Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өсгөлөө, буурууллаа, Монголын томоохон банкуудын зээлжих зэрэглэл өөрчлөгдлөө гэсэн мэдээллүүд ойр ойрхон цацагддаг. Харин дотооддоо компани, аж ахуйн нэгжийн хувьд зээлжих зэрэглэл тогтоодог байгууллага манай улсын хувьд одоогоор огт байхгүй юм. Зээлжих зэрэглэлийн байгууллага тухайн зээлдэгч нь санхүүгийн үүргээ хугацаандаа барагдуулж чадах эсэх төсөөллийг хөрөнгө оруулагчдад хамгийн бодитойгоор өгч чаддаг.
Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооноос зээлжих зэрэглэл тогтоох үйлчилгээг санхүүгийн зах зээлд нэвтрүүлэхэд анхаарч эхэлжээ. Тус хороо маргааш “Зээлжих болон санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох тогтолцоог Монгол Улсад хөгжүүлэх, түүний ач холбогдол” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах юм байна. Хэлэлцүүлэгт Монголбанк, Сангийн яам зэрэг төрийн байгууллагууд, МҮХАҮТ, Монголын Хөрөнгийн бирж, арилжааны банкууд, үнэт цаас, даатгалын компаниуд, банк бус санхүүгийн байгууллагууд, аудит, санхүүгийн зах зээл дэх мэргэжлийн холбоод, групп компаниудын удирдлагууд оролцоно. Тэдгээр хүмүүс зээлжих зэрэглэл тогтоох үйлчилгээний ач холбогдол, олон улсын туршлага, Монгол Улсын санхүүгийн зах зээлд хэрхэн нэвтрүүлж, хөгжүүлэх, цаашдын үр бүтээлтэй хамтын ажиллагааны талаар санал солилцох юм.
Д.ЦЭЭНЭ