Хотын орлогчдоос хэнийг явуулах вэ?

Хуучирсан мэдээ: 2014.12.16-нд нийтлэгдсэн

Хотын орлогчдоос хэнийг явуулах вэ?

Улстөрийн намууд дэд сайд нараа сонгох сунгааг эхлүүлж, хөл хөдөлгөөн ихтэй байгаа бол шинэ он гарахаас урьтаж Улаанбаатар хот зургаан орлогчоосоо хоёрыг нь үлдээж, дөрвийг явуулахаар бужигнаж эхэлжээ.

Өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд хотын дарга зургаан орлогчтой ажиллаж ирсэн ч УИХ-аас төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх шийдвэрийг гаргасан учраас дөрвөн орлогчоо цомхотгохоос аргагүй болсон юм. Энэ асуудлыг шийдэхийн тулд ойрын хугацаанд Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, хотын орлогч нарыг шигшихээр ярилцсан гэх мэдээлэл байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нь зургаан орлогчтой. Тодруулбал, Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогчоор Нийслэлийн Ардчилсан намын тэргүүн дэд дарга Н.Батаа, Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор Н.Гантөмөр ажилладаг юм. Ардаа хоёулаа фракцитай аж. Н.Батаа нь УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн удирддаг “Шонхор” фракцийн төлөөлөл бол Н.Гантөмөр нь МоАХ фракцийнх аж. Н.Батаагийн гарт Улаанбаатар хотын санхүү төвлөрдөг нь УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн нөлөө байсантай холбоотой гэж хэлэх хүн цөөнгүй байна. Эдийн засаг хүндэрсэн үед санхүүгийн гол хүнээ явуулчихвал хот хэцүүдэх тул цомхотголд оруулахгүй аваад үлдэх магадлалтай юм байна. 

Н.Гантөмөр орлогчийн хувьд МоАХ фракцийнх аж. Орлогчууд дотроо “улстөрийн найраа”-ндаа тун гаргуун тул цомхотгол өртөхгүйн тулд тэмцэх хүний нэг аж.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал хариуцсан орлогч Ц.Буяндалай мөн л МоАХ фракцийнх юм байна. Н.Гантөмөр орлогчтой харьцуулахад улстөрийн тоглолт муутай мөрөөрөө нэгэн аж.

МоАХ фракцийг төлөөлөн Улаанбаатар хотын удирдлагыг орлодог гурав дахь төлөөлөл бол Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл юм байна. НИТХ-ын Ёс зүйн дэд хорооны даргын алба давхар хашдагаараа “Давхар дээлтэн” хэмээн тодорхойлж болно. Фракциас нэг төлөөлөл үлдээнэ гэж үзвэл явах хүний нэрсэд тэр бичигдэж мэдэшгүй юм байна.

Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнийн хувьд “Алтан гадас- фракцийнх аж. Хотын даргатай таарамж муутай байдаг нь фракциасаа болдог ч байж мэдэх аж. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай ойрын харилцаатай байсан гэдгээрээ хамгийн тэргүүнд цомхотголд өртөх бололтой.

Мөн түүний араас Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатыг явуулж мэдэх аж. Уг нь ажил хариуцуулчихад тун итгэлтэй яс хийчихдэг ч эдийн засаг хямарч байхад хотын удирдлага зургаан орлогчтой ажиллах нь муухай харагдах тул хайр найргүй цомхотгохоос аргагүй болжээ.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж