Шилэн дансны тухай хуулийн талаар хэлэлцжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.17-нд нийтлэгдсэн

Шилэн дансны тухай хуулийн талаар хэлэлцжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийг Улсын Их Хурал 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр баталсан билээ.

Энэ хууль 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх бөгөөд хуулийн дагуу улс болон орон нутгийн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн тайлан, дараа оны төсвийн төсөл зэргийг олон нийтэд ил тод мэдээлнэ. Ингэхдээ шилэн дансны нэгдсэн нэг цахим хуудастай байж, хуудсыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн хөтлөх юм.

Шилэн дансны тухай хуульд Засгийн газар цахим хуудсанд тавигдах нийтлэг стандарт, агуулга, мэдээлэл тавих журам, хэлбэрийг тогтоохоор заасны дагуу “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-ыг өчигдөр Засгийн газраас баталлаа.

Журам батлагдсантай холбоотойгоор сургалтын гарын авлагыг бэлтгэж, төсвийн ерөнхийлөн захирагч нарт сургалт явуулах, байгууллага бүр Үндэсний Дата төв УТҮГ-аас гаргасан жишиг шилэн дансны цэсийг өөрийн цахим хуудсандаа холбох, цахим хуудасгүй байгууллагуудын шилэн дансны мэдээллийг шилэн дансны нэгдсэн цахим хуудаст оруулах боломжийг бүрдүүлэх зэрэг ажлыг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор зохион байгуулахыг холбогдох сайд, дарга нарт даалгажээ.

“Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам” нь 8 зүйлээс бүрдэж байгаа бөгөөд 1, 2, 3 дугаар  зүйлд ерөнхий мэдээлэл, баримтлах зарчим болон нэр томъёоны тайлбар, 4, 5, 6 дугаар зүйлээр хууль хэрэгжүүлэх байгууллагын олон нийтэд мэдээллэх мэдээллийн стандарт, агуулгыг тогтоожээ. Энэ хууль хэрэгжсэнээр төсөв, санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангасан эрх зүйн нэгдмэл орчин бүрдэж, татвар төлөгчдийн хөрөнгө болон төрийн өмчийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд захиран зарцуулах байдал тодорхой түвшинд буурна гэж үзэж байна.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж