&#34Би өөрийгөө сул улстөрч болох ёстой гэж боддог&#34

Хуучирсан мэдээ: 2014.12.17-нд нийтлэгдсэн

&#34Би өөрийгөө сул улстөрч болох ёстой гэж боддог&#34

Б.Тэгшжаргал: Би өөрийгөө сул улс төрч болох ёстой гэж боддог…

“Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогч Б.Тэгшжаргал. Тэрбээр цахим нам байгуулах шийдэлтэй төсөлд орж ирсэн. Төслийн “Хорьт” багийн гишүүн.

-Төслийн талаарх өөрийн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Энэ их онцгой төсөл. Улс төрчдийг ТВ төслөөр бэлтгэж болдог эсэхэд эргэлзэх хүн олон бий. Гэхдээ улс төрийн сонирхолтой тодорхой хэмжээнд улс төрждөг жишээ нь надшиг таван жил улс төрчдийг твиттер дээр дагаад үзэл бодлыг нь сонсож ярилцаж яваа хүний хувьд энэ төсөл илүү боломжийг бий болгож өгсөн. Тухайлбал, удирдлагын академийн тусгай хөтөлбөрийн хичээл, улс төрчидтэй тулан уулзаж бодитой мэдээлэл авах гэх мэтээр  улс төр гэж юу байдгийг илүү ойроос харж мэдээлэл авч байна.  Энэ бол улс төрийг яг жинхэнээсээ сонирхдог миний хувьд онцгой үйл явлууд юм. Би үүнийг цэвэр улс төрийн шоу гэж ойлгож улс төржинө гэж бодож орж ирсэн. Гэтэл бүүр илүү өргөн хүрээнд бодит төсөл болон хэрэгжиж байгаад талархалтай яваа.

-Таны төсөлд санал болгосон шийдэл их өвөрмөц буюу улс төрийн цахим нам байгуулах тухай. Жаахан тодруулбал…?

-Энэ бол цахим орчинд суурилсан вертуаль нам. Намын дотоод бүхий л шийдвэрүүд программ хангамжийн тусламжтайгаар хүний оролцоогүй явагдаж дотоод ардчилал, засаглал санхүүгийн болон үйл ажиллагааны нээлттэй байдал зэргийг өөрөө  шийдчихнэ.  Тэгэхээр бусад намаас огт өөрөөр үйл ажиллагаа явуулж Монголын улс төрд цоо шинэ зүйлийг авчрах шийдэл юм. Одоо төсөлд оролцож байгаа залуусаас эхлээд олон дэмжигчтэй болж байна. Ерөнхий санаа, концевц, цаашдын үйл ажиллагаагаа системтэй хөгжүүлэх ажлыг эхлэн хийж байна.

-Хэзээ байгуулах вэ?

-Монголын цахим ардчилал нам магадгүй энэ ондоо багтаад байгуулагдчихна. Програм хангамж талаасаа намын платформ хийгдээд эхэлчихлээ. Гол нь намын дүрмийг програмчилах ёстой. Энэ их эрсдэлтэй онцгой сонин зүйл. Тийм ч учраас өндөр ач холбогдол өгч олон хүнээс үнэт санаа зөвлөгөө авч байна. Монголын цахим ардчилал намын гол зорилго нь оршин тогтнохдоо бус  Монголын улс төрд  өөрчлөлт,  шинэчлэлт авчирч нөлөө үзүүлэх шинэ салхиар үлээх нь чухал. Энэ нам арван жилийн дараа дампуурч, үйл ажиллагаа явуулахаа больчихож магадгүй. Яагаад гэвэл анхнаасаа төлөвлөсөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлж чадахгүй бол олон нийтийн санал асуулгаар буюу намын программ дээр хүмүүс кноп дарахад л дампуурна. Гэх мэт маш олон эрсдэл агуулсан шийдэл хийгдэж байна.

-Төслөөс хамгийн ихээр таалагдаж байгаа зүйл нь юу вэ?

-Шат шатны шагнал сонин сайхан санагдсан. Одоо бид нар гуравдугаар шатанд явж байна. Энэ шатанд тэнцсэн хүн бүр Удирдлагын академийн тусгай хөтөлбөрөөр манлайллын, нийгмийн, нөлөөллийн гэх мэт олон чухал сэдвийг багцалсан хичээл орж байна. Их сонирхолтой шүү.  Дараа нь Америкт сурах, НҮБ-ын ассамблейд оролцох, Харвардад сурах боломжууд бий. Би Монголд  ийм шагналын сантай уралдаан тэмцээн байсныг санахгүй байна. Дээрээс нь юм хийж бүтээе нийгмийг өөрчилье гэсэн 90 залуус нэг анги болж суралцана гэдэг их сайхан хэрэг.

-Танай баг нилээд даацтай төсөл хэрэгжүүлж байгаа. Оролцоо хир байна?

-Бид гурван дэд төсөлтэй багийн гишүүн аль ч төсөл дээрээ ямар ч хүчин чармайлт гаргаж  чанаржуулж хүртээмжийг дээшлүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл оролцоо багийн гишүүн бүрт нээлттэй. Тийм учраас бид хоорондоо өрсөлдөхөөс илүүтэй төслөө сайжруулах гэх мэт чанарын өрсөлдөөн явагдаж байна.

-Зөвлөх багшийнхаа талаар. Рэнцэнгийн Батсайхан бол найруулагч мэргэжилтэй хүн?

-Манай ТВ төслийн маш сонирхолтой нэг зүйл нь багуудад зөвлөх багш ажиллаж байгаа явдал юм. Бидний зөвлөх бол улс төрийн салбарт өндөр авчихсан хүн,  зөвлөгөө нь их тустай авууштай. Зөвлөгөө төдийгүй зүгээр л ярилцахад хүнд зөндөө сайхан мэдээлэл өгч чаддаг тийм хүн.

-Эхний хасалтыг багууд өөрсдөө хийсэн. Энэ тухайд?

-Манай багийн хасалт их органик байдалтай явагдсан. Жишээ нь би хасах хүмүүсээ таныг, таныг сонголоо гээд л шууд хэлсэн.

-Чамд айдас байсан уу?

-Үгүй. Хасагдах нөхцөл байдал үүсээгүй байсан. Харин өөр төрлийн айдас бол байсаан.

-Тодруулбал?

-Миний шийдэл их хурц. Тэгэхээр ерөнхий шүүгчдийн өмнө энэ шийдэл маш эргэлзээтэй санагдаж болох юм. Гэхдээ айж эмээхээс илүүтэй хүлээлттэй байна.

-Ямар ажил эрхэлдэг билээ?

-Би хоёр компанид удирдах ажил хийдэг. Гэхдээ байнгын биш, төслийн ажлууд гэж хэлж болно.

-Твиттерт таван жил улс төрчдийг дагасан гэсэн. Таны үзэл баримтлал гэвэл?

-Би либертари барууны чиглэлтэй үзэлтэй. Твиттерт улстөрчид гэхээсээ илүүтэй улс төржиж чаддаг улс орныхоо төлөө хүчтэй дуугарч чаддаг мянга мянган залуус бий. Ер нь УИХ, Засгийн газрын гишүүдийн дуу хоолой мэдээж хүчтэй. Гэхдээ тэднээс илүү хүчтэй дуугарч анхаарал татаж чаддаг 1000 гаруй хүн бий. Би тэдний жинхэнэ шүтэн бишрэгч дээ.

-Цахим ертөнцийн амьдралын сонин сайхнаас хуваалцаач?

-Би сүүлийн 10 жил цахим ертөнцөд амьдарч байна. Сонирхолтой бас уйтгартай амьдрал. Өдөрт дор хаяж найман цаг компьютерийн ард суудаг. Ажлаа хийгээд компьютьерийн ард суухаас ялгаатай. Зугаацах үзэл бодлоо илэрхийлэх мэдээлэл авах гээд өргөн хүрээтэй тийм л амьдрал.  Би энэ орчны соёл, сайн, муу бүхнийг мэдрэн амьдарч байна. Энэ мэдээж улам цаашлан хөгжиж илүү олон хүнийг хамарна. Олон боломжийг бий болгоно. Тэгэхээр энэ олон боломжийн нэг нь цахим улс төр, цахим засаглал болно гэдэгт би итгэдэг.

-Цахим амьдралдаа санаатай болон санаандгүй алдаа хийж байв уу?

-Алдаа зөндөө, амьдрал гарын авлагатайгаа ирдэггүй гэдэг шиг цахим ертөнц дотор алдах будилах цаг хугацаагаа алдах тохиол зөндөө. Гэхдээ бодит амьдралаас ялгаа байхгүй ялгаа зааг нь улам сарниж саармагжсаар байгаа тийм л орон зай.

-Та нар олны анхаарлыг татах зорилгоор янз бүрийн үйлдэл хийдэг. Энэ нь тийм чухал зүйл үү?

-Цахим орчин их гоё. Маш санамсаргүй байдлаар олны анхааралд орж дэмжлэг авах боломжтой. Эсрэгээрээ бүүр эвгүй байдалд орох нь ч бий.

-Чиний орон зай, байр суурь?

-Би өөрийгөө цахим ертөнцийн од гэж хэлэхгүй. Гэхдээ үүнийг сайн мэддэгтээ баярладаг. Ямар хүмүүс идэвхтэй хэн нь ямар үзэл бодолтой юу боддог ямар хүч нөлөөтэй болохыг андахгүй.  Өнөөдөр 15-16 насны фээсбүүк хэрэглэж байгаа хүүхдүүдийн чадлыг би үнэлнэ. Тэд маш том юмыг хийж чадна. Тэр хүмүүсийн хүч бололцоог мэдэрдэг үүнтэй ямар нэгэн байдлаар өөрийн санаа бодлоо солих холбох юмсан гэж хүсдэг. Үүнийгээ амьдралынхаа хамгийн чухал зүйл гэж ойлгодог.

-Хувь хүн талаасаа өөрийгөө танилцуулаач?

-Эрх чөлөө ардчиллын үнэт зүйлийг амьдралынхаа утга учир болгож явдаг. Миний үнэт зүйл бол ерөөсөө л энэ. Би эрх чөлөөгүй ардчилсан бус дарангуйллын нийгэмд яагаад ч амьдарч чадахгүй  гэдгээ мэдэрдэг. Гэхдээ өнөөгийн эрх чөлөө ардчилал гэдэг бол бат бэх зүйл биш. Бид байнга сахин хамгаалж хөгжүүлж тордож байх шаардлагатай эзмэг зүйл гэж ойлгодог. Эрх чөлөө ардчиллын үнэт зүйлийг хамгаалах үүнийг илэрхийлж амьдрах нь миний амьдралын хэв маяг хэвшил байх ёстой. Энэ бол миний тухай хамгийн өргөн тодорхойлолт.

-Эрдэнэзуу хийдийн хамба ламын уулзалт дээр та уйлж харагдсан. Дотоод сэтгэлийн мэдрэмж байсан уу?

-Яахав дээ, бид нар ажил амьдрал янз бүрийн зорилгодоо түүртээд дотоод мэдрэмж сэтгэл рүүгээ өнгийдөггүй байж болох юм. Гэхдээ хүн болгоны нулимс ойрхон байх шиг санагддаг шүү.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Ганц бие.

-Төслийг аль хүртэл явах вэ?

-Би нэг л юмыг маш сайн мэдэрч байна. Би нилээн хол улс төржинө гэдгээ мэдэрдэг. Амжилттай эсэхийг хэлж мэдэхгүй ч өөрийнхөөрөө  улс төржсөөр байх болно. Төслөөс үл хамааран. Төслийн хувьд Харвардад сурах сонирхол байхгүй. Харвард мөрөөдсөнөөс хань ижилтэй болох нь миний хувьд бодит зүйл. Гэхдээ хол явна гэж бодож орж ирсэн шүү.

-Чи ямархуу улс төрч болох вэ?

-Хүмүүс улс төрийн эрх мэдэлтэй болохоороо маш их аюул, гай тарих боломжтой болдог.  Би өөрийгөө их сул улс төрч болох ёстой гэж боддог. Хүнд гай тарих чадваргүй.

-Тэгээд чадвар чинь юунд зориулагдах ёстой гэж?

-Наад зах нь би төрийн үйл ажиллагааг үлэмж хязгаарлахыг хүсдэг. Энэ бол улсад хүн өөрөө эрх мэдэл хүчийг олж авах сонирхолгүй байна гэдгийг харуулах үзүүлэлт. Харин хүмүүсийн идэвх оролцоог нэмэгдүүлэх нь сул улс төрчийн хийх ёстой ажил. Гэх мэт олон төрлийн хувилбар шийдэл байж  болно.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: www.manlailagch.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж