Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж дууслаа.
Тус хуралдаанаар дэд сайд нарыг ярилцаад, Сангийн дэд сайдад С.Пүрэв, Батлан хамгаалахын дэд сайдад А.Баттөр, Барилга хот байгуулалтын дэд сайдад Г.Байгальмаа, Зам тээврийн сайдад Х.Ержаныг улираахаар болсон байна. Мөн Эрчим хүчний дэд сайдад СХД-ийн АН-ын дарга Ө.Пүрэвбаатарыг дэмжжээ.
Эх сурвалжийн хэлснээр Эрүүл мэнд, спортын яам хоёр дэд сайдтай байхаар болсон гэнэ. Тиймээс спортын салбарыг хариуцах дэд сайдад Сонгинохайрхан дүүргээс нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон Т.Болдбаатарыг АН-ын гүйцэтгэх зөвлөл санал болгож, дэмжсэн байна. Үүний өмнө МАН-аас Д.Атармааг Эрүүл мэнд, спортын дэд сайдад нэрийг нь тодруулаад байсан юм.
Ингэснээр одоогоор бүх намуудаас дэд сайдуудын нэрс тодроод байгаа ч Эрүүл мэнд, спортын яам болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хоёр дэд сайдтай болж, салбараа хуваан, сайдуудаа ихэрлүүлэх журмаар асуудлыг шийдэх нь бараг тодорхой болж байна.
Нэмж хэлэхэд, АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар бүлгийн даргын асуудлыг хэлэлцсэн ч байнгын хороодын хуваарилалттай цуг дахин ярихаар болжээ.
Г.ДАРЬ