-Ажил хөдөлмөр идэвхтэй эрхэлж буй хүмүүсийн 57 хувь нь хүүхнүүд. Гэтэл бизнес эрхлээд ирэхээр барьцаалах хөрөнгө ч тэдэнд байдаггүй ажээ. Банкны барьцааны шаардлага хангасан үл хөдлөх хөрөнгө л гэхэд голчлон эрчүүдийн нэр дээр байдаг аж-
Эмэгтэйчүүд бизнест амжилт үзүүлж чаддаггүйн учир нь эмэгтэй захиаралд эрэгтэй эздээс илүү их бэрхшээл тулгардагтай холбоотой гэсэн дүгнэлтийг Олон улсын санхүүгийн корпораци /ОУСК/-аас гаргасан тайланд дурджээ. ОУСК-аас гаргасан “Монгол дахь жижиг дунд бизнес ба эмэгтэй эзэнтэй жижиг дунд бизнесүүд” судалгааг танилцуулах хэвлэлийн хурал Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн газарт боллоо.
Аливаа бизнесийг амжилттай урагшлуулах, өргөжүүлэн хөгжүүлэх гол үндэс нь санхүүжилт байдаг. ОУСК-аас явуулсан судалгаанд хамрагдсан жижиг дунд бизнес эрхлэгчдийн 95 хувьд санхүүжилт хэрэгтэй байгааг, тэдний санхүүжилт нийлээд таван тэрбум ам.доллар буюу 9,022 тэрбум төгрөг болж буйг хэлж байлаа. Санхүүжилт хүсэгчдийн 25 хувь нь эмэгтэйчүүд аж. Тэдгээр аж ахуйн нэгжүүд нь Монголд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийнхний 40 хувьтай тэнцэж байна гэхээр эмэгтэй эзэд хөрөнгө оруулалтын дутмаг байдалд ажиллаж буй нь ажиглагджээ. 2013 онд манай улсын арилжааны банкуудын хувийн салбарт олгосон зээлийн ердөө 16 хувь нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд хаяглагдсан байх юм. Үүнээс болж нийт аж ахуйн нэгжийн 98 хувийг эзэлж, ажиллах хүчний 52 хувийг ажлын байраар хангаж байдаг жижиг, дунд бизнесийнхэн өсөж торхин боломжоо алдсаар байгааг олон улсын байгууллагын эдийн засагчид онцоллоо.
Гадны улс оронд бол эмэгтэй захирал, эздийг тусгайлсан бодлогоор дэмжиж ажилладаг туршлага бий гэнэ. Энэ тал дээр хамгийн ээлтэй нь Канадын Засгийн газар ажээ. Тиймээс Канадын Засгийн газар болон ОУСК-тай хамтран Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, тэднийг эрчүүдээс дутахааргүй манлайлагч болгох чиглэлээр хамтран төсөл хэрэгжүүлж байгааг Монгол дахь Канадын Элчин сайдын яамны Хөгжлийн бодлого хариуцсан консул Нэнси Фостер онцоллоо. Монгол Улсын хүн амын харьцаа болоод ажиллах хүчний хувьд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү. Ажил хөдөлмөр идэвхтэй эрхэлж буй хүмүүсийн 57 хувь нь хүүхнүүд. Гэтэл бизнес эрхлээд ирэхээр барьцаалах хөрөнгө ч үгүй байдаг ажээ. Банкны барьцааны шаардлага хангасан үл хөдлөх хөрөнгө нь л гэхэд голчлон эрчүүдийн нэр дээр байдаг аж. Гэтэл зээлийн эргэн төлөлтийг хянахад эмэгтэйчүүд зээлээ илүү найдвартай, цаг хугацаанд нь төлсөн байх жишээтэй. Тиймээс эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс ОУСК санхүүжилтийн нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. Хөтөлбөрийг Зүүн хлйд Ази, Номхон далайн бүс нутагт хэрэгжиж буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэхээ тодотгож байлаа. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр Монголын жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хувьд санхүүжилт нэмэгдээд зогсохгүй харилцагчдад болоод нийгэмд тэднийг “чухал харилцагч” гэдгийг мэдрүүлнэ хэмээн хөтөлбөрийн багийнхан үзэж буй ажээ. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар бизнест “илүү үзэгдээд” байгаа эмэгтэйчүүдийг жинхэнэ утгаараа эрэгтэй бизнесменүүдээс илүү гэдгийг харуулах боломж олгох юм байна. Эмэгтэйчүүд төрөлхөөсөө нарийн мэдрэмжтэйн дээр итгэл даах чадварын хувьд ч эрчүүдээс дутахгүй. Нөгөөтэйгүүр эмэгтэй эзэд байгууллагын ажиллах орчин нөхцөл, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдэх тал дээрээ эрчүүдээс гаргуун байдаг аж. Өнөөдөр амжилттай яваа олон эрчүүдийн цаана эмэгтэй орлогч, дэд захирлууд ажилладаг. Од болон гялалзсан эрчүүдийн анзаардаггүй бүх нарийн ажиллагааг эмэгтэй гүйцэтгэгчид хариуцан ажилладгийг үгүйсгэх аргагүй юм. Тэгэхээр ОУСК-ийн хөтөлбөр хэрэгжиж эхэлмэгц эмэгтэй эзэд дэмжлэгтэй болох нь.
Дашрамд дуулагахад, ОУСК нь дэлхийн 100 гаруй орны бизнес эрхлэгчдэд хөрөнгө санхүүгийн болон мэргэжлийн зөвлөгөө өгч үйлчилдэг ажээ. 2014 онд л гэхэд тус байгууллага хөгжиж буй орнуудад 22 тэрбум ам.долларын санхүүжилт хийжээ.
Д.ЦЭЭНЭ