“Засгийн газрын өр 2.7 их наяд төгрөгт хүрнэ”

Хуучирсан мэдээ: 2014.12.16-нд нийтлэгдсэн

“Засгийн газрын өр 2.7 их наяд төгрөгт хүрнэ”

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо үдээс хойш хуралдаж 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ. Байнгын хорооны гишүүдийн олонх нь бонд босгох тухай, төсвийн орлогыг бүрдүүлэх тухай байлаа. Сангийн сайд Ж.Эрдэнэбатын хэлснээр  2014 оны төсвийн тухай хуулийг батлахдаа  он дамжин  шилжих үлдэгдлээ 1.4 их наяд төгрөг байхаар баталсны дагуу үлдэгдлээ тооцох төлөвлөгөөтэй байгаа аж. Харин 2.4 их наяд төгрөг нь Засгийн газрын дотоод бондын  нийт   үлдэгдэл  хэмжээ юм байна.  Цаашдаа нэмж бонд гаргавал Засгийн газрын дотоод өрийн үлдэгдэл 2.7 их наяд  төгрөгт хүрнэ.  Иргэдэд арилжаалсан  нь нийт бондын 5 хүрэхгүй  хувийг эзэлж байгаа бол ихэнх нь арилжааны банкуудад очжээ. Иргэдийн хадгаламж өсч байгаа нь бизнес эрхлэх  сонирхол бага болсонтой холбоотой гэж  үзжээ. Тиймээс  энэ асуудлыг судлах шаардлагатай гэж үзжээ. Өөрөөр хэлбэл нөлөөлөл нь төрийн дарамтаас шалтгаалж байгаа эсэхийг судлах юм байна. Мөнгө хадгаламжинд байршиж, Эдийн засгийн эргэлтэнд  орохгүй байх нь сайн зүйл биш  гэдгийг салбарын сайд санууллаа.  Мөн гишүүдийн зүгээс  орон тоог цомхотгосноор  орон сууцны  найман хувийн зээлийн төлөлт  багасах уу гэх асуулт тавьсан. Энэ асуултад  Сангийн сайд  орон сууцны зээлийн эргэн төлөлт бусад зээлээс харьцангуй өндөр байдаг ч  яамдын орон тоог 15 хувиар багасгахаар  сөргөөр нөлөөлж болзошгүй гэнэ.

Гишүүдийн асуултанд хариулсны дараа УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл  Эдийн засгийн  байнгын хорооны хурлын үеэр гарсан саналыг ажил хэрэг болгож, цаашдаа авч хэрэгжүүлэх арга хэмжээндээ тусгаж байх санал оруулсныг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан гишүүн дэмжлээ. Тэрбээр  Эдийн засгийн  байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдааныг хуралдуулж эдийн засгийн  нөхцөл байдлын талаарх тоон мэдээллийг нэгтгэх шаардлагатай гэсэн юм. Эдгээр саналыг Даргын  зөвлөлийн хуралдаанаар оруулах юм байна.   Ингээд  2014 оны төсвийн тодотголтой холбоотой зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Одоо үргэлжлүүлэн Гацууртын ордыг Сратегийн ач холбогдолтой ордод оруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж