“Дэд сайдын суудал шиг хэрэггүй зүйл хаана байна аа” гэж сошиал ертөнцөөр нэг шуугиулах ч намуудад бол сайдаас ер дутахгүй үнэ цэнэтэй албан тушаал бололтой.
Дэд сайдыг тодруулах сунгаа сайд нарыг тодруулахаас илүүтэй цаг хугацаа авч, бас маргаан дагуулж эхэллээ. Учир нь МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр орой хуралдаж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдад Б.Тулгыг нэр дэвшүүлсэн бол МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Стратеги академийн дэд захирал Я.Төмөрбаатарыг мөн санал болгоод байна. Ингэснээр аль нам нь тус яаманд дэд сайдаа санал болгох ёстой байсан бэ гэдэг эргэлзээ дагуулж эхэллээ.
МАН-ын зүгээс эл асуудлыг тодруулахад “Зөвшилцлөөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдад МАН гишүүнээ нэр дэвшүүлэхээр ярилцсан. Хөдөлгөөн байхгүй” гэсэн тайлбар хийж буй бол МАХН-ын зүгээс үүнийг няцаалаа.
МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр орой хуралдахын өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус намынхантай утсаар ярьж “Танай намд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дэд сайдыг өгөх боломжгүй болсон. Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдад хүнээ нэр дэвшүүлээрэй” гэсэн байна. Ингээд Гүйцэтгэх товчоо Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайд асан Б.Тулгыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдад нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн” гэсэн тайлбар хийлээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь хоёр дэд сайдтай ажиллах нь уу гэтэл үгүй аж. Харин энэхүү маргаан дунд Эрчим хүчний дэд сайдын суудал “гологдсон тушаал” болж хувираад байна.
Зөвшилцлөөр Ардчилсан нам дөрвөн яаманд дэд сайдыг, МАН долоон яаманд дэд сайдыг, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл гурван дэд сайдыг, ИЗНН-д нэг дэд сайдын суудал хуваарилахаар ярилцсан билээ.
Г.ШАРХҮҮ