтээлээ эргээд харахад тухайн үед зоригтой хийж чадсандаа баярладаг” хэмээн бахархангуй ярив.
Барималч маань хөшөө дурсгалыг хамаагүй байгуулж байгаад бухимдалтай явдгаа нуусангүй.
Хөшөө дурсгалыг хаана байршуулахыг хотын архетиктурын газар, Монголын урчуудын эвлэл хамтран шийддэг байх ёстой.
Гэтэл уран баримал хөгжих эрхийг эдлүүлэхгүй байна. "Хөшөөг хаа дуртай газраа орон зайн хувьд зохицолгүй газар байгуулснаар уран баримлын хуулийг зөрчиж байна” хэмээн үздэг байна.
Мөн “Манай улс түүхэн хөшөө бүтээхгүй байна. Мөнгө олох зорилгоор хөшөө дурсгалыг бүтээж байна.
Гэхдээ хөшөөг аялал жуулчлалын зорилгоор бүтээж улсдаа тодорхой хэмжээний орлого оруулж байгааг үгүйсгэхгүй. Сүүлийн үед хоёр байшингийн дунд ч юм уу янз бүрийн баримал тавьчихдаг.
Драмын театрын үүдэнд Ю.Цэдэнбалын хөшөөг буруу тийшээ харуулаад хөлөө ачаад суучихсан ч байх шиг энэ нь орон зайн хувьд зохицохгүй байгаа юм” гэлээ.
Түүний урланд зочилсон хэдэн хоромд сэтгэлийн таашаал, баяр баяслыг мэдрээд зогсохгүй Монголын уран барималын ертөнцөөр аялсан мэт сэтгэгдэл төрлөө. Тэрээр энэ л урландаа өөрийн бүтээлээ амьдруулж, сэтгэлээ нээдэг ажээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ"