Гацууртын ордыг стратегийн ордод хамруулна

Хуучирсан мэдээ: 2014.12.16-нд нийтлэгдсэн

Гацууртын ордыг стратегийн ордод хамруулна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах асуудлыг хэлэлцэн олонхийн саналаар “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. 

Тус ордод үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг “Сентерра гоулд” компани эзэмшдэг байна. Уул уурхайн сайд Р.Жигжидийн хэлснээр бол “Сентерра гоулд” компани ордыг стратегийн ордод хамруулах хүсэлтээ гаргасан юм байна. Гэхдээ хэдэн хувийг төрд эзэмшүүлэх вэ гэдэг тодорхойгүй аж. Тус орд 50 тонн алтны нөөцтэй юм байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Хуулийн төслийг дутуу дулимаг боловсруулж УИХ-д оруулж ирлээ. Төрийн оролцоо, өмчлөлийн хувьд ямар байх вэ гэдэг тодорхойгүй байна. Дээр нь ашигт малтмалын лиценз эзэмшигч нь хүсэлтээ гаргавал стратегийн ордод хамруулаад байх юмуу, төр энэ асуудалд ямар бодлого барьж ажиллах юм. Мөн Урт нэртэй хуулийн хүрээнд Гачууртын ордыг ашиглах боломжгүй болсон учраас стратегийн ордод хамруулах гарц хайжээ гэж ойлгогдоод байна. Энэ бүхэнд хариулт өгөөч” гэсэн юм.

Уул уурхайн сайдын хариултаас үзвэл Урт нэртэй хуулийн хүрээнд Гацууртын ордыг ашиглах боломжгүй болжээ. Гэтэл нинжа нар дээрх газарт олборлолт явуулж байгаль орчныг ихээр сүйтгэсэн тул нөхөн сэргээлтийг дуусгах зарчим барихаар шийдэж, эзэмшигч компаниар нь ашиглуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Нөгөө талдаа эдийн засаг хүнд үед дээрх алтыг ашиглавал тустай гэж үзжээ.

Санал хэлэх шатанд УИХ-ын нэр бүхий гишүүд “50 тонн алтыг ашиглахын тулд ордыг стратегийн ордод хамруулаач ээ” гэдэг тэнэг хөрөнгө оруулагч дэлхийд байхгүй. Цаанаа ямар нэг албадлага байгаагаас арга буюу ийм арга зам сонгосон байж болзошгүй. Энэ нь эргээд хөрөнгө оруулагч нарыг дуудах бус бүр үргээх юм руу орчих вий гэдэг болгоомжлол байгаагаа хэллээ. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Стратегийн ордод хамруулаач гэдгийн цаана аймаар зэвүүн далд утга санаа байна” гэж ёжилсон юм.

Эл асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байж, стратегийн ордод хамруулах эсэхийг эцэслэх юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж