“Хаш эрдэнийн одон”-гоор шагнагдлаа

Хуучирсан мэдээ: 2014.12.17-нд нийтлэгдсэн

“Хаш эрдэнийн одон”-гоор шагнагдлаа

Монголын Банкны Холбооны дээд шагнал “ХАШ ЭРДЭНИЙН ОДОН”-г

Капитал банкны ТУЗ-н дарга Төгөөгийн БАТБАЯР шагнагдлаа

Монголын банк санхүүгийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, банкны системд тууштай ажиллаж гаргасан ололт амжилт, арвин туршлагаа хойч үедээ өвлүүлэн үлгэр дууриалал болон ажиллаж буй Капитал банкны ТУЗ-н дарга Т.Батбаярт Монголын банкны холбооны дээд шагнал “Хаш Эрдэнийн Одон”-г тус холбооны IX Чуулганы арга хэмжээний үеэр ёслол, хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Төгөөгийн Батбаяр нь Монгол улсын банк санхүүгийн салбарын үүсэл хөгжлийн түүхэн хугацаанд онцгой хувь нэмэр оруулсан нэгэн билээ.Тэрээр улсад 47 жил ажилласнаас 45 жилд нь банкны төв болон орон нутгийн салбар болон Олон улсын банкинд идэвхи зүтгэлтэй ажиллажээ. Үүнээс 26 жил  Улсын банкны газарт хэлтсийн дарга, ерөнхий хорооны орлогч, нэгдүгээр орлогч дарга, ОУХОБанкны газрын орлогч, тус банкны орлогч дарга зэрэг удирдах албан тушаалд алба хашжээ.

Монголын банк санхүүгийн салбарт оруулсан хувь нэмэр, гаргасан санаачлага, манлайлан зохион байгуулсан томоохон ажлуудыг дурьдваас:

  • ХАА-н нэгдлүүдэд олгох зээлийн системийг өөрчлөх Засгийн газрын тогтоолыг гаргуулж, холбогдох заавар, журам боловсруулж, банкны салбарт хэрэгжүүлсэн нь  ХАА-н ихэнх нэгдлүүдийн улирлын чанартай санхүүгийн бэрхшээлийг хөнгөвчилж, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд банкны зээллэгжүүлэлтийн энэхүү шинэ журам чухал нөлөө үзүүлсэн.
  • Их барилгын салбарын өрнөлтэй уялдуулж барилга угсралтын санхүүжилтийг боловсронгуй болгох, зээлжүүлэх арга хэлбэрийг өөрчлөх чиглэлээр Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулж, хөрөнгө оруулалтын санхүүжилтын дүрэм, зааврыг шинэчлэлцэж зээлжүүлэлт, санхүүжилтийн томсгосон тооцооны дэвшилтит шинэ журмыг барилгын үйлдвэрлэлийн онцлогтой уялдуулан нэвтрүүлсэн
  • Улс орны эдийн засаг хүндхэн байсан 1991-1995 оны үед Олон улсын банкнаас урьд нь олгогдож байгаагүй Валютын зээлийг Арьс импексийн гутал, хромын үйлдвэр, Говь”, “Эрэл компани зэрэг хөнгөн болон уул уурхайн салбарын үйлдвэр, компаниудад үйлдвэрлэлийнхээ тоног төхөөрөмжийг шинэчилж, үйлдвэрлэлээ өргөтгөхөд зориулан авах урт хугацааны зээлийг хүүг хөнгөлттэйгээр олгуулахаар шийдвэрлүүлсэн зэрэг түүний ажлын үр дүн, санаачилсан ажлууд нь Монголын банк санхүүгийн салбарт яахын аргагүй дурдагдах гавьяатай нэгэн юм.

Т.Батбаярын банк санхүүгийн салбарт оруулсан гавьяа зүтгэлийг үнэлж “Санхүү банкны тэргүүний ажилтан”, Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан цол тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медалиуд, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, 2008 онд Гавъяат эдийн засагч цол тус тус хүртсэн. 2013 онд Эрхүү хотын Байгалийн эдийн засаг, хуулийн улсын их сургуулийн эрдмийн зөвлөл түүнд Хүндэт профессор цол олгосон. Монголын банк санхүүгийн тэргүүний төлөөлөгч, залуу хойч үеийн үлгэр дуурайлал болон ажиллаж байгаад Монголын Банкны Холбооны дээд шагнал “Хаш Эрдэнийн Одон”-гоор шагнахаар шийдвэрлэжээ.

“Банкны хүү” гэж банкаараа овоглогдсон Т.Батбаяр танд Монголын банк санхүүгийн салбарт ажиллаж байсан, ажиллаж буй нийт ажилчин, албан хаагчдын өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил, амьдралд тань өндрөөс өндөр амжилт хүсье.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж